Ерөнхийлөгч юутай ирсэн бэ!

Хуучирсан мэдээ: 2019.04.29-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Ерөнхийлөгч юутай ирсэн бэ!

Ерөнхийлөгч юутай ирсэн бэ!

Хятадад албан ёсны айлчлал хийхээр Улаанбаатараас Бээжин рүү мордсон даруйд экс тагнуулчийг эрүүгийн цагдаагийнхан барьж хорьсон нь санамсаргүй тохиолдол уу, эсвэл санаатай үйлдэл болох нь тодорхойгүй ч энэхүү дуулианд Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны албан ёсны айлчлалын  сонин дарагдав. Урьд нь У.Хүрэлсүх Хятадад айлчлахаар ниссэн даруйд экс Ерөнхий сайд С.Баярыг баривчлан хорьж байсан нь жилийн өмнө. Хоёр ч удаагийн тохиолдлоос харвал аливаа айлчлал ба араас нь явагддаг баривчилгааг санамсаргүй давхцал гэж үзэх нь дэндүү гэнэн дүгнэлт болох биз.

Ямартай ч Ерөнхийлөгч яваад ирсэн. Ерөнхийд нь тоймловол Ерөнхийлөгч Х.Баттулгын урд хөршид хийсэн албан ёсны анхны айлчлал хүлээлт багатай, Ши Жиньпинтэй авахуулсан зургийг нь тойрсон сошиалын багахан хэлэлцүүлгээс илүү гарч чадсангүй.

Энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулгын Хятадад хийсэн айлчлал үр дагавар багатай байсан, эсвэл үйл явдлыг нь хэвлэлийн алба нь олон нийтэд олигтойхон хүргэж чадаагүйтэй ч холбоотой  байж болно. 

“Сант Марал” сангаас хийсэн ээлжит судалгааны дүнгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “босоо” рейтингтэй явсан Ерөнхийлөгчийг ардаа орхисон нь төрийн тэргүүний дотоодын улс төр болоод гадаад бодлогоос нь болсон байж мэднэ. Тэрбээр Монголыг ШХАБ-д элсүүлэх тухай мөрөөдлөөсөө болж өөртөө хасах оноо багагүй цуглуулсан билээ. 

Дөрөвдүгээр сарын 24-28-ны хооронд Бээжинд дөрөв хоносон Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа үеэр  хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурж, Хятадын зүгээс мөнөөх хөрөнгө мөнгө санхүүжилтээр дэмжихээ илэрхийлсэн нь Монголын хувьд шинэ мэдээ биш юм.  Хятадын Засгийн газраас буцалтгүй тусламж өгөхөөр болсон, Налайх-Чойрын замыг барих, ган төмөрлөгийн цогцолборыг байгуулах төсөлд гарын үсэг зурсан зэрэг нь урьд өмнөх олон удаагийн яриа хөөрөө, харилцан айлчлал, АСЕМ зэрэг томоохон хурал зөвлөгөөний үеэр яригдаж шийдэгдсэн зүйлүүд.

З.Энхболд даргын “Хятадын тусламжийн мөнгийг Буянт-Ухаагийн спорт цогцолборын орчимд Азийн хүүхдийн наадам болон Зүүн Азийн олон төрөлт спортын наадмын тамирчдыг хүлээж авах барилга байгууламжийн дутагдаж байгаа хэсгийг байгуулахад зарцуулна. Юу хийх нь манай Засгийн газрын эрх. Юу хийхээ дотроо ярилцаад Хятадын даргад мэдэгдэж байгаа. Дутагдах спортын төрөл байхгүйгээр бүх төрлийн спортын барилга байгууламж, зочид буудалтай байхаар төлөвлөж байна” гэсэн яриа нь МАН-ынханд ад үзэгддэг АСЕМ-ын үеэр Монголд өгөхөөр тохиролцсон буцалтгүй тусламжийг авахаар болсон тухай. Өөрөөр хэлбэл, АСЕМ-аар Монголд өгөхөөр тохирсон буцалтгүй тусламжийг авах бичигт Х.Баттулга явж очоод Бээжинд гарын үсэг зурсан хэрэг.

Түүнээс Хятадын дарга Х.Баттулга Ерөнхийлөгчид саймширсандаа ч онцгойлон өгч байгаа бэлэг бишээ. Энэ мөнгийг Хятадын татвар төлөгчид Монголын ард түмэнд өгсөн болохоос Х.Баттулга гэж хувь хүнд өгөөгүй.

Тиймээс З.Энхболд даргын хэлээд байгаа тамирчдад зориулсан зочид буудал барихад зарцуулах нь эдийн засгийн хувьд үр ашиг багатай. Тэгээд ч энэ мөнгийг юунд зарцуулах нь манай Засгийн газрын эрх, мэдэл юм бол шүү дээ. Тэгж үрнэ гээд тэмдэг тавиад явуулаагүй тохиолдолд, дээрх буцалтгүй тусламжаар Монголд спортын ордон, тамирчдад зориулсан зочид буудлаас илүүтэй эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө мөнгөөр дутсан, гацсан өч төчнөөн асуудлыг зохицуулж болохоор. Буцалтгүй тусламж гэхээрээ юу дуртайдаа зарцуулж, юу дуртайгаа барина гэсэн үг бас биш юм.

Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр орны Гадаад харилцааны сайд нарын зурсан гэрээ хэлэлцээрээс харахад Монголд ган үйлдвэрлэх төсөл хэрэгжинэ гэдэг үлгэрийн далай. Монголын өмнөд хилийн ойролцоо Хятадын ган үйлдвэрлэх өч төчнөөн үйлдвэр байна. Нэмээд сануулахад, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байхдаа Ерөнхийлөгч Х.Баттулга “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” барина гээд Чингис бондын хөрөнгөөс 14 тэрбум төгрөг аваад бас л “дашийн шог” болчихсон нь худлаа биш.

Түүнчлэн Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай болон цахилгаан станц байгуулах төслийн барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай Монгол Улсын “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК болон БНХАУ-ын Синостийл Экүйпмэнт энд Инженерийн (SINOSTEEL) ХК хоорондын гэрээнд Монгол Улс гурав дахь удаагаа  гарын үсэг зурж байна. Ч.Сайханбилэгийн, У.Хүрэлсүхийн, Ерөнхийлөгч Х.Баттулгын гээд төрийн, албан ёсны айлчлал болгоноор зурагддаг нэг эрчим хүчний төсөлтэй болж орхисон нь Бөөрөлжүүтийн эрчим хүчний төсөл. Энэ мэт айлчлал болгоноор яригддаг "мөнхийн" гэрээ хэлэлцээр цөөнгүй бий. Хэрэгждэг ч үгүй, хэрэгжүүлэх гэхээр хэн нэгэн улстөрчийн амбиц араас нь байнга л дагалддаг. Тэдний нэг нь нүүрсний төмөр зам. 

Үндсэндээ Ерөнхийлөгч Х.Баттулгын дөрөв дэх болон анхны айлчлалаар зурсан гэрээ хэлэлцээрийг албан мэдээндээ жагсааснаас нь харвал Ерөнхийлөгч ганзага дүүрэн мэт, гэвч бодитоор өнгийгөөд үзвэл хов хоосон богцтой л ирж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж