Авто замын 20 төсөл санхүүжилт авчээ

Хуучирсан мэдээ: 2015.05.15-нд нийтлэгдсэн

Авто замын 20 төсөл санхүүжилт авчээ

Зам тээврийн салбарт он дамжин хэрэгжиж байгаа томоохон төслүүд дөрөвдүгээр сараас барилгын ажлаа эхлүүлээд байна. Замын төслүүдийг улсын, Концессын, Хөгжлийн банкны гэсэн гурван гол эх үүсвэрээс санхүүжүүлж ирсэн бөгөөд Хөгжлийн банкны эх үүсвэрээр 2013 онд 881 км авто зам ашиглалтад оруулсан ба 2014 онд 632.6 км-ийг нэмж ашиглалтад оруулахаар ажиллажээ. Ийнхүү нийт 2010.7 км урт авто замын төсөл Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа талаар тус банкнаас  мэдээллээ.

Дөрөвдүгээр сарын гүйцэтгэлийн мэдээгээр 20 орчим чиглэлийн замын төсөл, их засварын хоёр ажил 2015 оны санхүүжилтээ аваад байна. Үүнээс аймгийн төвийг нийслэлтэй холбох чиглэлд хамаарах Цахир-Тосонцэнгэлийн 127.1 км авто замын төсөл нийт 62.9 тэрбум төгрөгөөр хэрэгжиж байгаа бөгөөд Хөгжлийн банкнаас хамгийн их хэмжээний буюу 3.4 тэрбум төгрөгийг энэ оны төсвөөсөө хүлээн аваад байна. "Хурдны зам" компанийн барьж байгаа энэхүү замын талбайд хөрс хуулалт 100 хувь, суурийн ажил 18 хувь, хучилтын ажил 9 хувь нь хийгдсэн байна. Их засварын хувьд энэ онд хийгдэх Улаанбаатар- Дарханы замын санхүүжилт олгогдоогүй байгаа ч Улаанбаатар-Зуунмод чиглэлийн 18.4 км замын засвар, арчлалтад 452.8 сая төгрөг буюу энэ оны төсвийнх нь 89 хувийг олгожээ. Харин Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замыг 38.6 тэрбум төгрөгийн гэрээний дүнгээр "Насны зам" компани хэрэгжүүлж байсан ч 73 хувийн гүйцэтгэлтэйгээр гэрээ цуцлагдаж, одоогоор шинэ гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил хийгдэж байгаа талаар Хөгжлийн банкнаас мэдээллээ. Дорнод аймгийг нийслэлтэй холбосноор Мянганы замын хэвтээ тэнхлэг, Азийн авто замын сүлжээний зүүн чиглэл өргөжиж, Монгол Улсын зүүн хязгаар хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдох нөхцөл бүрдэх ажээ.

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж