"Иргэд дур мэдэж дэд бүтэцгүй газар буучхаад цахилгаан нэхдэг"

Хуучирсан мэдээ: 2019.04.29-нд нийтлэгдсэн

"Иргэд дур мэдэж дэд бүтэцгүй газар буучхаад цахилгаан нэхдэг"

"Иргэд дур мэдэж дэд бүтэцгүй газар буучхаад цахилгаан нэхдэг"

Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газраас өнөөдөр /2019.04.29/ мэдээлэл хийв. Тус газраас маргааш Геодези зураг зүйн салбарын удирдах ажилтны II зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгуулна гэдгийг албан ёсоор мэдэгдэж, газар эзэмшигчдийн бүх мэдээллийг ил тод болгож байгааг тодотгов.

Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газрын дарга А.Батбаяр, Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун нар болон бусад холбогдох албаны хүмүүсийн мэдээлснээр тус газарт 2018 онд улсын хэмжээнд нийт 1.091.873 иргэн, аж ахуй нэгж байгууллага 6.9 сая га газрыг эзэмшжээ. Энэ нь өмнөх оныхоос нийт 55.756 –аар өссөн үзүүлэлт аж. Энэ онд  нийт өмчлүүлэх газрын 99.5 хувь нь Монгол Улсын иргэдэд үнэгүй өмчлүүлэх, 0.50 хувь нь аж ахуйн зориулалтаар эзэмшүүлэх газар байна. Энэ талаар Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун “Нийслэлийн газар зохион байгуулах хэлтсээс тухайн жил хийгдэх ажил, иргэдэд газар өмчлүүлэх байршлыг тодорхойлдог. Энэ жилийн хувьд өмнө нь газар өмчлөл 89 хувьтай боловч шинээр газар эзэмшүүлэх асуудал маш багаар тусгагдсан  Учир нь дэд бүтэц хөгжөөгүй, тог цахилгаангүй, зам, суурин газарт биш учраас бид шууд төлөвлөх боломжгүй. Өмнө нь цахимаар өмчилсөн газарт нэг ч иргэн амьдраагүй байгаа нь үүнтэй холбоотой. Хүний амьдрах орчны шаардлага, зайлшгүй хэрэгцээг хангахгүй байна гэсэн үг. Одоогоор эзэмшил газартаа амьдарч буй иргэд 11 хувийг л эзэлж байна” гэлээ.

Тус газраас өнгөрсөн жил иргэдэд давхардуулан газар олгож байх чиглэлд анхаарч, тоон гарын үсгийг нэвтрүүлсэн байна.

Газрын төлбөрийн тухай хуулийн 182 дугаар тогтоолын дагуу газрын суурь үнэд өөрчлөлт орсны дагуу төвийн бүсэд газрын үнэ өссөн бол захын дүүргүүд рүү хямд үнэтэй байгааг дуулгав. Мөн иргэд www.Egazar.gov.mn цахим хуудсаар газар эзэмших, ашиглах, өмчлөх болон газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй танилцаж, мэдээлэл авах боломжтой.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Болорчулуунаас дараах зүйлийг тодрууллаа.

-Монгол Улсын иргэн нэг удаа үнэ төлбөргүй газар эзэмших эрхтэй ч үүнийг хүн бүр эдэлж чадахгүй байх шиг. Цахимаар газар өмчилж буй иргэдийн дийлэнхэд  дэд бүтцэд холбогдоогүй газар ногдож байна. Цаашид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Нийслэлд  гэр хорооллын 235 мянган иргэн байна. Одоогоор газар өмчлөл 89 хувьтай байгаа юм. Улаанбаатар хотын 1.5 сая иргэний тухайд газар өмчлөлийн хувь маш бага. Газар өмчлөлийн тухай хуульд Улаанбаатар хотын иргэн Монгол Улсын аль ч нутаг дэвсгэрт нэг удаа газар үнэгүй өмчлөх эрхтэй гэж заагдсан. Цахимаар газар өмчилж буй иргэдийн дийлэнх нь дэд бүтцэд холбогдоогүй газар эзэмшиж, тэнд амьдрах орчин нөхцөл бүрдээгүй нь үнэн. Тиймээс Улаанбаатар хоттой ойролцоох хот суурин газар болох зам хооронд газар төлөвлөлтийг хийх тухай Газар зохион байгуулалт , Геодези зураг зүйн газартай хамтран ажиллаж, судалгааг хийж эхэлсэн.

-Иргэдийн зүгээс ихэвчлэн ямар гомдол, мэдээллийг ирүүлж байна. Газрын харилцааны өдрийг угтан нийслэлийн хэмжээнд газрын харилцааны асуудалд ямар шийдлүүдийг хийх вэ?

-Иргэд дураараа дэд бүтэцгүй газарт буучхаад  тог цахилгаан алга, төрийн үйлчилгээ хүрэхгүй байна гэх асуудлаар гомдол гаргадаг. Хоёр жилийн өмнөөс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр суурьшлын бүсийг тогтоосон. Энэ бүсэд хамаарсан орц, гарц, газрын зөрчил, маргааныг бид тухай бүрт нь шийдвэрлэж байгаа.

-Зөвшөөрөлгүй буусан айлууд газраа хүнд дамлан зарах асуудал гарахгүй байхыг үгүйсгэхгүй. Үүнд ямар хяналт тавьж ажилладаг вэ?

Гэр хороолол, зуслан гэсэн хоёр бүст энэ асуудал яригддаг. Газрын тухай хуулийн дагуу 0.07 хүртэлх га газрыг иргэдэд олгох боломж нь байдаг. Бусад зориулалтын газрыг дуудлага худалдаагаар олгодог. Хууль зөрчиж өндөр хүчдэлийн хамгаалалтын бүс, үерийн аманд буусан айл байдаг. Эдгээр айлд газар эзэмших, өмчлөх эрх олгодоггүй учраас цаашид зарж борлуулах боломжгүй, бид нүүлгэх албан шаардлагуудыг тухай бүрт нь хүргэдэг. Тиймээс бичиг баримтгүйгээр иргэдэд худалдаж болохгүй. Үүнийг газар худалдан авч буй хүмүүс ч бас анхаарах хэрэгтэй. Ийм айлуудын тоон мэдээллийн хувьд есөн дүүргийн хэмжээнд нэлээн өндөр үзүүлэлттэй байна. Ер нь сүүлийн жилүүдээс иргэд дураараа газар буух асуудал цөөрч байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж