"Зүүнбаян-Сайншандын төмөр замаар эцсийн бүтээгдэхүүн экспортолно"

Хуучирсан мэдээ: 2019.04.29-нд нийтлэгдсэн

"Зүүнбаян-Сайншандын төмөр замаар эцсийн бүтээгдэхүүн экспортолно"

"Зүүнбаян-Сайншандын төмөр замаар эцсийн бүтээгдэхүүн экспортолно"

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани энэ оны эхний улирлын үйл ажиллагааны талаар өнөөдөр /2019.4.29/ мэдээлэл хийлээ.


Тус компани эхний улиралд 4.2 сая тонн нүүрс олборлож, 2.4 сая тонн нүүрс экспортолсон байна. Мөн борлуулалтын орлого 741 тэрбум төгрөгт хүрч, улсын төсөвт 193.5 тэрбум төгрөг төвлөрүүлж, 304 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Харин 2018 оны жилийн эцэст 11 сая тонн нүүрс олборлож, 13 сая тонн нүүрс экспортлон, 1.99 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, 807.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай байжээ. Мөн улсын төсөвт 478.8 тэрбум төгрөг төвлөрүүлж, улсын эдийн засагт 1.16 их наяд төгрөгийн хувь нэмэр оруулж, Дотоодын нийт бүтээгдэхүүний зургаан хувийг дангаараа бүрдүүлжээ.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2018 оны цэвэр ашгаар дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүд, тухайлбал Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, Конвейрийн систем, Хими технологийн үйлдвэр, Цахилгаан станц зэрэг төслүүдийн анхны хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ.

Томоохон төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэхтэй холбоотойгоор компани төсөвтөө тодотгол хийж, оффисын барилга, автомашин, компьютер тоног төхөөрөмж худалдан авах зэрэг хөрөнгө оруулалтын зардлуудаа 400 гаруй тэрбум төгрөгөөр бууруулах шийдвэрийг гаргасан байна.

Түүнчлэн УИХ, Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу олон улсад IPO гаргах бэлтгэл эрчимтэй хийж байгаа бөгөөд Тендерийн хуультай холбоотойгоор олон улсын зөвлөх шалгаруулж авах зарим ажил түр хойшлогдсон ч мэдээллийн нэгдсэн бааз үүсгэх, бичиг баримт боловсруулалт, гүйцэтгэлийн бусад ажлууд өндөр хувьтай байгаа ажээ.

Тодруулбал, компьютер тоног төхөөрөмж авах төлөвлөгөөнөөс 4.5 тэрбум, машин тоног, төхөөрөмжид зарцуулахаас 78.2 тэрбум, IPO зөвлөх үйлчилгээний төсвөөс 232.9 тэрбум, барилга байгууламжид зарцуулах мөнгөнөөс 47.5 тэрбум төгрөг, программ хангамжаас 34.4 тэрбум төгрөг танажээ.

Мөн одоогоор тус компани жилд 15 сая тонн нүүрс олборлож байгаа бөгөөд үүнийг 35 сая тоннд хүргэх аж. Мөн нүүрс боловсруулах үйлдвэрээс гарах бүтээгдэхүүнийг 30 сая тоннд хүргэх юм байна.

Ингэж томоохон төслүүдийг хэрэгжүүлснээр дөрвөн жилийн дотор компанийн борлуулалтын орлого 2.1 тэрбум ам.доллар хүрч, компанийн цэвэр ашиг 957 сая ам.доллар, 564 сая ам.долларын татварыг улсад, ногдол ашигт 800 сая ам.доллар төвлөрүүлэх юм байна. Мөн үүнийг дагалдаад 200-300 мянган ажлын байр бий болох аж. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой”-г түшиглэсэн Эрдэнэт шиг суурьшлын бүс байгуулах ажлыг 2019 онд эхлүүлнэ, мөн энэ онд компанийн 30 хувийг IPO  хэлбэрээр олон улсын зах зээлд гаргана гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал онцоллоо.

Б.ГАНХУЯГ: ЗҮҮНБАЯН-САЙНШАНДЫН ТӨМӨР ЗАМААР ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТОЛНО

Хурлын үеэр сэтгүүлчид “Эрдэнэс Тавантогой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас дараах асуултад хариулт авлаа.

-Хувьцааг ногдол ашиг болгон тараалгүйгээр төмөр зам барих зэрэг томоохон ажилд зарцуулж болох уу?

-ТУЗ-өөс шийдвэр гаргаж, 2018 онд ногдол ашиг хуваарилалгүйгээр цэвэр ашгийг дэд бүтцийн томоохон хөтөлбөрт зарцуулахаар болсон. Үүнд Тавантолгой-Гашуун сухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам багтаж байгаа. Монгол Улс нүүрсээ түүхийгээр нь экспортлох бус эцсийн бүтээгдэхүүн болгоод экспортлох зорилго тавьсан. Бид Зүүнбаян-Сайншанд  чиглэлийн төмөр замаар эцсийн бүтээгдэхүүн гаргах зорилго тавьсан. Энд усны асуудал хүнд байдаг тул кокс, химийн үйлдвэр байгуулах шаардлагатай. Коксын үйлдвэрээр дамжуулж жилд 10 сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулах юм. Ингэснээр нүүрснээс олж буй орлого 4-4.5 дахин өсөх боломжтой.

-Энэ онд Эрдэнэт шиг хот байгуулна гэж байна. Хот байгуулахад хэр хэмжээний өртөг зарцуулах вэ?

-Тавантолгойн бүлэг ордыг хөгжүүлэх ТЭЗҮ-г  1983-1985 онд ОХУ-ын институт боловсруулсан байсан. Уг ТЭЗҮ-гээр 50 мянган хүн амд зориулсан хот байгуулах төлөвлөгөө бий. Гэхдээ одоогийн шинэчилсэн ТЭЗҮ-гээр 100 мянган хүн амын суурьшлын бүс болгохоор болсон. Учир нь, зөвхөн Цогтцэций сум гэхэд 20 мянган хүнтэй, төмөр зам, цахилгаан станц гээд зэрэг байгууламжид ажиллах хүн нь 15 мянгаас 21 мянгад хүрч байгаа. Үүнийг тооцвол 100 мянган хүнтэй суурьшлын бүс байх шаардлага тулгарч байгаа.

-Байр зэрэг тансаг хэрэглээнд зарцуулах хөрөнгөө танасан юм байна. Харин маркетингт 300 тэрбум төгрөг заруулах гэж байна гэсэн мэдээлэл тарсан. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Манай компанийн байрлаж буй байр нь түрээсийнх.  Түрээсэнд 6.8 тэрбум төгрөг зарцуулаад байна. Аливаа орны стратегийн компани А бүсэд маш том байртай байдаг. 2.5 сая хувьцаа эзэмшигчтэй “Эрдэнэс Тавантолгой” компани түрээсийн байранд байна гэдэг нь байж боломгүй зүйл. Өөрийн байртай болохыг тансаг хэрэглээ гэж ойлгож болохгүй. Мөн 302 тэрбум төгрөг борлуулалт маркетингт  зарцуулахаар болсон гэж яригдаж байгаа. Энэ нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр шүү. Үүнийг татвар гээд ойлгочих. Түүнээс биш маркетингт зарцуулж байгаа зүйл биш.

-Ирэх сараас эхлэн хотод түүхий нүүрс оруулж ирэхийг хориглож, оронд нь сайжруулсан түлш оруулахаар болсон. Сайжруулсан түлшний хэрэглээг бүрэн хангаж чадах уу?

-Компани нийгмийн хариуцлагын хүрээнд “Тавантолгойн түлш” компанийг санхүүжүүлж, үйл ажиллагааг нь дэмжиж байгаа. Анх жилд 600 мянган тонн түлш үйлдвэрлэхээр төлөвлөж байсан ч эрсдэлийг тооцоод 800 мянган тонн түлш үйлдвэрлэхээр ажиллаж байгаа. Одоогоор Тавантолгойгоос нүүрсийг зөөж байгаа ч тавдугаар сарын 15-наас эхлэн сайжруулсан түлшийг Улаанбаатарт нийлүүлэх юм. Энэ ажил төлөвлөгөөний дагуу 90 орчим хувьтай яваа. Утаагүй түлш буюу сайжруулсан түлш нийлүүлснээр 2019-2020 онд Улаанбаатар хотын утаа 50-60 хувь багасна. Өмнөх түлштэй харьцуулах зүйл байхгүй. Тавантолгойн нүүрс нь маш өндөр зэрэглэлийн коксжих чанартай нүүрс. Утаа маш бага гардаг. Сайжруулсан түлшний эхний 10-15 минутад л бага зэргийн утаа гарна. Хүний биед хоргүй гэдгийг 24 шинжилгээгээр БНСУ, БНХАУ, японы эрдэмтэд тогтоосон байсан.

-Иргэдэд хэзээ 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг олгох вэ?

-Ногдол ашиг нь ТУЗ-ийн шийдвэрлэх асуудал буюу 85 хувийг эзэмшиж байгаа хүмүүсийн шийдвэрлэх асуудал. Иргэдээс санал асуулга явуулахад ногдол ашгийг энэ жил хуваарилалгүйгээр бүтээн байгуулалтад зарцуулах нь зүйтэй гэж үзсэн.

-Энэ жил ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?

-2019 онд борлуулалтаар 2.1 их наяд төгрөг, улсын төсөвт 516 тэрбум төгрөг төвлөрүүлэх үүрэгтэй. Үүнээс 193 тэрбумыг нь төвлөрүүлээд байна. ТЭЗҮ-ийн хувьд 2019 онд нүүрс баяжуулах үйлдвэр, төмөр зам, авто замд хөрөнгө оруулалтаа хийгээд эхэлсэн. Энэ ажил нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ 20 сая байсныг 30 сая болгосон. Энэ онд ТЭЗҮ-г шинэчлэх ажил орсон байгаа. Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замд 700 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно. Тавантолгой-Гашуун сухайтын төмөр замд 7.7 тэрбум төгрөгийг эхний ээлжид зарцуулна. Үүнд ТЭЗҮ-г шинэчлэх ажил багтаж байгаа. Одоогоор ажил 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Зүүнбаянгийн төмөр зам дээр ТЭЗҮ-гийн гурван үндэслэл байгаа. Монголын төмөр зам компани ажлыг нь хариуцан үргэлжлүүлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж