Долоо хоногийн онцлох нийтлэл

Хуучирсан мэдээ: 2019.04.28-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох нийтлэл

Долоо хоногийн онцлох нийтлэл

Н.Энхбаярын тохироо ба У.Хүрэлсүхэд ирэх боломж

УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж түүний суудал эзгүй байсаар жил гаруйн хугацааг үдэж байна. Тэрбээр Хэнтий аймгийн 42 дугаар тойргийг төлөөлөн УИХ-д сонгогдсон байсан. 42 дугаар тойргийн нөхөн сонгууль  2019 оны зургадугаар сарын 30-ны өдөр болно.

Хуульд заасны дагуу намууд тавдугаар сарын 1-ээс өмнө нөхөн сонгуульд оролцох эсэхээ шийдвэрлэж, Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ хүргүүлэх ёстой. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 121.1 “Нам, эвсэл нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн төв байгууллагад ирүүлнэ гэж заасан. Энэ хугацаа нь тавдугаар сарын 1-ний өдрөөс дуусгавар болох юм.

Нөхөн сонгуульд оролцохоо хамгийн ихээр илэрхийлж, тойргоо усалж яваа нам бол МАХН. Тэд өмнө нь ч нөхөн сонгуульд оролцоно, ингэхдээ намын дарга Н.Энхбаяр болон өөр нэр дэвших боломжтой олон хүн бий гэдгийг хэлж байсан. Ардчилсан намын хувьд ч оролцоно гэдгээ удаа дараа илэрхийлж, горилогч нь тойргоо услаад эхэлсэн. Тэгвэл энэ удаагийн нөхөн сонгуульд эрх баригч МАН оролцох эсэх нь өнөөдрийг хүртэл эргэлзээтэй байсан. Учир нь, энэ удаагийн нөхөн сонгуульд МАН-ын дарга У.Хүрэлсүх оролцох уу эсвэл гэсэн сонголтын өмнө байсан. Тиймдээ ч тус нам өнгөрөгч Лхагва гаригт /2019.04.24/ хуралдаж, ирэх Даваа гаригт /2019.04.29/ намын Бага хурлаа зарласан. Ингэхдээ Удирдах зөвлөлийн хуралдаанаар энэ удаагийн нөхөн сонгуульд оролцоно, ингэхдээ намын дарга У.Хүрэлсүх ч оролцож болно гэдэг зүйлийг ярилцжээ. Тиймээс энэ удаагийн нөхөн сонгууль хамгийн ширүүн, өрсөлдөөнтэй болохоос гадна ирэх 2020 оны сонгуулийн өмнөх хамгийн том сунгаа болох юм.

Нөхөн сонгуульд оролцох намууд нэр дэвшигчээ санал авахаас 37 хоногийн өмнө буюу 2019 оны тавдугаар сарын 24-28-ны хооронд СЕХ-нд бүртгүүлнэ.

НӨХӨН СОНГУУЛИЙН ГОРИЛОГЧИД

Нөхөн сонгуулийн гол тоглолт МАН, АН, МАХН-ын дунд өрнөнө. Хамгийн чухал нь энэ удаагийн нөхөн сонгууль дээрх гурван намаас нэр дэвшигчдэд аль алинд нь улс төрийн том хүч үзүүлэхүйц өрсөлдөөн байх болов уу. Ялангуяа бүлэггүй болсон АН-д нэг суудал туйлын их хэрэгтэй. Хэдийгээр УИХ-д ганц суудалтай ч улс төрийн тавцанд хүчтэй өрсөлдөгч байсаар ирсэн МАХН-ын даргад том амбиц бий. Энэ бүхний эцэст МАН-ын дарга У.Хүрэсүх ч их хуралд орж ирж, тойргийн гаднаас бус дотор нь орж тоглох хүсэл бий.

МАН-ААС У.ХҮРЭЛСҮХ

МАН-ын дарга У.Хүрэлсүх өмнө нь Хэнтий аймгаас сонгогдож байсан, хэнтийчүүд түүнд анх удаа улстөрч, УИХ-д суух эрх өгч байсан. Энэ удаагийн нөхөн сонгуульд ч түүнийг өрсөлдөх байх гэсэн таамаг сүүлийн жил гаруй хугацаанд өрнөсөн. Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр нөхөн сонгуульд намын дарга У.Хүрэлсүх оролцох боломжтой гэдэг зүйлийг ч ярилцсан байна. Учир нь, нөхөн сонгуульд У.Хүрэлсүх өрсөлдөж, ялалт байгуулж чадвал УИХ-д суудалтай болох юм. Хэдийгээр намын дарга, Засгийн газрын тэргүүн ч гэлээ УИХ дахь бүлэг дотроо орж ирэх нь өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлын хувьд зөв хувилбар гэж үзэх хүмүүс МАН дотор байгаа гэнэ. Түүнээс гадна хэрэв МАХН-ын дарга Н.Энхбаяр нөхөн сонгуульд оролцоно гэвэл түүнтэй өрсөлдөхүйц хувилбар нь МАН дотор У. Хүрэлсүхээс өөр байхгүй гэдгийг ч хэлэх хүмүүс байна. Даваа гаригт болох Бага хурлын шийдвэрээс МАН нөхөн сонгуульд хэрхэн оролцох ерөнхий дүр зураг харагдах болов уу.

МАХН-ААС Н.ЭНХБАЯР, ЭСВЭЛ С.ГАНБААТАР

МАХН-аас энэ удаагийн нөхөн сонгуульд оролцоно гэдгээ аль эртнээс бэлтгэж, намын дарга Н.Энхбаяр үе үехэн Хэнтийг зорих болсон. Хамгийн сүүлд тэрбээр Лхагва гаригт өөрийн биеэр Хэнтийд очиж намын байрныхаа нээлтийг хийгээд ирсэн сурагтай. Түүний хувьд УИХ-ын гишүүн болох том хүсэл бий. Хэдийгээр МАХН УИХ-д нэг суудалтай ч тэр суудлаа тэр бүр ашиглаад байж чаддаггүй. Нөгөөтэйгүүр МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд улс төрийн гурав дахь хүчнийг толгойлж байгаа учраас өнөөдрийн өрнөж буй улс төрийн рингэн дээр гарах нь 2020 оны УИХ-ын сонгуульд суудлынхаа тоог өсгөх том боломж нь. Өмнөх парламентад бүлэгтэй, Засгийн газарт ч оролцоотой байсан МАХН ганцхан суудалтай гурав дахь жилээ үдэж буй. Тиймээс Н.Энхбаярын хувьд нөхөн сонгуулийг харж, улс төрийн том “тохироо” хийх бүрэн боломжтой. Хэрэв тохироонд орвол МАХН-ын дэд дарга С.Ганбаатарыг нөхөн сонгуульд сойхоор ярилцаж байгаа гэх мэдээлэл байна. Нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид тодрох хүртэл хором, цаг мөч бүхэн Н.Энхбаярын хувьд үнэтэй, бас чухал. Тиймээс ирэх өдрүүдэд өрнөх хөшигний арын тохироо Н.Энхбаяр Хэнтийг зорих эсэх тодорхой болох юм.

АРДЧИЛСАН НАМААС Ж.ОЮУНБААТАР НЭР ДЭВШИНЭ

2012 онд Ардчилсан нам Хэнтий аймагт олонх болж, тус аймгийг Ж.Оюунбаатар дөрвөн жил удирдсан. Түүний хувьд 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулах боломжтой хүний нэг гэсэн таамаг улс төрийн хүрээнд байсан ч МАН 21 аймагт үнэмлэхүй ялалт байгуулсан учраас АН түр амралт авсан. Тиймээс энэ удаагийн нөхөн сонгуульд Ардчилсан намаас Ж.Оюунбаатарыг сойхоор бэлтгэлээ базааж, сонгуулийн компанит ажлаа ч эхлүүлсэн сурагтай. Түүний хувьд 2016 оны УИХ-ын сонгуульд мөн л 42-р тойрогт нэр дэвшиж, Д.Гантулгад ялагдаж байсан. Хэрэв АН энэ удаад ялалт байгуулж чадвал УИХ-д бүлэгтэй болох боломжтой. Зөвлөлийн хэмжээнд хүрсэн АН-д нэг ч гэсэн суудал чухал учраас Ардчилсан нам ч гэсэн Ж.Оюунбаатараа хүч гарган дэмжиж, ялалтын төлөө зүтгэх болов уу.

 БИЕ ДААГЧДАД БОЛОМЖ ОЛДОХ УУ?

Хэнтийн энэ тойрогт өрсөлдөхөөр бие даагчид аль хэдийн бие халаалтаа эхлүүлсэн. Тухайлбал,  Хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Батжав энэ тойрогт өрсөлдөхөөр эртнээс Хэнтийг зорих болсон билээ. Намуудын рейтинг муу байгаа энэ үед бие даагчдад боломж гарч ирнэ гэж тооцоолсон байж мэднэ. Гэхдээ, намыг сонгох уу, хүнийг нь сонгох уу гэдэг Хэнтийн 42 дугаар тойргийн 12 мянган хүн шийднэ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж