Монгол Улсын гавьяат жүжигчин С.Батсүхийн дууг тун ч эвлэгхэн дуулж, олны хайр хүндэтгэлийг хүлээгээд буй бяцхан хүүг хүмүүс андахгүй болжээ. Тэр хүү бол дуучин Б.Бат-Энэрэл.
Түүнтэй ярилцахаар олон ч удаа утас цохисны эцэст эмээгээс нь зөвшөөрөл авч, цаг тохирсон юм. Эмээ нь “Б.Бат-Энэрэл маань олон удаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгсөн болохоор дуртай биш байна. Заримдаа их сүрхий ярина. Заримдаа амттай юм өгье гэсэн ч ярихгүй шүү дээ” хэмээн хэлсэн юм. Ингээд эмээ, хүү хоёртой төгөлдөр хуурын хичээлээ тараад явж байхад нь уулзаж ярилцлаа.
-Сайн уу Б.Бат-Энэрэлээ?
-Сайн.
-Б.Бат-Энэрэлээ анхны бие даасан “Сэтгэлэн залбирлан” нэртэй гоё тоглолтоо хийлээ. Баяртай байна уу?
-Би их баяртай байна. Их догдолсон. Концертын танхим дүүрэн хүмүүс цугласан байсан.
-Анхны бие даасан тоглолт гээд дуугаа зөндөө бэлдэв үү?
-Би дуугаа бэлддэггүй ээ. Тоглож явж байгаад л дуугаа дуулчихдаг.
-Анхны тоглолтоо хийгээд хүнд өвчтэй Э.Маргад-Эрдэнэ хүүд тусалсан гэсэн үү?
-Тийм. Би багшдаа бие нь өвдсөн Э.Маргад-Эрдэнэ хүүд тусалъя гэж хэлсэн юм. Тэр хүүд тусалмаар санагдсан.
-Сурагч болох гоё байна уу. Олон найзтай болсон уу?
-Гоё байгаа. Би хичээлээ хийгээд ядраагүй ээ. Олон найзуудтай болсон. Бас төгөлдөр хуурын хичээлдээ явж байгаа.
-Чиний дуулсан дуу болгон нь олонд их хүрэх юм. Чамайг гоц авьяастан хүү гэвэл санал нийлэх үү?
-Би өөрийгөө магтах дургүй учраас санал нийлэхгүй байна.
-Жижигхэн хөөрхөн нохойтой шүү дээ. Найзыг нь хэн гэдэг юм бэ?
-Миний найзыг Эми гэдэг. Намайг дагаад дуулдаг юм.
-Отгонтэнгэр хайрхан амьтай гэсэн байсан. Чи очиж үзсэн үү?
-Би очоогүй шүү дээ. Гэхдээ Отгонтэнгэр хайрхан амьтай.
-Багшдаа хайртай юу?
-Би багшдаа хайртай. Би ээжийн энтэй эмэгтэй багш, аавын энтэй эрэгтэй багшийнхаа хүчинд өдий зэрэгтэй явна гэж хэлмээр байна.
Энэ хүрээд бид хоёрын яриа өндөрлөж, түүний “эмээ” гэж авгайлдаг Г.Барамсаймаатай ярилцсан юм. Тэрбээр 40 нас хүрээгүй ч дүүгийнхээ хүүг эмээгийн хайраар өсгөж, хүүгийнхээ төлөө зүтгэж яваа бүсгүй ажээ.
Г.БАРАМСАЙМАА: АРД ТҮМНИЙ ХАЙР Б.БАТ-ЭНЭРЭЛИЙН НҮДНИЙ ХАРАА САЙЖИРАХАД НӨЛӨӨЛСӨН
-Гоц авьяастан хүү Б.Бат-Энэрэлийн маань нүдний хараа сайжирсан гэж байсан. Одоо хэвийн харж байгаа юу?
-Бид хүүгийнхээ нүдийг эмчлэх гээд АНУ, БНХАУ, БНСУ-руу ч оношийг нь явуулж үзсэн. Тэгээд төрөлхийн эмгэг учраас засагдахгүй, хяларыг нь л мэс заслаар засаж болно гэж байсан. Тэгсэн одоо хүүгийн маань хараа их сайжирсан. Сургуульд сураад, их мундаг байгаа. Бид Хятадын Өвөрмонголын нэг эмнэлэгт очиж, дасгалын аппаратад орж, заавар авсан. Тэр бас нөлөөлсөн байх. Үнэндээ Монголын ард түмний хайрласан сэтгэл нөлөөлсөн гэж гавьяат маань хэлдэг. Тэр бол үнэн. Бид Хэнтий аймагт явж байсан чинь Увсын эгч таараад, “Б.Бат-Энэрэлээ зөвхөн чамд зориулж, нэг өдөр 1000 ээж цуглараад сүү өргөж байсан” гэж хэлсэн. Тэр эгчийн хэлснийг сонсоод “Ийм хүмүүс бас байдаг аа” гэж бодсон. Яг үнэндээ би гараад нэг сүү өргөөгүй байхад хаа хол газраас 1000 ээж цугларч, сүү өргөнө гэдэг гайхалтай. Тэр бүхнийг бүтээсэн хүн бол яалт ч үгүй багш маань шүү дээ. Багш маань байгаагүй бол хүмүүс “Ямар хөөрхөн дуулдаг хүү вэ” гээд л өнгөрөх байсан байх. Хүүгийн маань сонин содон авьяасыг гавьяат маань харж л гялалзуулж байна. Би өмнө нь хүүгийнхээ авьяасыг нь харсан бол олонд таниулахгүй яасан юм бэ. Худлаа л байхгүй юу.
-Гэхдээ та багш, шавь хоёрыг учруулсан хүн шүү дээ?
-Би урд насандаа хүүдээ өртэй юм байгаа биз. Гэхдээ сонин шүү. Би ингэтлээ хүүгийнхээ төлөө зүтгээд яваад байгаа нь энэ хоёр хүнийг учруулахын тулд л төрсөн байх. Зарлага гэдэг бил үү. Тэрнээс биш Б.Бат-Энэрэл өмнө нь сошиалаар өчнөөн дуулдаг байсан. Тэр бичлэгийг нь С.Батсүх гавьяат хүртэл харсан байсан. Тэгэхэд тэр хугацаанд надад “Дуучин хүний шавь болгочихъё” гэсэн бодол хүний урамд нэг удаа ч бодогдоогүй. Ер нь юм бүхэн цаг хугацаатай. Цаг хугацаа нь болоогүй юманд хүн яаж ч яараад амжилтад хүрдэггүй. Аливаа зүйлийн цаг нь ирэхээр ийм зүйл болдог юм болов уу гэж бодогдсон шүү.
-Б.Бат-Энэрэл хүү маань багштайгаа уулзаад хэдэн жил болж байна вэ?
-Өнөөдөр миний хүү ийм мундаг яваа маань багшийнх нь ач тус л даа. Миний хүү үнэхээр азтай. Ийм мундаг багштай таараад, өдий зэрэгтэй явж байна. Багштайгаа их дотно ярилцана. Багш нь дандаа юмыг ухааруулж ярьдаг. Их ер бусын сонин хүн шүү дээ гавьяат маань. Бид эхлээд мэддэггүй, заримдаа надад юм хэлэхээр нь хэцүү санагдаад, уурлачихдаг байсан. Тэгэхэд дараа нь хэрэгтэй гэдэг үүднээс л хэлдэг байсан юм билээ. Би тэр болгоныг нь ойлгодоггүй байлаа. Би бол гавьяаттай уулзсанаасаа хойш их сургууль төгссөнөөсөө ч илүү ихийг сурсан. Гавьяат жүжигчин С.Батсүх ахтайгаа уулзаад, хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Одоо бид нар чинь нэг гэр бүл шиг л болсон доо. Гавьяатын гэргий их мундаг хүн бий. Хүүд маань их хайртай.
-Гоц авьяастан хүү маань саяхан /2019.04.14/ анхны бие даасан тоглолтоо хийж, цомгоо гаргалаа. Уг тоглолтынхоо орлогыг хүнд өвчтэй Э.Маргад-Эрдэнэ хүүд хандивласан гэсэн үү?
– Эхлээд би фэйсбүүкээр Э.Маргад-Эрдэнийн тухай мэдээллийг харсан ч анзаараагүй байсан. Б.Бат-Энэрэл маань багштайгаа Өвөрмонгол руу кинонд тоглохоор явах гэж байсан. Тэгсэн нэг өглөө хүү маань зурагтаар хараад, багшдаа энэ хүүд тусалья гээд хэлсэн. Багш нь ч “Зөв санаа байна” гээд дэмжсэн юм. Саяхан бас “Ээжтэйгээ байх жаргалтай” гээд шинэ дуу гаргасан. Бас аавын тухай нэг шинэ дуу гаргасан. Анхны “Сэтгэлэн залбирлан” цомог нь 17 дуутай. Гэхдээ Б.Бат-Энэрэлийн дуу тэрнээс ч олон байна лээ. Би Энэрэлийг тийм олон дуутай гэж мэдээгүй. Хүү маань одоо долоон настай. Миний хүү долдугаар сарын 7-ны 19.47 минутад төрсөн байдаг. Тэгсэн багш нь “Энэ жил Б.Бат-Энэрэлийнхээ бие даасан тоглолтыг хийе” гэж хэлж байсан.
Б.Бат-Энэрэлийн тоглолт бусад дуучдынхаас тэс өөр болдог. Энэрэлийн тоглолт дээр эмээ нар бол залбирсан, уйлсан хүмүүс байдаг. Би сая тоглолтын билет борлуулж байхад “Говь-Алтай аймгаас хоёр хүн ирж, тоглолт үзэх гэсэн юм” гээд холбогдлоо. Тэгсэн би “Тоглолтын билет дуусч байна. Та тэр холоос хоёр цагийн тоглолт үзээд буцахаар ядарна. ДДЭШ телевизийн сувгаар үзчих” гэсэн чинь “Чи намайг тийм эрүү өвдөг нийлсэн хүн гэж санаа юу. Би өөрөө очиж үзэх гэсэн юм. Чи яахаараа намайг тоглолт үзүүлдэггүй юм” гээд загнасан. Тэгээд би “За за та хотод ирээд үзээ. Би билетын бэлдээд тавьчихья” гэсэн. Энэ мэт өвөө, эмээ нар Б.Бат-Энэрэлийн маань фенүүд байдаг.
-Долоогийн тоо их учиртай байх нь ээ. Байр худалдаж авахдаа хүртэл долоон давхар сонгосон гэж сонссон. Үнэн үү?
-Тэр их сонин. Бид нэг өрөө байр үзээд явж байсан юм .Тэгсэн маргааш нь “Хоёр өрөө байр гарчихлаа. Ирээд үзээч” гэлээ. Тэгээд очоод үзсэн чинь 47 дугаар байрны долоон давхрын 57 тоот байж таарсан. Бүр ашиглалтад ороод, бүх хүмүүс нь байраа аваад дуусчихсан байр шүү дээ. Яагаад тэр хүн байраа буцаасныг мэдэхгүй. Их сонин байгаа биз дээ. Ер нь Б.Бат-Энэрэлийг долоогийн тоо дагаастай. Тэрийг нь билэгшээсэн ч байж магадгүй. Багш нь сая долоон насанд нь 17 дуутай анхны цомгийн гаргаж, тоглолтын хийсэн юм.
-Өвөрмонголд кинонд тоглохоор болсон гэлээ. Яг ямар дүрд тоглохыг сонирхож болох уу?
-Ер нь Хятад, Өвөрмонгол руу тоглолт хийх урилга их ирдэг. Сая бас нэг уран сайхны кинонд тоглох урилга хүлээн авлаа. Тэр кинонд тоглохоор болоод, энэ зун Өвөрмонгол руу гурав, дөрвөн удаа зураг авалтаар явах байх. Одоогоор тоглох дүр нь тодорхойгүй байна. Хүүгийн маань цаг заваас гадна багшийнх нь цаг завыг бас харна. Гавьяат маань үнэн завгүй хүн шүү дээ. Гавьяат маань энд тэнд тоглолтод дуулахаас гадна студи дээрээ ирсэн хүмүүст зөвлөгөө өгнө. Ер нь гавьяатын маань студи болон гэр нь хүний хөлөөр тасрахгүй. Ядаж байхад гэргий нь сайхан хоолтойг ч хэлэх үү. Ёстой сайхан хүмүүс бий.
-Гоц авьяастан хүү маань багшийнхаа дууг дуулахаас гадна эдэлж, хэрэглэж буй бүх зүйлийн дуурайдаг гэсэн үү?
-Б.Бат-Энэрэл нэг удаа “Би багшийнхаа дуулдаг дууг нь дуурайхаас гадна бүх зүйлийг нь дуурайна” гэж билээ. Тэгэхээр нь гавьяатын эхнэр бид хоёр шоолоод байж байсан чинь нэг нэвтрүүлэг дээр “Манай багш хүнд үнэн сэтгэлээсээ тусалъя гэвэл бүх зүйлээ зориулдаг” гээд ярьж байсан. Ер нь хүүхэд “Энэ хүн мундаг шүү” гэж бодсон бол ерөөсөө тэр хүнийг сайн ч, муу ч зүйл хийсэн түүнийг нь дуурайдаг юм байна. Хэрвээ С.Батсүх гавьяат ийм хүн биш байсан бол миний хүү өнөөдөр арай л өөр юм сурчихсан явах байсан байх. Өнөөдөр юун хүнд туслах. Сайн багшийн шавь байна гэдэг урлаг уран бүтээлээс гадна өөр олон сайхан чанараас нь суралцдаг юм байна. Намайг ганц загнадаг хүн нь С.Батсүх гавьяат. Тэр хүний хэлсэн үгээр явсан байхад буруутахгүй шүү.
-Дуучин Б.Бат-Энэрэл хүү шавьтай болсон гэлцэх юм. Тэр авьяаслаг хүү маань бас харааны бэрхшээлтэй гэсэн үү?
-Хөөрхөн орос дуу дуулдаг Э.Энгүүнбат гэж хүү бий. Бас С.Батсүх гавьяат дээр ирж, зөвлөгөө авдаг шавь нь. Тэр хүү маань их мундаг. Орост янз бүрийн дууны тэмцээнүүдэд оролцоод л яваад байгаа. Монголд амьдардаг. Тэр хүү маань орос дуу дуулаад, тэндээ сонсогчидтой болчихсон. Гавьяатын маань хоёр жижигхэн шавь нь нэг нь урд хөрш рүү, нөгөөх нь хойд хөршийг байлдан дагуулаад байна. /инээв/ Дуучин Э.Энгүүнбат маань бас харааны бэрхшээлтэй. Гэхдээ энэ хоёрын маань онош нь өөр.
-Одоо Б.Бат-Энэрэл маань сургуулийн сурагч болсон. Хичээл, уран бүтээл гээд ядарч байна уу?
-Б.Бат-Энэрэл маань нийслэлийн 40 дүгээр сургуулийн нэгдүгээр ангид сурч байгаа. Хүү маань эхлээд зургаан насандаа “Глобал” сургуулийн нэгдүгээр ангид суралцсан. Тэгээд сургуулийн төлбөр мөнгө гээд бас хүүгээ нийгэмшүүлэхийн тулд улсын сургуульд суралцуулахаар болсон юм. Ер нь хүүхэд битгий хэл том хүн ч гэсэн жаахан нэр хүндтэй болоод ирэхээр өөр болдог шүү дээ. Тийм учраас багаас нь жирийн сургуульд сурвал төлөвшилд нь ч гэсэн нөлөөлнө гэж бодсон. Адаглаад биеэ даагаад сурчихна. Би ээжид нь ч өөрт нь ч “Хүүхдээ насаараа дагаж явахгүй шүү дээ. Тиймээс хүүхдээ нийгэмд өөрөө амьдрах чадвартай болго. Ирээдүйд эцэг хүн болно. Тийм учраас ирээдүйд ямар аав болохыг хүсдэг вэ. Тиймээс өөрөө эхлээд тийм бай” гэж байнга захидаг.
-Зарим хэвлэлээр хүүг эцэггүй хүн шиг олон нийтэд ойлгуулсан гэх мэдээлэл гарсан байсан. Б.Бат-Энэрэлийн аавын тухай ярьж болох уу?
-Хүүгийн маань аав нь бий. Залуу хүмүүсийн зам мөр таарахгүй хоёр тийш болцгоосон. Тэр хүнийг буруутгадаггүй ээ. Мэдээж хоёулаа болоогүй болоод л салсан. Салсан гэр бүлд нэг талын буруу гэж байдаггүй шүү дээ. Тэр хүний ген байсан учраас хүү маань өдий зэрэгтэй явж байна. Сая хүү минь аавын тухай дуу зориулан гаргасан. Би Б.Бат-Энэрэлд “Чиний аав ямар ч хүн байж болно. Бүх хүн аавтай“ гэж хэлдэг. Энэ дуугаа ганцхан аавдаа ч зориулаагүй ээ. Бүх сайхан аав нартаа зориулж, дуулсан. Хүмүүс дандаа ээжийгээ л гэдэг шүү дээ. Тиймээс хүмүүст аавыгаа ч гэсэн хайрлаарай гэдгийг дуугаараа дамжуулан хэлсэн юм. Энэ дуу цацагдсанаас хойш хүүхдүүдийн хандлага ч гэсэн өөрчлөгдөж, аавууд гэртээ онгироод сууж байх жишээтэй. Анх энэ дууг дуулахад маш олон аав нар огшоод уйлж байсан. Магадгүй тэр хүмүүс аавыгаа, өөрийгөө ч бодоод уйлсан байх.
Ер нь хүмүүс хэн нэгний амьдралыг шүүж, муугаар хэлж, ярих шаардлагагүй шүү дээ. Би эхэндээ санаандгүй “Тийм юм болоогүй” гээд коммент биччихээр бүр дэвэргээд явчихдаг байсан. Манайх нийгмээрээ бухимдалтай, стресс тайлах цэгээ фэйсбүүк болгочихсон юм шиг санагддаг. Заавал хүн муулж, сэтгэлээ онгойлгодог. Би аливаа юмыг бодохдоо “Би энэ хүний оронд байсан бол” гэж боддог зантай хүн. Б.Бат-Энэрэлд хүртэл ингэж л захидаг.
Гэрэл зургийг Г.БЭЛГҮТЭЙ