Марш тактикийн тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.05.15-нд нийтлэгдсэн

Марш тактикийн тэмцээн эхэллээ

Зэвсэгт хүчний марш, тактикийн аварга салаа, тасаг, оны мэргэжлийн аварга офицер, ахлагч шалгаруулах тэмцээн жил бүр болдог уламжлалтай. Энэ жилийн тэмцээний нээлт өнөөдөр Зэвсэгт хүчний 311 ангид боллоо.Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н.Энхболд, ЗХЖШ-ын  дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ-ны Стратегийн бодлогын төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр болон ЗХЖШ-ын газрын дарга, бригадын генерал Д.Даваа, Зэвсэгт хүчний Ерөнхий цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат тэргүүтэй батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлагууд оролцлоо. 

Цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг сорьсон марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд Зэвсэгт хүчний 26 анги, байгууллагын 900 гаруй цэргийн алба хаагчид оролцож байна. Тэмцээнд оролцогчдын багагүй хувийг эмэгтэй цэргийн албан хаагчид эзэлж байна. Энэ жилийн марш тактикийн тэмцээний онцлог нь оны мэргэжлийн аварга ахлагчийн төрлийг  шинээр бий болгосон, офицеруудын онолын мэдлэгийн төвшинг дээшлүүлэхэд ач холбогдол өгч, тасгийн захирагч нарын оролцоог нэмэгдүүлсэн, хяналтын төхөөрөмжийг нэвтрүүлсэн  явдал гэдгийг салбарынхан онцолж байна.

Нөгөө талаас тэмцээний зохион байгуулалт сайжирч, шүүлт хийх шинэ технологи нэвтрүүлсэн нь марш тактикийн тэмцээнд оролцогчдын идэвхи, чармайлт, баг тамирчдын амжилтад эерэгээр нөлөөлөх чухал хүчин зүйл болно гэж үзэж буй.  Энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад  Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш тактикийн тэмцээнд Зэвсэгт хүчнээ төлөөлөн оролцох хариуцлагатай үүрэг  оногдоно.  Хэдийгээр жил бүр энэ тэмцээнд нийслэлийн болон орон нутаг дахь зэвсэгт хүчний бүх ангийнхан оролцдог байсан ч энэ жилийн тэмцээнд орон нутгийн ангиуд оролцож чадахгүй болсон нь төсвийн хүндрэлээс шалтгаалсан гэдгийг тэмцээн зохион байгуулагчид хэллээ.

С.СҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж