Дөрвөдийн хэсэг ноёд Монгол Улсад дагаар оров /1912.04.29/

Хуучирсан мэдээ: 2019.04.29-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Дөрвөдийн хэсэг ноёд Монгол Улсад дагаар оров /1912.04.29/

 

NEWS агентлаг Монголын түүхэнд энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна

1912.04.29 Дөрвөдийн зүүн гарын дэд чуулганы дарга засаг төрийн жүн ван Түгээмэл тэргүүтэй хэсэг ноёд Богдод дагаар орох бичиг өргөн, Монгол Улсад албан ёсоор дагаар оржээ. Энэ нь Ховдод манж сайд бэхлэн сууж, шинэ тутам Монгол Улсыг заналхийлэн дайтахаар бэлтгэж байх үед баруун хязгаарыг манж сайдаас чөлөөлж, нутаг орноо бүрэн бүтэн болгохоор тэмцэж байсан бүх монголчуудын олсон анхны томоохон ололт байв.

1921.05 Барон Унгернийн умард зүгт хийх довтолгоон эхлэв. “Улааны аюулаас” сэргийлэх зорилгоор Монгол-Орос цэргийн бүрэлдэхүүнтэй Цагаантны цэргийн зарим бүлгүүд умард зүгт довтлов. Мөн үед Барон Унгернийн  мэдэлд Цэвээн тэргүүний 300, Бишрэлт гүн Сундуйгийн 700, “Тосон Заамар” гэдэг газраар баруун этгээдийг тохинуулахаар томилогдсон Балжинням гүний 500, Баяр гүний 500, бэйс Дугаржавын 200, Дарьгангад Найдан вангийн 300, Егүзэрийн хийдэд Дарь Эх ламын захирсан Монгол цэрэг гээд бүгд 3000 орчим монгол цэрэг байжээ.

1922.05.05 Ноёд лам нарыг өөрсдийн хуучин албат, хамжлага, ардуудаас албан татвар авах эрхийг хасав.

1926.05.03 БНМАУ-ын V Бага хурал хуралдав.

1930.05  БНМАУ-ЗСБНХУ-ын хооронд малын халдварт өвчин, тариалан ба бэлчээрийн хордуулагчидтай тэмцэх тухай, ариун цэврийн тухай зэрэг конвенци гэрээ байгуулав.

1930.05 Үндэс, угсаатны зөвлөл байгуулах шийдвэр гаргаж байв.

1931.05.01 Дотоод явдлын яамыг татан буулгаж, үүргийг нь ардын засгийн газрын захирах, байгуулах хэлтэст шилжүүлжээ.

1931.05 Гар үйлдвэрийн хоршоолол байгуулагджээ.

1944.05 Үйлдвэр барилгын яамыг “Аж үйлдвэрийн яам” болгон өөрчлөв.

1950.05 БНМАУ-БНРАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоов.

1952.05 Ю.Цэдэнбалыг БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн ерөнхий сайдаар томилжээ.

1955.05 БНХАУ-аас БНМАУ-д туслах анхны 6000 ажилчин ирэв.

1960.05 БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Жоу-Энь-Лай БНМАУ-д айлчлав. Айлчлалын хүрээнд БНХАУ-тай харилцан туслалцах гэрээ байгуулав.

1961.05 Шинжлэх ухааны хүрээлэнг өргөтгөж, Шинжлэх ухааны академийг байгуулж, нээх ёслол болов. ШУА-ийн анхны ерөнхийлөгчөөр Б.Ширэндэв томилогдов.

1961.05.05 1960 онд байгуулсан “БНХАУ-аас БНМАУ-ын бүтээн байгуулалтанд туслах ажилчид үйлдвэр бүтээн байгуулах тухай гэрээ”-ний дагуу 1961 онд эхний хэсэг болох 754 хүн Улаанбаатарт ирэв.

1962.05.04 1962 онд Хятадаас БНМАУ-д тохиолдсон гамшигт тусламжаар эд материал өгөх бичигт Монголын Сайншандад гарын үсэг зурж, 1961 онд Монголын гамшигт өртсөн зүүн бүсийн аймгуудад Хятадаас 1890000 төгрөгийн үнэ бүхий бараа тусламжаар олгохоор болов.

1965.05 Сайд нарын зөвлөлөөс БНМАУ-БНХАУ-ын хоорондох хилийн шугамыг тогтоосон протокол, хилийн зурвасын газрын зургийг батлав.

1975.05 Улаанбаатар хотод “Залуу техникчдийн ордон” нээгдэв.

1990.05 АИХ-ын хуралдаанаар төрийн эрх барих дээд байгууллага нь АИХ байх, хууль тогтоох дээд байгууллага нь УБХ, Улсын Ерөнхийлөгчийн албан тушаал бий болгох, СнЗ-ийг Засгийн газар болгох шийдвэр гаргав.

1990.05.04 БНХАУ-ын дарга Ян Шанкуний урилгаар АИХ-ын тэргүүлэгчдийн дарга П.Очирбат БНХАУ-д айлчлал эхлэв.  Энэ нь 1962 оноос хойш Монгол Улсын төрийн дээд албан тушаалтан анх удаа Хятадад айлчилж байгаа явдал байв. Айлчлалын үеэр БНХАУ-ын ГЯЯ-ны сайд Цянь Цичэнь БНМАУ-ын ГЯЯ-ны сайд н.Гомбосүрэн нар Хятад Монгол хоёр улсын Засгийн газар шинжлэх ухаан, техник, байгаль хамгаалах болон эрүүл ахуйн асуудлаар гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурав.

1992.05.05 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын бүх цэргийн хар тугийг залах ёслол болов. Урлагийн Гавьяат зүтгэлтэн М.Амгалангийн зургаар хийсэн тэрхүү хар сүлдийг бүтээхэд 500 гаруй хүн, 16 байгууллага оролцож, Монгол Улсын 200 гаруй сумын 1000 гаруй азарганы хөхөл үс цуглуулжээ.

1993.05.01 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхлэв. Сонгуульд МАХН-аас Л.Түдэв, Монголын ардчилсан намаас П.Очирбат нар Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр нэр дэвшлээ.

1993.05.03 Монголын сэтгүүлзүйн байгууллагууд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг албан ёсоор тэмдэглэж эхлэв. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 онд энэ өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргасан юм.

1994.04.30 Хятад –Монгол хоёр улсын Засгийн газар хооронд улс төр, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комиссын гурав дахь удаагийн хуралдаан Улаанбаатар хотноо болов. Энэ хуралдаанаар Хятадын Засгийн газраас Монгол Улсад буцалтгүй тусламж нийлүүлэх тухай баримт гардуулсан ба хоёр улсын Засгийн газар гадаад худалдааны хамрах хүрээ, цаг хугацааг тодотгосон баримт солилцов.

1997.05.01 Монгол Улсын Засгийн газраас импортын барааны гаалийн татварыг “тэглэв”.

1998.05.02 АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайт Монгол Улсад айлчлав.

1998.05 Хятадын Засгийн газрын тусламжаар байгуулсан Монгол Улсын эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийн анхны үйлдвэрийг Улаанбаатар хотноо албан ёсоор ашиглалтанд оруулав. Энэ бол Хятадын Засгийн газраас Монгол Улсад буцалтгүй тусламжаар барьж өгөх 15 жижиг,дунд үйлдвэрийн төслийн 12 дахь нь юм.

2000.04.29 БНХАУ-ын ГЯЯ-ны сайд Тан Зясюаны урилгаар Монгол Улсын ГХ-ийн сайд Н.Туяа БНХАУ-д албан ёсны айлчлал хийв.

2000.05 Дорноговь аймгийн  нутагт малын гоц халдварт шүлхий өвчин гарч, улмаар улсын хилийг хааж, хөл хорив.
Мөн энэ онд  өнгөрсөн өвлийн зуданд энэ сарын байдлаар улсын хэмжээнд 13 аймгийн 2.4 сая мал хорогдож, нийт хорогдлын 80 хувь нь Дундговь, Өвөрхангай, Завхан, Увс, Баянхонгор, Төв аймгуудад гарчээ.

2010.05.01 Монгол, Хятад улсын хамтарсан Соёлын төв байгуулахыг санал нэгтэй зөвшөөрч, харилцан гарын үсэг зуржээ.

2011.05.04 БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт буцалтгүй тусламжаар 900мянган юанийн өртөгтэй газар тариалангийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол Улаанбаатар хотод болов.

2011.05.06 БНХАУ-ын Ардын банк Монгол Улсын Төв банк хооронд юань, төгрөгтэй харьцах хоёр талын валютын солилцооны хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

2013.04.29 Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал Улаанбаатар хотноо болов.

2014.05.01 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн шагналын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын талаарх нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.

2015.05.01 “Монголын цахим сэтгүүлзүйн анхдугаар форум” Төрийн ордонд боллоо. Форумаар “Улаанбаатарын цахим тунхаг”-ийг батлав.

2017.05.05 Аугаа Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөний нээлтийн ёслол Москва хотын  Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд болов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж