Эрх баригчид Х.Энхжаргалыг чөлөөлөх үндэслэл “олжээ”

Хуучирсан мэдээ: 2019.04.29-нд нийтлэгдсэн

Эрх баригчид Х.Энхжаргалыг чөлөөлөх үндэслэл “олжээ”

Эрх баригчид Х.Энхжаргалыг чөлөөлөх үндэслэл “олжээ”

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны энэ долоо хоногийн Лхагва гаригийн хуралдаанаар АТГ-ын дарга, дэд дарга нарыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал, АТГ-ын дарга Х.Энхжаргал болон өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх гэж буй АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын асуудлыг, дараагийн удирдлага томилгоотой хамтад нь хэлэлцэхээр төлөвлөжээ. УИХ-ын даргын зөвлөл өнгөрсөн Баасан гаригт хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороо, бүлэг, ажлын хэсэг, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталдаг. Үүний дагуу батлагдсан товд АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлыг тусгасан байна.

Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу хуулийн байгууллагын удирдлагыг чөлөөлөх, томилох хуулийн төсөл “үүргээ” биелүүлчихсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн томилдог Ерөнхий прокурор, орлогч нар болон Улсын дДээд шүүхийн ерөнхий шүүгч нарыг чөлөөлж, дараагийн хүнээ томилоод буй. Гэхдээ Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид Дээд шүүхээс ирүүлсэн Д.Ганзоригийг Ерөнхийлөгч томилох эсэхээ шийдээгүй байгаа юм. Ерөнхийлөгч АТГ-ын  удирдлагыг чөлөөлөх саналыг өмнө нь хоёр ч удаа тавьсан ч АТГ-ын удирдлагыг УИХ томилдог учраас “шууд” оролцох боломж байхгүй байсан. Тэгээд ч одоогийн АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй учраас хууль “зөрчиж” огцруулах боломжгүй байсан юм.

Одоо харин Ерөнхийлөгчийн хүслийг “далд” аргаар УИХ-ын дарга Г.Занданшатар биелүүлэхийг оролдож буй бололтой. Эрх баригч МАН-ын зүгээс АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах үндэслэл, гаргалгааг олсон тухай яриа улс төрийн хүрээнд сонсогдох болсон.

АТГ-ын даргыг чөлөөлөх үндэслэл нь хэрэг дарсан учраас ҮАБЗ-өөс зөвлөмж гарсан эсвэл үүрэгт хугацаа нь дууссан гэсэн хоёр л гаргалгааг олсон талаар МАН-ын гишүүд дунд яригдах болсон. Харин АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн учраас түүнийг чөлөөлөхөд хууль зөрчихгүй.

АТГ-ын даргыг чөлөөлөх асуудал яригдах бүрт дараагийн удирдлага хэн байх, хэн нь өөрийн хүнээ тавих вэ гэдэг улс төрийн хүрээнд анхаарал татсан сэдэв болдог. МАН болон Ерөнхийлөгчийн хүрээнд АТГ-ын дараагийн даргад хурандаа Б.Ууганбаяр болон Дотоодын цэргийн штабын дарга хурандаа С.Ганбат нарын нэрс яригдаж буй. Харин дэд даргад ШШГЕГ-ын дэд дарга Ж.Батсайхан болон Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга З.Дашдаваа нарын нэрс яригдаж байна. АТГ-ын удирдлагыг чөлөөлөх асуудал эрх баригчид, Ерөнхийлөгчийн санаснаар хурдан шийдэгдэнэ гэдэг юу л бол. Ямар ч гэсэн одоогийн удирдлага чөлөөлөгдөж буй шалтгаан нь хуулийн дагуу эсэх, улс төрийн шалтгаантай эсэх гээд  нэг хэсэгтээ л улс төрийн хүрээнд анхаарал татах биз ээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж