Улсын Дээд шүүхийн улс төрийн намуудын бүртгэлд хамгийн сүүлд Гэр хорооллын хөгжлийн нам 31 дэхээр бүртгүүлсэн бөгөөд Монголын улс төрд гол тоглогчид нь яах аргагүй Ардчилсан нам болон Монгол ардын нам. Өнгөрсөн 29 жилийн хугацаанд аль аль нь туг ч барьж, тугал ч хариулж яваа.
Нэг нь 2021 онд 100 жилээ, нөгөө нь 2020 онд 30 жилээ тэмдэглэнэ. Нэг нь УИХ-д 64 суудалтай үнэмлэхүй олонх, нэмээд нөгөө намаас нь нэр дэвшин сонгогдсон Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй бол нөгөө нь 9 суудалтай байснаа хоёр гишүүнээ эрх баригчдад “алдаж”, өдгөө зөвлөлийн хэмжээнд хүрсэн. Нэг нь ардчиллыг, нөгөө нь ард түмнийг "автор"-оо болгосон улаан ба цэнхрүүдийн ялгарал нь өнөөдрийн хувьд юу вэ! Энэ асуудалд хариулахын тулд энгийн ялгарлуудыг тоочьё.
УИХ-ын сонгуулийн дараагаас ялсан МАН-д болон ялагдсан АН-д шинэчлэлт өөрчлөлт, шилжилт хөдөлгөөн өрнөсөн. Ардчилсан нам бүх гишүүдийн оролцоотойгоор намын дарга, удирдлагаа сонгодог, фракцийн зөрчлөөс ангид байхаа зарласан бол МАН-ын фракцын зөрчил нь Монголын төрийг хоёр хуваасан.
Үндсэндээ Ардчилсан нам бодлогын болохыг чармайж буй бол МАН даргын нам болж өөрчлөгдөж буй. МАН, АН-д өрнөсөн үзэл бодол болон хүндийн хүчний хуваарилалт дахь нэг дэх ялгаа нь энэ.
Өмнө нь МАН, АН-д улаан цэнхэр өнгөнөөс өөрөөр ялгарал үгүй байсан бол өнөөдөр үзэл бодол, үзэл баримтлалын асар их ялгаа ажиглагдах болжээ.
Өөрөөр хэлбэл, МАН-ын сүүлийн үеийн байр байдал, АН-ын бодлогыг харьцуулж харах юм бол үнэмлэхүй олонх өөрсдөдөө хэт эрдсэн, бардсан улс төр хийх болсон бол сөрөг хүчин эсрэгээрээ соёл харуулсан хандлага илэрхийлэх болсон байна. Үүний хамгийн сүүлийн жишээ бол НИТХ дэх АН-ын бүлгээс явуулсан цэцэгтэй акц.
Туулын бургасыг хядсан хотын даргын эсрэг цэцэгтэй эсэргүүцэл илэрхийлсэн АН-ын акц топ харагдаж, С.Амарсайхан даргын гудамжинд боов идсэн шигээ пи-ар поп байсан. Асуудалд хандах АН, МАН-ын хоёр дахь ялгарал энэ.
Өнгөрсөн өвөл эрх баригчид эрх баригчдынхаа эсрэг жагсаал хийж, Монголын парламентын үйл ажиллагааг бүтэн 40 хоног гацаасан. Тэр үед АН-ынхан Монголын төр ажлаа хийхийг, эрх баригчид М.Энхболдыг огцруулахыг шаардсан. Эрх мэдэл, албан тушаалаа ашиглан, тэгш хүртээмжтэйгээр ЖДҮХС-г хувааж идсэн МАН-ын гишүүдэд хариуцлага тооцохыг АН одоо ч сануулж буй бол МАН авсан ЖДҮ-тэйгээ холиод идчихсэн. Үйл явдалд хандах АН, МАН-ын үзэл баримтлалын гурав дахь ялгаа энэ.
Ардчилсан нам Үндэсний бодлогын хороогоо өчигдөр хуралдуулж, зургадугаар сард болох Хэнтийн нөхөн сонгуульд оролцохоо зарласан. Харин МАН-ынхан ажлын эхний өдөр буюу өнөөдөр /2019.04.29/ намынхаа Бага хурлыг хуралдуулахаар болсон. Ажлын өдөр намын хурлаа хийж, төрийн ажлын хоёрт тавьдаг нь МАН-ын хувьд ганц удаагийн тохиолдол биш. Намын ажлыг төрийн ажлаас, намын хэрүүлээ улсын бодлогоос, хувийн эрх ашгаа, нийтийн эрх ашгаас МАН-ынхан үргэлж дээгүүрт, нэгд тавьж ирсэн. Үүний ойрхны жишээ гэхэд баримт нотолгоотойгоо илэрсэн ЖДҮ, бас дээр нь хотын даргын төрсөн дүүгийнх нь хядсан бургас. Ажилдаа хандах МАН, АН-ын дөрөв дэх ялгаа энэ.
Үнэмлэхүй олонхидоо эрдэж, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эргэлт хийсэн МАН өнөөдөр хууль, шүүхийг гартаа аваад байгаа. Ардчилсан намынхан Үндсэн хуулийн бус аргаар өөрчлөлт хийснийг эсэргүүцсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтийг МАН-ын үнэмлэхүй олонх /үнэмлэхүй олонхийн олонх нь ЖДҮчид/ хийх ёсгүй гэсэн байр суурийг илэрхийлдэг. Харин МАН-ын үнэмлэхүй олонх энэ хаврын чуулганаар эцэг хуульд өөрчлөлт оруулах үүрэг даалгаврыг намын даргаасаа авсан.
МАН-ын үед ямар ч бодлого хэрэгжүүлдэггүй учраас мах, шатахууны үнэ хөөсөрч, инфляци эрчимждэг бол АН-ын үед эдийн засгийн гол бодлого, шийдвэрүүд гардаг. АН, МАН-ын бодлогын тав дахь ялгаа энэ.
Б.БАТ
Холбоотой мэдээ