Өдөр бүр дуг хийх 5 шалтгаан

Хуучирсан мэдээ: 2015.05.15-нд нийтлэгдсэн

Өдөр бүр дуг хийх 5 шалтгаан

Би өөрөө дуг хийдэг зуршилтай. Бараг л өдөр бүр нэг удаа дуг хийдэг болоод хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Эхэндээ жаахан гэмшдэг л байлаа. Харин дараа нь Томас Нельсоний ерөнхийлөгч байсан Сэм Мур ч мөн адил өдөр бүр дуг хийдэг тухайгаа надад нотлон хэлэхэд гэмшил маань үгүй болж билээ.

“Би өдөр бүрийн үдийн хоолны дараа оффис дахь буйдан дээрээ хэвтээд өгдөг. Машиныхаа түлхүүрийг баруун гартаа атгаад, гараа шал руу чиглүүлэн сул орхидог. Түлхүүр маань гараас унах үед хангалттай дуг хийсэн гэдгээ мэддэг” хэмээн тэрээр өгүүлсэн юм.

Өдөр бүр дуг хийдэг алдартангууд

Дараа нь өөр ямар алдартангууд, амжилттай яваа хүмүүс дуг хийдэг зуршилтайг олж мэдлээ:

  • Леонардо Да Винчи өдөрт хэд хэдэн удаа дуг хийгээд, шөнөдөө бага унтдаг байжээ.
  • Францын эзэн хаан Наполеон дуг хийдгээсээ хэзээ ч ичиж байгаагүй бөгөөд, өдөр бүр тааваараа дуг хийдэг байж.
  • Харин Томас Эдисон дуг хийхээсээ санаа зовдог байсан ч, өдөр тутмынх нь хэвшил болсон дадал нь байсан байна.
  • Ерөнхийлөгч Франклин Рузвельтийн гэргий Элеонора Рузвельт олон нийтийн өмнө яриа, илтгэл тавихаасаа өмнө эрч хүчээ нэмэгдүүлэх зорилгоор дуг хийдэг байжээ.
  • Ковбой дуучин Джин Аутри тоглолтынхоо дундуур хувцас солих өрөөндөө дуг хийдэг дадалтай байж.
  • Ерөнхийлөгч Джон Кеннеди өдрийн хоолоо орондоо идчихээд дуг хийдэг байсан байна – бүр өдөр бүр шүү!
  • Газрын тосны үйлдвэрийн эзэн Джон Д Рокфеллер өдөр бүр ажлынхаа өрөөнд дуг хийдэг байсан гэнэ.
  • Уинстон Черчилль өдөр бүр дуг хийдэг талаараа ярихдаа: “2 дахин илүү бүтээмжтэй байх боломжийг олгодог” гэжээ.
  • Ерөнхийлөгч Линдон Джонсон өдрөө 2 ээлжинд хуваах зорилгоор өдөр бүр 3:30 –д дуг хийдэг байжээ.
  • Ерөнхийлөгч Рональд Рейган дуг хийдгээрээ алдартай байсан бөгөөд, үүгээрээ ихээхэн шүүмжлэлд өртдөг байж.

Эдгээр удирдагчид чиний мэдэхгүй ямар нэгэн зүйлийг мэдээд байгаа юм биш биз?

Дуг хийхийн ашиг тус

Дараах 5 шалтгааны улмаас өдөр бүр дуг хийж байхыг зөвлөж байна:

  1. Дуг хийснээр сонор сэрэмж сайжирдаг.
  2. Стрессийг арилгадаг, мөн сэргийлдэг.
  3. Харах, сонсох, амтлах мэдрэхүйг дээшлүүлдэг.
  4. Зүрхний өвчнөөр өвчлөх магадлалыг бууруулдаг.
  5. Бүтээмжийг дээшлүүлдэг.

Дуг хийх талаарх зөвлөмж:

Би хувьдаа өдрийн хоолны дараа 20 минут дуг хийдэг. Хэрэв амжихгүй бол, өдрийн 4 цагаас өмнө дуг хийхийг хичээдэг.

Коллежид мотоциклийн дэлгүүрт ажилладаг байхдаа өдрийн цайгаа машиндаа уучихаад, арын суудал дээрээ хэвтээд дуг хийдэг байлаа. Дараа нь Томас Нельсонд гүйцэтгэх захирлаар ажилладаг байхдаа хэвтээ байрлалд сунгах боломжтой сандал дээрээ дуг хийдэг болов. Харин дараа нь гэртээ ажлаа хийдэг болоод, орондоо дуг хийдэг болсон.

Дуг хийхдээ дараах зөвлөгөөг санахад илүүдэхгүй:

1.Тууштай бай Өдөр бүр, ижил цагт дуг хийхийг хичээ. Ингэснээр таны хоногийн хэмнэлийг тогтворжуулж, ач холбогдлыг нь өндөрсгөдөг.

2.Богино байлга – Урт хугацаагаар унтвал, гүн нойрноос сэрсний дараах шиг лазан хөдлөх, бие сулбайх гэх мэтийн шинж тэмдэг илэрч болох ба, шөнийн нойрсолтод ч сөргөөр нөлөөлдөг байна. Миний хувьд 20-30 минут дуг хийхийг зөвлөж байна. Хэтрүүлж унтахгүйн тулд сэрүүлгээ тавихаа мартуузай.

3.Гэрлээ унтраа Гэрэл хүний биед дохио өгч байдаг. Харанхуй нь унтаж амрах цаг болсныг илтгэж байдаг. Хэрэв гэрлээ унтраах боломжгүй бол энгийн нүдний маск хэрэглэж болно.

4.Хөнжил нөмөр – Нойрсох үед бодисын солилцоо буурч, амьсгалын хэм удааширч, биеийн температур бага хэмжээгээр доошилдог. Заавал хэрэглэхийг шаардахгүй ч, дуг хийхдээ нимгэн хөнжил нөмөрвөл, илүү тав тухтай байдаг.

5.Хянуур бай – Ажил дээрээ дуг хийж байгаад хэн нэгэнд харагдсанаар ямар нэгэн хүндлэл олохгүй л байх. Зарим уламжлалт маягийн соёлтой орчинд бол магадгүй халагдах шалтгаан ч болж мэднэ. Өдрийн цайныхаа хагаст нь идээд, хагаст нь машин дотроо, хүнгүй хурлын танхимд, эсвэл ханын шүүгээнд ч юмуу сайхан дуг хийгээд ав.

Эцэст нь хэлэхэд дуг хийхийн талаарх үзэл бодолдоо өөрчлөлт хий. Залхуу хүмүүс дуг хийдэг юм биш. Харин ч тэд хамгийн ухаалаг, хамгийн бүтээмжтэй хүмүүс байж мэднэ.

Эх сурвалж: biznetwork.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж