Хүн төрөлхтөн өмнө байснаасаа ухаантай болж байгаа юу?

Хуучирсан мэдээ: 2015.05.15-нд нийтлэгдсэн

Хүн төрөлхтөн өмнө байснаасаа ухаантай болж байгаа юу?

Шинэ Зеландын Отагогын их сургуулийн проффесор Жэймс Флинн (1998, 2003) IQ тестийн дундаж оноо жил ирэх тусам дээшилж байгааг харуулсан ба энэ өөрчлөлтийг түүний нэрээр “Флинний Еффект” гэж нэрлэжээ. Сүүлийн жилүүдэд хүмүүсийн IQ-ийн түвшин эрс өссөн тухай баримт дэлхийн олон улсуудад байна. Яг ижил асуултаар, яг ижил насны хүмүүсээс тестийг авахад өмнөх жилүүдэд төрсөн хүмүүс нь илүү цөөн асуултуудад зөв хариулсан байжээ. Бидний эмээ өвөөгийн үед ч ухаантай хүмүүс байсан, өнөөдөр ч ухаантай хүмүүс байгаа боловч өнөөгийн хүмүүс илүү төвөгтөй, нөлөөлж болохуйц олон хүчин зүйлсийн дунд амьдарч байгаа учраас тэдгээр нь өнөөгийн хүмүүсийг илүү IQ- ийн түвшин өндөртөй болоход нөлөөлсөн байж болно. Энэ үзэгдлийг тайлбарлах гэж оролдсон тайлбаруудаас хамгийн нийцтэй гурвыг хүргэж байна.

  1. 20-р зууны сүүл үед төрсөн хүүхдүүд өмнөх үед төрсөн хүүхдүүдээс илүү төвөгтөй орчинд амьдардаг. 1930аад оны хүүхдүүдийн огт мэддэггүй байсан олон нийтийн сүлжээ, боловсролын сувгууд, компьютерууд, сэтгэхүй хөгжүүлэх тоглоомууд зэрэг бүтээлүүд нь өнөөгийн хүүхдүүдийн өдөр тутамын хэрэглээ болсон нь тэдний IQ- ийн түвшинг ахиулсан (Williams, 1998) гэж зарим эрдэмтэд үздэг.

  2. Хүмүүсийн IQ-ийн оноо дээшилж эхэлсэн үетэй давхцан дэлхийн олон орнуудад хүмүүсийн хоол хүнсэнд агуулагдах уураг тэжээлийн хэрэглээ бас нэмэгдсэн байдаг. Мөн тус орнуудын хүмүүсийн дундаж өндөр, жин, наслалтын хэмжээ нэмэгдсэн үзүүлэлтүүд бий. Судлаачид хүний бие ба уургын хэмжээ нь оюун ухаантай нь эерэг хамааралтай гэж үзсэн (Alaimo & others, 2001; Sigman & Whaley, 1998). Туршилтаар (Sigman & Whaley, 1998) нэн ядуу орны хүүхдүүдэд уургийн бэлдмэл түгээгээд тэднийг хяналтын бүлгийн буюу уургийн бэлдмэл хэрэглээгүй хүүхдүүдэй харьцуулж үзэхэд уургийн бэлдмэл авч байсан хүүхдүүд илүү өндөр IQ тестийн оноо авах хандлагтай байжээ.

  3. Боловсорлын системийн хөгжил хүмүүсийн сэтгэхүйн түвшинд нөлөөлсөн байж болно. 1930-аад оны үед Америкийн сургуулийн өмнөх ба ерөнхий боловсорлын систем нийлээд 9 жилийн хөтөлбөртөй байсан бол 1990-ээд оны үед 14-өөс дээш жилийн хөтөлбөртөй болсон. Монголд ерөнхий боловсролийн сургууль 10 жилийн хөтөлбөрөөс 11 жилийн, цаашлаад 12 жилийн хөтөлбөрлүү шилжсэн. Бас хүүхдийн сургуульд орох насыг 8-аас 6 нас болгож наашлуулсан. Боловсролын эдгээр шинэчлэлүүд нь хүмүүсийн оюун ухааны түвшинд шууд ба шууд бус 2 замаар нөлөөлсөн байж болно.

  • Шууд зам нь: хүүхэд илүү олон жилийн турш, илүү өргөн болон гүнзгий боловсролыг эзэмших явцад нь сэтгэх чадвар нь давхар дээшилсэн байх магадлал өндөр.

  • Шууд бус зам нь эцэг эхчүүдийн боловсрол дээшилсэнтэй холбоотой. Эцэг эхчүүдийн боловсрол өндөр байхын хэрээр тэдний хүүхдүүддээ өгдөг өдөр тутмын амьдрал дахь үзэгдлүүдийн тухай тайлбар нь илүү боловсронгуй байдгаас хүүхдүүдийн IQ дээшлэх болсон байж бас болно(Greenfield, 1998)

Хэрвээ та зарим ахимаг насны хүмүүсийн гүйцэд ашиглаж чаддаггүй ухаалаг утаснуудыг хэрхэн өнөөгийн бага насны хүүхдүүд элдэвтэй нь аргагүй ашиглаж байгааг харсан бол дээрх эрдэмтдийн онолтой бас санал нэгдэх байх.

О. Бадрал

Эх сурвалж: www.setgel.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж