"Сүмо бөх үеэ өнгөрөөсөн уламжлалаа хаях хэрэгтэй"

Хуучирсан мэдээ: 2019.04.27-нд нийтлэгдсэн

"Сүмо бөх үеэ өнгөрөөсөн уламжлалаа хаях хэрэгтэй"

"Сүмо бөх үеэ өнгөрөөсөн уламжлалаа хаях хэрэгтэй"

Японы мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал Хаврын башёод түрүүлээд ярилцлага өгөхдөө алга ташин үзэгчдийг уухайлуулсан нь сүмогийн ертөнцөд ихээхэн маргаан дэгдээсэн. Сүмо бөхийн холбооноос түүнийг сүмогийн уламжлал, ёс зүйг зөрчсөн гэж буруутган сануулга өгч, дэвжээний багш Мияагино ояакатагийн цалинг гурван сараар 10 хувь хасах шийтгэл оноосон. Харин үүнтэй холбогдуулан Японы хамгийн анхны хэвлэлүүдийн нэг “Асахи Шинбүн” сонинд гарсан “Сүмо бөх үеэ өнгөрөөсөн уламжлалаа хаях хэрэгтэй” гэсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.


Япон сүмо бөхийн холбооноос Хакүхог “санбон жимэ” буюу үзэгчдийг алга ташин уухайлуулсных нь төлөө шийтгэсэн. Холбооноос түүнийг сүмо бөхийн уламжлалт дэг жаягийг уландаа гишгэлээ хэмээн ихэд шүүмжилсэн. Мэдээж дээд зиндааны, тэр тусмаа их аварга хүн ийнхүү уламжлалт зан үйлийг ойшоогоогүй нь сайшаагаад байх зүл биш ч гэлээ Сүмо бөхийн холбоо анхаарлаа хандуулах ёстой үүнээс ч том, маш чухал нэгэн асуудал байна. Энэ бол зодог тайлсан сүмоч ояаката буюу өөрийн гэсэн дэвжээтэй, дэвжээний багш болохын тулд заавал Япон улсын иргэн байх ёстой гэсэн үеэ өнгөрөөсөн, хэт өндөр шаардлага. Энэ хачирхалтай дүрмийг таягдан хаях цаг нь болсон гэдэгтэй Сүмо бөхийн холбоо эвлэрэх хэрэгтэй. Ийм бичигдээгүй хуулиас болж их аварга Хакүхо зодог тайсныхаа дараа сүмогийн ертөнцдөө үлдэж, дэвжээний багш болох мөрөөдлөө биелүүлэхийн тулд эх орноосоо татгалзаж, Японы иргэн болох хүсэлтээ өгөөд байна.

Хакүхо өнөөг хүртэл сүмогийн түүхэнд байгаагүй гэж хэлж болохоор гайхалтай том амжилтуудыг эвдсэн. Анх арван тавхан насандаа сүмо бөх болохоор Япон улсад ирж байсан Хакүхо 10 гаруй жилийн дотор сүмогийн хамгийн дээд цолыг хүртэж, одоогоор 42 удаа түрүүлээд байна. Тэрбээр онцгой амжилт гаргасан учир ямар нэгэн өндөр шалгуургүйгээр дэвжээний багш болоход буруудах зүйл байхгүй. Өөрөө ч Японы иргэн болохгүйгээр ояаката болохыг их хүсч байгаа.

Мэдээж түүнийг иргэншлээ солихгүйгээр шууд ояаката болбол зарим нэг хүмүүс шүүмжлэх л байх. Гэхдээ Сүмо бөхийн холбоо энэ асуудлыг дахин хэлэлцэхийг хүсээгүй учир Хакүхог маш хүнд шийдвэр гаргахыг хүчилсэн. Хакүхогийн эцэг өнгөрсөн жил өөд болохоосоо өмнө хүүгийнхээ иргэншлээ солих асуудлыг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байсан.

Эцэст нь Хакүхо өөрийн сонголтоо хийж, Японы иргэн болохоор шийдсэн. Түүнд энэ хэцүү шийдвэрийг гаргахад амар байгаагүй нь лавтай. Сүмо бөхийн холбооны нэгэн албан тушаалтан Холбооны бодлогыг хамгаалахын тулд “Сүмо бол Японы соёл. Сүмочид үүнийг үеийн үедээ өвлүүлэн үлдээдэг. Харин шинэ залуу бөхчүүдийг удирдан чиглүүлэх үүрэгтэй дэвжээний багш буюу ояаката гадны хүн байх нь тийм ч тохиромжтой зүйл биш. Гадныхан Япон соёлыг Япон хүн шиг зааж сургана гэдэг юу л бол” хэмээн хэлж байсан юм.

Энэ бол үнэхээр шударга бус зүйл. Орчин үеийн мэргэжлийн сүмог гадны бөхчүүдгүйгээр төсөөлөхийн аргагүй. Зарим гадны бөхчүүд зодог талсныхаа дараа ояаката болж ямар ч япон хүнээс дутахааргүй сайн багш, зааварлагч гэдгээ харуулж байгаа. Эсрэгээрээ зарим япон ояаката нар сүмо бөхийн уламжлалыг гутаан доромжилсон, ичгүүргүй үйлдэл гаргасныхаа төлөө сүмогийн ертөнцөөс нэг мөсөн хөөгдсөн гашуун туршлагууд байна. Тэгэхээр сурган хүмүүжүүлэх ур чадвар, үндэс угсаа хоёрын хооронд ямар нэгэн уялдаа холбоо байхгүй гэсэн үг юм. Энэ бол цэвэр хувь хүний ур чадварын асуудал.

Сүмо бөхийн холбоо бөхчүүдийн иргэншлээс үл хамааран тэдний  хэн нь сайн зааварлагч багш байж, ирээдүйд чадварлаг бөхчүүдийг төрүүлж, сүмо бөхийн хөгжилд хувь нэмрээ оруулж чадах вэ гэдгийг эрэлхийлэх ёстой.

Зарим сүмочид хүчирхийлэл, хар тамхи, мөрийтэй тоглоом, зодоон цохионы хэрэгт холбогдож сүмогийн ертөнцөд дуулиан шуугиан тарьсан нь нууц биш. Бүр ояаката хэмээх эрхэм нэр алдрыг хэдэн зуун саяар худалдаж авах оролдого хүртэл гарч байсан. Энэ бол дэвжээний багшийн чадвар дутуугийн үр дагавар.

Сүмо бөхийн холбоо дүрмэндээ өөрчлөлт хийж чадахгүй, эсвэл хүсэхгүй байгаа нь гадны бөхчүүд сүмогийн ертөнцийг эзлэхээс эмээсэн хэрэг. Энэхүү байгууллага нь хэд хэдэн хараат бус гишүүдээс бүрдсэн холбооны дотоод зөрчил маргааныг зохицуулах, хэм хэмжээг сахиулах үүрэг бүхий байгууллага юм. Харин хувь хүний иргэншлийн асуудал бол Сүмо бөхийн холбоо биш арай өөр байгууллагын хэлэлцэх асуудал билээ.

 

Эх сурвалж: ASAHI SHIMBUN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж