Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ сарын 25-нд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдсан “Нэг бүс, нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форумын “Орон нутгийн хамтын ажиллагаа” салбар хуралдаанд оролцов. Хуралдааны үеэр Хятадын Үндэсний хурлын танхимд Бээжин хотын дарга Чень Жинэнтэй уулзаж, хоёр хотын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцлоо.
Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт хөгжиж байгааг хотын дарга С.Амарсайхан дурьдаад, нийслэл хотуудын хамтын ажиллагаа нь хоёр улсын найрамдалт харилцааг өргөжүүлэх, ард иргэдийн анд нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй болохыг онцлов. Бээжин хотын дарга Чень Жинэн Бээжин хотынхоо хөгжлийн шинэ төлөвлөлтийг орчин үеийн технологийн ололт, инновацитай хослуулан дэлхийд жишиг болгохоор зорьж буйгаа дурьджээ. Цаашид талууд хот төлөвлөлт, эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, соёл, урлаг, хүмүүнлэгийн болоод хотод нэн хэрэгцээтэй нарийн мэргэжлийн боловсон хүчнийг давтан сургах, чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, Улаанбаатар, Бээжин хотууд Ах, дүү хотуудын хэлэлцээрт гарын үсэг зурсны таван жилийн ой тохиож буй. Энэхүү түүхт ойн хүрээнд хоёр улсын ард иргэдийн нөхөрлөлийг бэхжүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэх зорилгоор ирэх долдугаар сард “Бээжин хотын соёлын өдрүүд” арга хэмжээг Улаанбаатарт зохион байгуулахаар болжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ