“Газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах үеийн Нийслэлийн удирдлага, гамшгаас хамгаалах алба, төр, захиргааны байгууллага, төрийн цэргийн байгууллагын удирдлага зохицуулалт, харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлтийн дараах хор уршгийг үнэлэх цагийн байдлын дагуу нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагуудын 900 гаруй удирдах бүрэлдэхүүн ажиллаж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөгөө тодотгосон юм.
Мөн бүх шатны гамшгаас хамгаалах төлөвлөлтийг бодит байдалд нийцүүлэн тодотгох, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, салбар дундын удирдлага зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор төвийн зургаан дүүрэгт газар хөдлөлтийн нурангиас аврах ажиллагаа, Хүй долоо худаг “Монгол наадам” цогцолборт Улсын 1, 2, 3 дугаар эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвүүд хээрийн хүн эмнэлэг дэлгэх үзүүлэх дадлага сургуулиудыг зохион байгууллаа.
Иргэдэд тохиолдож болзошгүй аюул, осол, гамшгаас өөрийгөө болон гэр бүлээ авран хамгаалах мэдлэг, дадлыг олгох зорилгоор нүүн шилжих дадлага сургуулийг НИТХ-ын 2016 оны 94 дүгээр тогтоолоор батлагдсан аюулгүй 111 цэгт зохион байгуулахад нийслэлийн 3200 гаруй нийтийн орон сууц, 120 гаруй мянган өрхийн 420 гаруй мянган иргэн оролцлоо. Мөн иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулж, 3000 гаруй иргэнийг хамруулав.
Гурван өдөр үргэлжилсэн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд нийслэл, дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн, нийслэлийн бүх иргэдийн идэвх санаачлагатай оролцож, ажилласныг сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр онцлон дадлага, сургуулийг дүүрэн хангалттай дүгнэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ