Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрсөн амралтын өдөр буюу дөрөвдүгээр сарын 27-28-нд нийт 512 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 345 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагааг явуулжээ. Нийт дуудлага мэдээллийн 13 нь хүн гэмтсэн, 16 нь эд материалын хохиролтой осол байсан бол 110 осол, хэргийн дуудлагыг даатгалын байууллагаар шийдвэрлүүлсэн байна.
Тухайлбал, энэ сарын 27-нд 17.30 цагт Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг Сонсголонгийн гүүрний замд Sinotruk маркын автомашины жолооч нь H.Starex, T.Pruis, T.Ractis зэрэг маркийн таван автомашинтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын долоон хүн гэмтжээ. Гэмтсэн хүмүүс Гэмтэл Согог судлалын үндэсний төвд үзлэг хийлгэхэд хөнгөн, зөөлөн эдийн гэмтэлтэй гарсан байна. Мөн урьдчилсан мэдүүлгээр тухайн Sinotruk маркийн автомашины жолооч " Тормос ажиллагаагүй болсон" гэсэн мэдүүлэг өгчээ. Техникийн шинжээчийн дүгнэлт албан ёсоор гараагүй шалгалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.
Мөн өчигдөр /2019.04.28/ 20.00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутаг Телевизийн хуучин автобусны буудлын замд Nissan Note маркын автомашины жолооч нь 53 настай, 9 настай, 30 настай 3 хүнийг мөргөсөн зэрэг ослуудад тус тус шалгалтын ажиллагааг явуулж байна. Бүртгэгдсэн нийт ослын долоон нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 21 осол нь жолооч нар автомашинтайгаа мөргөлдсөн байжээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ