Автомашин бензин идэх биш агаараар амьсгалдаг болжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.12-нд нийтлэгдсэн

Автомашин бензин идэх биш агаараар амьсгалдаг болжээ

Сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд нефтийн  нөөц багасч, үнэ өсөхийн хэрээр нефтийн бус альтернатив төрлийн шатахуун, байгаль экологид ээлтэй өөр төрлийн эх үүсгэврүүдийг хайх, ашиглах явдал мөрөөдөл, туршилт бус өдөр тутмын хэрэглээ болсоор байна. Шинэ төрлийн түлш шатахуун, тухайлбал: ус болон устөрөгч, цахилгаан, спирт түүний холимог, ургамлын тос гэх мэтийн зэрэгцээ байгаль экологийн хувьд хамгийн цэвэр төрөлд тооцогдож байгаа шатахуун бол шахсан агаар юм.

Шахсан агаарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд ашиглах нь шинэ санаа биш бөгөөд аль 19 дүгээр зуунд зарим уурхайн дотоод тээвэрт ашигладаг байжээ. 1860 онд Жюль Верн ирээдүйн автомашинд шахсан агаарыг ашигладаг болох тухай зөгнөж бичсэн байна. Тэрчлэн яг энэ зарчмыг ОХУ-ын армийн зэвсэглэлд БТР-50ПК-ийн хөдөлгүүрийг асаахад ашиглаж байна. Стартер ажиллахгүй болсон үед шахсан агаараар асаадаг байна.

Энэтхэгийн автомашин үйлдвэрлэгч компани Tata Motors, Францийн MDI компанитай  энэ чиглэлд хамтран ажиллахаар гэрээ хийж,  MDI компанийн инженер-зохион бүтээгч  Гай Негре (Guy Negre) -ийн 1991 онд бүтээсэн бензин болон шахсан агаараар ажилладаг гибрид хөдөлгүүрийг сайжруулж агаарын хөдөлгүүр бүтээхээр 15 жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон загваруудыг үйлдвэрлэж эхлээд байна.

Tata Motors компани 2007 оноос MDI компанийн MiniCAT загварыг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд жилд 6000 “агаарын” автомашин үйлдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна. Машины ажиллах зарчим нь ердийн агаарыг 300 атм даралт хүртэл шахаж, тусгай банканд хурааж, буцаан гаргахдаа дотоод шаталтын хөдөлгүүрийг санагдуулам төхөөрөмжөөр дамжуулж ашиглана.  Хөдөлгүүр нь 4 цлиндртэй бөгөөд 700 м.куб–ийн багтаамжтай. Тус автомашин хамгийн ихдээ 100 км/цаг хурдалдаг ба их хотын хөдөлгөөний хурдад маш тохиромжтойгоор бүтээгдсэн. Шатахууны бакийг нь ердийн хөнгөн пластикаар хийсэн бол, бүтэн нэг банк 90 м.куб агаараар 200-300 км зам туулах чадвартай байна.

Шатахуун /агаар/ дууссан үед түүнийг тусгай зориулалтын ШТС-д ердөө л 2-3 минут орчимд цэнэглэж болдог. Иймд эдийн засгийн хувьд маш их хэмнэлттэй. Тухайлбал: 100 км явах зардал нь 2000-аас 3000 төгрөг орчим гэсэн үг /Цахилгааны үнээс хамаарна/. Харин маслийг нь 50000 км тутамд нэг удаа солих шаардлагатай. Тэрчлэн заавал тусгай ШТС-д цэнэглэхгүй байсан ч болох бөгөөд MiniCAT-ийг ердийн үүсгэвэрт залгах үед өдөлгүүр яг компрессор шиг ажиллаж банкаа дүүртэл цэнэглэдэг байна. Харин ийн цэнэглэхэд  3-4 цаг хэрэгтэй. Тиймээс үйлдвэрлэгч цэнэглэлтийг шөнийн цагт хийхийг санал болгож байгаа ажээ.

Үйлдвэрлэгчдийн санал болгож байгаа үнэ нь ойролцоогоор 11000 доллар. Энэхүү моделийг зохион бүтээгч MDI компани нь нийтдээ 12 орны автомашин үйлдвэрлэгчидтэй гэрээ хийгээд байгаа бөгөөд АНУ, Англи, Испани, Бразили болон бусад орны үйлдвэрлэгчид агаарын машиныг их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой гэдэгтэй санал нийлээд байна. Аль хэдийн дөрвөн  төрлийн тухайлбал таван  хүний суудалтай кабин, фургон, такси, пикап загвар бэлэн болжээ.

Агаарын автомашины давуу талууд:

Харьцангуй дуу багатай
Экологийн хувьд цэвэр тээврийн хэрэгсэл
Ямар нэгэн түлш шатахуун шатаах шаардлагагүй
Цахилгаан болон устөрөгчөөр ажилладаг адил төрлийн загваруудаас хямд
Ердийн агаараар цэнэглэж болдог
Агаарын температураас хамаарахгүй г.м
Дутагдалтай талууд:
Баллон болон агаарын энергийн багтаамж бага
Өвлий улиралд салоныг халаалтгүйгээр ашиглахад тохиромж муутай
Бүх нийтээр өргөн дэлгэр ашиглаж сураагүй г.м


Химийн ухааны доктор (Ph.D) Б.Даваацэрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж