"Холливуд Монголд" Олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар фестивалийг тавдугаар сарын эхний долоо хоногт Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгаа билээ. Уг фестивалийн хүрээнд Холливудын мэргэжлийн уран бүтээлчид анх удаа Монголд ирж, олон улсын туршлагаасаа хуваалцана гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байгаа юм.
Тэгвэл өнөөдөр /2019.04.29/ анхдугаар фестивальд оролцох Холливудын эхний од Монголд хүрэлцэн иржээ. Өнөөдөр Туушин зочид буудлын "Сүлд" танхимд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Холливудын эхний зочноо танилцууллаа. Түүнийг Брайс Нельсен гэдэг. Тэрбээр “Төмөр хүн 2”, “Мичин гаригийн бослого”, “Кинсмэн 2” зэрэг алдартай дэлгэцийн бүтээлд креатив продюсераар ажилласнаас гадна хамгийн сүүлд энэ жил гурван удаагийн Оскарын шагнал хүртсэн “Рома” уран сайхны кинонд ажилласан байна.
“Холливуд Монголд” төслийн санаачлагч А.Баярцэцэг “Өнөөдрөөс эхлэн “Холливуд Монголд” Олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмын хүндэт зочид Монголд ирж байна. Брайс Нельсен нь энэ жилийн Оскарын наадмын “Оны шилдэг кино” шагнал авсан “Рома” уран сайхны киноны креатив продюсер юм. Маргаашнаас үлдсэн 15 Холливудын хүндэт зочид ар араасаа Монголд ирэх болно. Бид тавдугаар сарын 1-ний өдрөөс төлөвлөгдсөн арга хэмжээгээ зохион байгуулахад бэлэн болсон” гэдгийг хэллээ.
Тэрбээр мөн “Олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар фестивалийн үеэр хаалттай арга хэмжээ гэж байхгүй. Фестивальд оролцохыг хүссэн хүн бүр оролцож болно. Тавдугаар сарын 1-нээс 4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, “Корперэйт” зочид буудалд бүтэн өдрийн хэлэлцүүлэг болж, мэргэжилтнүүд туршлагаасаа хуваалцана. Сургалтын хувьд нэг ангид 50 орчим хүн суух боломжтой учраас тасалбараа “Ticket.mn” –ээс захиалах юм. Үлдсэн гурван өдрийн арга хэмжээг хөдөө зохион байгуулж, хүндэт зочдодоо монголын ахуй амьдралтай танилцуулж, сурталчлах болно” гэв.
БРАЙС НЕЛЬСЕН: МОНГОЛЫН ГОВИЙН БАЙГАЛИЙГ ҮЗЭЖ, МОРЬ УНАЖ ҮЗМЭЭР БАЙНА
-Монголд ирсэн анхны сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Өнөө өглөө намайг тосож авсан хүмүүсийг хараад их гайхсан. Намайг их гэнэтийн байдлаар угтан авлаа. Надад зориулан монгол баатар, хатдын хувцастай хүмүүс угтаж авсан нь их таалагдсан. Бас цагаан идээ болох ааруул идэж үзлээ. Маш их таалагдсан. Мөн нисэх буудлаас хотын төв рүү явж байхдаа замдаа түгжирсэн. /инээв/ Монголд зохион байгуулж буй анхдугаар фестивалийн дараа дараагийн арга хэмжээнд оролцоход бэлэн байна.
-Монгол ааруулны амт нь таалагдсан уу?
-Миний анх төсөөлж байснаас өөр амттай байсан. Би анхнаасаа ааруулыг сүүн бүтээгдэхүүн гэж мэдэж байсан л даа .Гэхдээ чихэрлэг гоё амттай байсан.
-Монголд ирэхээсээ өмнө кино урлагийнх нь талаар судалсан уу?
-Би Монголд ирэхийнхээ өмнө судалгаа хийх нь хийсэн. Гэхдээ түүх соёл болон хуучны барилга байгууламж, хотуудыг судалсан. Би одоо Монголын говийн байгалийг үзэж, морь унах гэх мэт монголын ард түмний ахуй амьдралыг илүүтэй сонирхож байна.
-Монгол орны тухай ямар нэгэн контент хийх үү?
-Тун удахгүй Монголд ирэх гэж байгаа Холливудын зочидтой хамтран ажиллах сонирхолтой ажил төлөвлөсөн байгаа. Тийм учраас биднээс Монгол орны тухай сонирхолтой контент гарна гэж хүлээж болно.
-Монголын уран бүтээлчидтэй хэрхэн ямар сэдвээр туршлага хуваалцах бол?
-Энэ жил гурван удаагийн Оскарын шагнал хүртсэн “Рома” уран сайхны киноны хувьд компьютер график болон продюсерийн тал дээр хэрхэн ажилласан талаарх туршлагаасаа хуваалцана. Мөн Холливудад 20 гаруй жил ажилласан хүнийхээ хувьд яаж багаар ажиллаж, энэ салбарт амжилт үзүүлэх вэ гэдэг талаас нь туршлагаа хуваалцах болно.
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ