ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт Украины салан тусгаарласан Луганск, Донецк бүс нутгийн иргэдэд ОХУ-ын паспорт олгох журмыг баталсан билээ. Дараа нь бямба гаригт /2019.04.27/ БНХАУ-ын Бээжин хотноо болсон “Бүс ба зам” чуулга уулзалтын үеэр энэхүү журмыг тэлэн Украины бүх иргэдэд ч ОХУ-ын паспорт санал болгож магадгүйг хэлсэн.
Тэгвэл Украины ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Володимир Зеленський цахим хуудаснаа дээрх асуудлаар байр сууриа илэрхийлжээ.
“ОХУ-ын иргэн болно гэдэг бол үзэл бодлоо илэрхийлж, тайван жагсаал цуглаан хийснийхээ төлөө баривчлагдаж, чөлөөт сонгуулиар удирдагчаа сонгож чадахгүй болно гэсэн үг. Украинчууд бол эрх чөлөөт улсын эрх чөлөөт иргэд ” хэмээн фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн байна. Мөн тэрбээр ОХУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ илэрхийлж “ОХУ-ыг шууд буу тулгах биш ярилцах замыг сонгоно гэж найдаж байна” хэмээжээ.
Хошин урлагийн жүжигчин, улс төрийн туршлага бага Зеленський нь цахим ертөнцөд маш идэвхтэй нэгэн юм. Тиймдээ ч сонгогчдын ихэнх нь залуус байсан аж.
ОХУ 2014 онд Крымийн хойгийг өөртөө нэгтгэсэн ба Украины Донбасын бүс нутагт өрнөж буй салан тусгаарлах тэмцлийг одоо ч далдуур дэмжиж, салан тусгаарлагчдад зэвсэг нийлүүлдэг хэмээн Украин буруутгадаг. Харин ОХУ үүнийг эрс няцаасаар ирсэн. Донбаст болж буй үймээний улмаас 13,000 орчим хүний амь үрэгдээд байна.
Эх сурвалж:BBC