Хуучирсан мэдээ: 2015.05.15-нд нийтлэгдсэн

Автозамын хар цэгүүд

Өнгөрсөн онд Улаанбаатар-Дархан, Чингис-Чойбалсан, Чингис-Баруун урт чиглэлийн замд хийсэн зам засвар, шинэчлэлтийн ажилд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Зам тээврийн яам  хамтарсан шалгалт хийжээ. Шалгалтын дүнг өнөөдөр МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар нээлттэй хэлэлцлээ.  Шалгалтаар зам барилгын ажил стандартын шаардлага хангаагүй, технологийн горим зөрчсөн, ямар ч зураг төсөлгүй замын ажлыг эхлүүлсэн зэрэг олон төрлийн зөрчлүүд их гарсан байна. Тухайлбал Улаанбаатар-Дархан чиглэлийн Хустайн даваанаас цааш "Жипи ар", "Зэст хүлэг", "Ачит мөнхийн зам", "Дархан АЗЗА" гэсэн дөрвөн компанийн барьсан 25.4 километр зам хүйтний улиралд технологийн горим зөрчиж хучилтыг нь хийсний улмаас эвдэрч, цөмөрсөн байжээ.  Мөн Улаанбаатар- Чингис-Чойбалсан чиглэлийн 95 километр  замын ажлын хоёр дахь багцад багтсан "Хансун" компанийн тавьсан 27 километр зам эвдрэл ихтэй, стандартын шаардлага хангахгүй замын хөдөлгөөний аюулгүй байдалд ноцтойгоор нөлөөлж эхэлжээ. Энэ бүх замын ажилд 180 тэрбумыг зарцуулсан байна. Иймээс цаашид Замын зориулалт, ангилал, замын ашиглалтын нөхцөл байдал болон хөдөлгөөний эрчмийн тооцоонд үндэслэн хатуу хучилттай авто замын сүлжээний зам засвар, арчлалт, ээлжит их засвар хийх хугацааг төлөвлөж, их засвар шинэчлэлтийн ажлыг урьдчилан хийсэн зураг төсөв, судалгаа, шинжилгээнд тулгуурлан хөрөнгийг улсын төсөвт бодитойгоор суулгах ажлыг төрийн захиргааны төв байгууллагууд хариуцах шаардлагатай гэж МХЕГ-аас үзжээ.

Мөн  Дээрх чиглэлүүдийн хатуу хучилттай авто замын 2014 онд хийгдсэн ажлыг холбогдох норм, дүрэм, стандарт, техникийн шаардлагад нийцүүлэх, шалгалтын явцад гарсан зөрчил, дутагдлыг арилгах, хийж гүйцээгүй ажлыг дуусгах, үүнтэй холбоотойгоор шаардагдах хөрөнгө, санхүүжилтийн асуудлыг захиалагч, санхүүжүүлэгч тал шийдвэрлэх, улсын байцаагчийн албан шаардлагын биелэлтийг хангах, албан даалгаврын биелэлт хангагдаагүй тохиолдолд тусгай зөвшөөрөл цуцлах, тендерт оролцох эрхийг хязгаарлах, улсад учруулсан хохирлыг буцаан төлүүлэх гэх мэт арга хэмжээг авахаа МХЕГ-ын удирдлагууд мэдэгдлээ.

Замын эвдрэл гэмтэл компаниудын буруутай үйлдлээс гарсан

Замын эвдрэл гэмтэл компаниудын буруутай үйлдлээс үүдэн гарсан гэдгийг дээр засварын ажлыг гүйцэтгэсэн компаниудын төлөөлөл хүлээн зөвшөөрч байна.  Гэхдээ  захиалагч талаас санхүүжилт оройтож ирсэн нь замын ажил удаашрахад хүргэсэн гэдгийг ч онцолсон юм. Барилгын тухай хуулийн дагуу зам чанар, баталгаат хугацаа гурван жил байдаг. Гурван жилийн дотор эвдрэл гэмтэл гарвал зам тавьсан компани хөрөнгө гаргаж засварлах ёстой. Энэ дагуу энэ хавар эвдэрсэн замаа засварлана гэдгээ "Хансун", "Жипи ар", "Зэст хүлэг", "Ачит мөнхийн зам" компаниудын төлөөлөл ярьсан юм.

Зам тээврийн ослоор 14 хүн нас баржээ

Өнгөрсөн онд Дархан-Улаанбаатар чиглэлийн замд авто машины ноцтой осол удаа дараа гарч, 14 хүн харамсалтайгаар амиа алдсан байна. Цагдаагийн ерөнхий газраас мэдээлснээр орон нутгийн замд гарч байгаа ноцтой ослын шалтгаан нь замын эвдрэл, авто замын тэмдэг, тэмдэглэгээ хангалтгүй, чанарын шаардлага хангаагүй, зам засвар, арчлалт орхигдсонтой холбоотой байдаг гэлээ. Жишээлбэл Дарханы чиглэлийн зам дагуу байрлах анхааруулах, аюулгүйн тэмдэглэгээнүүдийн хоорондын зай 1.5-3 метр байх стандарттай. Гэвч бодит байдал дээр 5-7 метрийн зайд, жолоочийн харцнаас хол замын хажуу жалга, дов хавьцаа тавьсан, өнгө будагны шаардлага хангаагүй  байсан гэж мэргэжлийнхэн шүүмжлэлээ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын хар цэгүүд

Дарханы чиглэлийн 52 дахь км-т 2013 онд зам, тээврийн 30 осол гарсан бөгөөд замын уруудах хэсэгт хурд хэтрүүлэх, халтиргаа гулгаатай үед осол гарах магадлал өндөр байна. Мөн замын эвдрэл, хагарлаас болж эгнээ нарийссан хэсгээр жолооч сөрөг урсгалд орж мөргөлддөг нь тодорхой болжээ. Иймээс замын тухайн  хэсгүүдэд хурдны хязгаарлалт заасан тэмдэгүүдийг байрлуулах, эвдрэл, хагарлыг засч эгнээг өргөтгөх шаардлагатай байна.  

Замын 60 дахь км-т 2013 онд 20 удаа осол гарсан. Энэ нь хашлаганы эргэлттэй хэсэг болон төгсгөлд гэрэлд ойлгогчийг хангалттай хийж өгөөгүй, үзэгдэх орчныг нэмэгдүүлсэн тэмдэг, тэмдэглэгээ дутмаг.  

85, 91 дэх км-т 2013 онд зам, тээврийн 44 осол гарсан. Эргэлт дээр налуу өндөрлөгөөг хийхдээ эргэлтийн хэсэгт төвөөс зугтах хүчний үйлчлэлийг хангалттай тооцоогүй. Үүнээс болж замын тухайн эргэлтийн хэсгээр явахдаа замаас гарах, өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж осолддог.Тойргийн эргэлтийн хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдмал учир шөнийн цагт осол гарах магадлал их

97 дахь км-т 2013 онд зам, тээврийн 4 осол гарсан. Зам дээрх гүүрний байгууламжийн өргөн хангалтгүйгээс жолоочийн харах орчин хязгаарлагдмал. Шөнийн цагт гүүрний баганын хашлага мөргөдөг. Замын гүүрэн байгууламж дээрх зорчих хэсгийн голоор заагласан тасархай шугам балархай, бүдэг болсон нь шөнийн цагт жолооч баримжаа алдаж осол гаргах магадлалыг нэмэгдүүлдэг.

103-109 дэх км-т 2013 онд зам, тээврийн 26 осол гарч нэг хүн нас барсан. Шулуун замаас огцом эргэлтэнд орох хэсэгт замын налуу өндөрлөгөөг хийхдээ төвөөс зугтах хүчний үйлчлэлийг хангалттай тооцоогүй. Үүнээс болж замын тухайн хэсгийн гадна эгнээгээр яваа тээврийн хэрэгсэл замаас гарах, өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж осол гаргах магадлал их. Замын огцом эргэлт дээр үзэгдэх орчин хязгаарлагдмал байдгаас шөнийн цагт жолооч баримжаа алдаж осолдох магадлал өндөр.

-120 дахь км-т 2013 онд зам, тээврийн 150 осол гарч нэг хүн нас барсан. Замын уруудах хэсэгт хурд хэтрүүлдэг. Бага хурдаар өгсөж яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхдээ өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх осол их гардаг.Огцом эргэлтээс уруудах замын хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдмал, аюулгүйн хаалт, хашлага дутмагаас шөнийн цагт жолооч баримжаа алддаг. Замын эвдрэл, хагарлыг тойрч гарах үедээ өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж осол гаргах магадлал их.

157 дахь км-т тээврийн хэрэгслүүд мөргөлдөх болон замын хажуугийн хаалт, хашлага мөргөх осол ихэвчлэн гардаг. Замын огцом өгсүүрийн оройгоос баруун тал руу эргэсэн огцом эргэлт залгаж байгаа нь ослын шалтгаан болдог. Замын огцом эргэлт, уруудах үед үзэгдэх орчин хязгаарлагдмал, тэмдэг, тэмдэглэгээ, хаалт, хашлага хангалтгүй.

161 дэх км-т хурд хэтрүүлдэг. Замын өгсүүр хэсгийн оройд буюу Хадагтай модны орчим тээврийн хэрэгсэл удаан зогсдог. Үүнийг тойрч гарахдаа өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх магадлал их.

Д.УЛАМБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж