“Залуусыг хөгжүүлэх ажил хийхгүй байна”

Хуучирсан мэдээ: 2019.04.29-нд нийтлэгдсэн

“Залуусыг хөгжүүлэх ажил хийхгүй байна”

“Боломж таны гарт уриатай” хамтаараа хөгжихийн ач холбогдлыг таниулсан “Дэвших боломж” сэдэвт хэлэлцүүлэг энэ сарын 27-нд “Корпрейт” зочид буудалд зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлэгт Харвардын Бизнесийн сургуулийг төгсөгч, “Unlock” подкастыг хамтран үүсгэн байгуулагч О.Батнайрамдал, Нийслэлийн МАХН-ын дарга, Скаутын холбоооны ерөнхийлөгч Э.Эрдэнэжамъян нарын залуус оролцож илтгэл тавьсан.

Тухайлбал, Монголын скаутын холбооны Ерөнхийлөгч Э.Эрдэнэжамъян “Дэлхийн улс орны хөгжлийг ДНБ, өрсөлдөх чадвар, аз жаргалын индеск зэрэг төрөл бүрийн чиглэлээр үнэлж дүгнэдэг. Дани, Норвеги зэрэг орон аз жаргалын индексээрээ тэргүүлсээр ирсэн. Тэнд ажлын цаг 16:00 цагт тардаг. Хүн аз жаргалтай амьдрахын тулд гэр бүлдээ цаг зарцуулах ёстой гэж үздэг байна. Швейцарь ч мөн адил зөвхөн ажилдаа биш гэр бүлдээ цаг зарцуулах ёстой гэсэн хууль үйлчилдэг.

Дэлхий ертөнц хурдацтай өөрчлөгдөж, асар олон мэргэжил шинээр бий болж, бас зарим нь шаардлагагүй болж байна. Харин Монголд өнөөдөр Улаанбаатарт аз жаргалын индекс ямар байна вэ. Залуус яаж хөгжиж байна вэ?

Мэдээлэл технологийн энэ эрин зуунд дэлхий ертөнц асар хурдтай хөгжиж байгаа. Дани, Герман зэрэг Европын оронд Засгийн газраас нь залуусаа бодлогоор дэмжиж хөрөнгө оруулалт хийдэг. Энэ нь залуусаа боловсруулж, хөгжүүлж байгаа төрийн бодлого. Улс хөгжье гэж бодож байвал залуучууддаа хөрөнгө оруулалт хийж, өсч, хөгжих бололцоог хангах ёстой. Тэр ч утгаараа залуучууддаа асар их  хөрөнгө оруулалт хийдэг. Тиймээс ч их, дээд сургуулийн оюутны сургалтын төлбөрийг төрөөс даадаг. Гадаадын сургуульд тэнцвэл төр нь даадаг. Гэтэл өнөөдөр манайд сурч, боловсрохын тулд төлбөрөө өөрсдөө төлөх ёстой. Монголчууд хөгжлийнхөө чиг баримжааг сайн олж чадахгүй байна.

Сүүлийн жилүүдэд барилга байшин маш их барьж, машин тэрэг ч ихэслээ. Гэтэл залуучуудын хөгжилд зориулсан зүйл хийгдсэнгүй. Жишээ нь, Сингапурт Скаутын байгууллага нь залуустаа сурч, боловсроход зориулж байр барьж өгдөг. Гэтэл Монголд эсрэгээрээ хоёр жилийн турш хүүхэд залууст түрээслэх байр хайгаад олоогүй. Хүүхдүүд шуугилдаад байна гэж ад үзээд байрнаасаа хөөгдөж байсан. Хаус түрээсэлье гэтэл олон янзын хүүхэд оруулмааргүй байна гэсэн. Залуусаа хаана хөгжүүлэх вэ. Залуусын дунд судалгаа явуулахад 90 хувьд БНСУ явмаар байна гэж хариулж байна. Дээд боловсрол эзэмшүүлж байгаа атлаа Солонгост хар ажилтан бэлтгэж өгөөд байгаа юм уу. Залуучуудаа хөгжүүлж, амьдрах нөхцөл боломжийг сайжруулах ёстой. Үүнийг төр хийх ёстой. Том мөрөөдөж зоривол түүндээ хүрнэ. Өөрийгөө хөгжүүлье гэвэл илүү том зорилго тавь. Улсаа сайхан болгоё гээд мөрөөдлийнхөө төлөө тэмцэх хэрэгтэй. Үүнийг гагцхүү залуучууд л хийж чадна.

Ажилдаа сайн дурын гэх хандлагаар хандаж, шинэ сорилт бүрийг давж чадвал илүү сайн хөгжих болно. Скаутын холбоо ийм л дадал хандлага, зуршилтай залуусыг бэлтгэхийг зорьдог. Бусдын сайн сайхныг түгээж, бусдад тусалдаг хамтач хүмүүс илүү хөгжинө” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж