Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ өнөөдөр /2019.04.28/ ээлжит бусаар МҮЭСТО-нд хуралдлаа. Ээлжит бус ҮБХ-ны хуралдаан 70 гаруй хувийн ирцтэйгээр хуралдсан байна. Тус хуралдаанаар 2019 оны зургадугаар сарын 30-нд болох Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох эсэхээ шийдвэрлэлээ. Ардчилсан намын зүгээс нөхөн сонгуульд оролцох бөгөөд энэ удаагийн нөхөн сонгуульд Хэнтийн аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлэхээр болсон байна.
Сонгуулийн хуулийн дагуу намууд тавдугаар сарын 1-ээс өмнө нөхөн сонгуульд оролцох эсэх шийдвэрээ гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Харин Сонгуулийн ерөнхий хороо тухайн намыг нөхөн сонгуульд оролцох эсэхийг ажлын тав хоногийн дотор буюу тавдугаар сарын 5-ны өдөр хариу мэдэгдэх ёстой юм.
Мөн энэ удаагийн ҮБХ-ны хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Б.Болорыг Архангай аймаг, Д.Жаргалсайханыг Баянхонгор аймаг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтан Р.Сэддоржийг Өмнөговь аймаг, О.Мөнхбаярыг Төв аймгийн Улс төрийн зөвлөлд тус тус сонгосон байна. Тус намын Улс төрийн зөвлөлд аймаг, нийслэлийн намын дарга нар болон Үндэсний бодлогын хорооноос бүрдсэн 30 гаруй гишүүнтэй багтдаг юм.
Сануулахад, МАН-ын Бага хурал маргааш хуралдаж, Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцох эсэхээ шийдвэрлэх юм.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ