Копа де Франс буюу Францын хөлбөмбөгийн цомын АШТ-ий 2019 оны аварга багаар Рейн клуб шалгарлаа. 102 жилийн түүхтэй тус тэмцээний 2018-2019 оны аваргын төлөө ПСЖ болон Рейн клубууд шалгарсан бөгөөд шигшээ тоглолт Францын нийслэл Парис хотын “Стад де Франс” цэнгэлдэх хүрээлэнд болж, Францын ерөнхийлөгч И.Макрон хүрэлцэн ирсэн нь тэмцээний ач холбогдлыг өндөрсгөж байлаа.
Хоёр багийн тоглолтын эхний гоолыг 12 дахь минутад Д.Алвес 16-ын шугамын гаднаас шууд гуядан нэгэн гоёмсог гоолыг оруулснаар ПСЖ тэргүүллийг авсан. Эхний гоолоос ердөө найман минутын дараа Неймар багийнхаа тэргүүллийг баталгаажуулсан хоёр дахь гоолыг оруулсан. Гэсэн хэдий ч Рейн клуб ээлж дараалан довтолж байсан нь үр дүнгээ өгч тоглолтын 40 дэх минутад нэг гоол оруулсан.
Рейн клубын гоолын эзэн нь ПСЖ клубын П.Кимпембе байсан бөгөөд эсрэг багаас ирсэн хөндлөн дамжуулалтыг таслах гээд өөрийн хаалгандаа гоол оруулсан юм. Энэ гоол Рейн клубт сэргэлтийг авчирсан нь ПСЖ довтолгоог зогсоож байснаас харагдана. Ингээд булангаас ирсэн бөмбөгийг хамгаалагч Мешер мөргөж оруулснаар бүх зүйл шинээр эхлэв. Ийнхүү үндсэн баг 2-2 харьцаатай тэнцэж, нэмэлт цагт мөн гоолгүй өндөрлөж, 11 м-ийн цохилтоор ялагчийг тодруулах хариуцлагатай мөч ирсэн.
Хоёр багаас үндсэн таван тоглогч цохилтоо амжилттай гүйцэтгэж, зургаа дахь тоглогч цохиж эхлэхэд ПСЖ клубын К.Нкунку шувуу буудсанаар багийнхаа сүүлийн дөрвөн жил эзэмшиж байсан цомыг Рейн клубт бэлэглэсэн. Рейн клуб Францын цомын АШТ-д түрүүлснээр гурав дахь удаагаа тус цомыг хүртэж байгаа ажээ. Өмнө нь 1965, 1971 онуудад Францын цомын АШТ-д түрүүлж байжээ.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ