Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Япон улсад хийсэн ажлын айлчлалын үеэр Японы Хууль зүйн сайд Такаши Ямашитатай уулзаж, тус улстай байгуулж буй “Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэхүү санамж бичгийг байгуулснаар монголчуудыг Японд хөдөлмөрийн гэрээгээр япон хүнтэй адил нөхцөлд, адил цалин хөлстэй ажиллах боломжийг бүрдүүлэхээс гадна монгол ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангах, Японд оршин суухтай холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэхэд дөхөм болох сайн талтайг ч С.Чинзориг сайд хэлсэн үгэндээ онцолсон.
Тэрбээр энэ тухай хэлэхдээ "Манай яамнаас дадлагжигч илгээх зөвшөөрөл авсан 67 байгууллага ажиллаж байгаа. 1154 монгол залуус тэдгээр компаниар дамжуулан Япон улсад ажиллаж, амьдарч байна. Гэхдээ ажиллах хүч, хөдөлмөрийн гэрээгээр гаргах ажлыг дээрх 67 байгууллага зохион байгуулахгүй. ХНХЯ-ны харъяа Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар зохион байгуулна. Хоёрдугаарт квот буюу ажиллах хүч авах тооны хязгаар тогтоохгүй. Энэ онд барилга, усан тээвэр, асаргааны чиглэлээр ажиллах хүч авна гэдгээ Японы тал мэдэгдсэн. Насны дээд хязгаар заахгүй. 18-аас дээш насны хүмүүс болно. Тодорхой хэмжээнд бүртгэгдсэн залуусаас хэлний түвшин, эрүүл мэндийн шаардлага хангасан залуусаас Японы тал өөрсдөө сонгоно. Ур чадвар, мэргэжлээс нь хамаарч сонгоно гэсэн үг. Японы талаас сая шийдсэн нэг асуудал бол Япон улсад дадлагжигчаар 3 жил ажиллаж байгаа залуус хугацаа нь дууссаны дараа өөрсдөө хүсвэл Хөдөлмөрийн гэрээгээр үргэлжлүүлэн ажиллах боломж нээгдэж байгаа. Дадлагжигчаар ажиллаж байгаа залуус гэрээний хугацаагаа сунгуулахыг хүсвэл заавал Монголд ирэхгүйгээр Япондоо байхдаа сунгуулаад ажиллаж болно" гэсэн юм.
Япон улсын хөдөлмөрийн яамнаас энэ оны эхэнд гаргасан мэдээлэлд дурдсанаар, 2018 оны арванхоёрдугаар сард ажиллах хүчний хомсдлын түвшин хамгийн өндөр байсан буюу 163 ажлын байранд 100 ажил хайгч иргэн ногдож байжээ. Тус улсын хүн амын насжилт нэмэгдэж, төрөлт багассан нь олон жилийн туршид хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний хомсдлыг бий болгосон аж.
Э.ЖОНОН
Холбоотой мэдээ