НБА-ийн улирлын тоглолтууд өндөрлөж, плэй-оффын тоглолтууд үргэлжилж байна. Энэ өдрүүдэд плэй-оффын гадна үлдсэн багууд улирлаа дүгнэн ирэх улиралдаа бэлдэж эхлээд байна. Л.Жеймсийг авчирсан ч плэй-оффын гадна үлдээд байсан "Лос-Анжелес Лейкерс" баг хамгийн их хөдөлгөөнтэй байгаа бөгөөд багийн ерөнхийлөгч М.Жонсон ажлаа өгсөн бол дасгалжуулагч Л.Уолтон ажлаа өгөөд байсан. "Лос-Анжелес Лейкерс" багийн дасгалжуулагч асан тэрбээр "Сакраменто Кингс" багийн дасгалжуулагчийн албанд томилогджээ.
"Сакраменто Кингс" багийн ерөнхий менежер Серби эрхэм В.Видачид уг шийдвэрийг гаргахад тийм ч их бодох шаардлага байсангүй бололтой. Учир нь В.Видач 2004-2005 оны улиралд "Лос-Анжелес Лейкерс" багийн бүрэлдэхүүнд Л.Уолтонтой хамт тоглож байсан эртний танилууд ажээ.
"Сакраменто Кингс" баг 2018-2019 оны улиралд Д.Жоргер дасгалжуулагчийн удирдлага дор 82 тоглолтод 39 хожил авч, плэй-оффын гадна үлдсэн. Л.Уолтон "Лос-Анжелес Лейкерс" багийг сүүлийн гурван улирал удирдахдаа мөн плэй-оффт шалгарч чадаагүй. Улирлын тоглолт өндөрлөсний дараа "Кливлэнд Кавальерс", "Мемфис Гриззлис", "Финикс Санс", "Сакраменто Кингс" болон "Лос-Анжелес Лейкерс" багууд дасгалжуулагчаа ажлаас нь чөлөөлөөд байсан. Тэгвэл "Сакраменто Кингс" баг дараагийн дасгалжуулагчаа авчирчээ.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ