Дуулиант хэргүүд юу болов?

Хуучирсан мэдээ: 2015.05.14-нд нийтлэгдсэн

Дуулиант хэргүүд юу болов?

Авлигатай тэмцэх газар/АТГ, Улсын мөрдөн байцаах газар, Тагнуулын ерөнхий газраас үе үехэн шалгаж, сэрдэж байгаа хэргүүдийн талаар мэдээлдэг байсан. Харин улс төрийн захиалгаар, хэн нэгний даалгавраар ийнхүү мэдээлэл хийж бусдын нэр хүндэд халдаж байна гэж байгагүй шүүмжлүүлээд дараахан тус газрууд бараг л тэр чигтээ “унтчихсан” гэхэд болно. Учир нь дээрх газруудааар шалгагдсан томоохон гэгдэх хэргүүдээс шүүхээр шийдвэрлэгдсэн нь хуруу дарам цөөн байна. Тиймээс тус газруудад шалгагдаж байсан, олны анхаарлыг татаж байсан хэргүүд хаана хэрхэн шалгагдаж, хянагдаж байгаа талаарх мэдээллийг хүргэе.

Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Энхжаргалыг шалгаж байна

Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Энхжаргалыг АТГ-аас энэ оны эхнээс шалгаж эхэлсэн. Түүнийг “Тендер шалгаруулалтын журам зөрчсөн, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн” эхэлсэн талаар тус газраас мэдээлж байсан билээ. Мөн мөрдөн байцаалтын явцад Н.Энхжаргал нь албан тушаалаа урвуулан ашиглаж  Чингэлтэй дүүргийн “Спорт цогцолбор” –ын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа хууль зөрчсөн байж болзошгүй гэдэг сэжим илэрсэн гэнэ. Учир нь тендерт шалгарсан “Нийслэл өргөө” компани нь сүүлийн хоёр жил алдагдалтай ажилласан, тендерийн зохих шалгууруудыг хангаагүй байхад Д.Энхжаргал гэрээ хийсэн гэх хэргийг мөн шалгаж эхэлжээ.

АТГ-аас Я.Батсуурийг гадуур шалгаж байна

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг АТГ-аас өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд баривчлан Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж эхэлсэн. АТГ-аас “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг Эрүүгийн хуулийн 150.3, 263.2-д зааснаар буюу албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа юм. Я.Батсуурийг баривчилсан шалтгааныг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнгийн эхнэрийн нэр дээр бүртгэлтэй “Говь повер” компанид гаргаж өгсөн 5.4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөртэй холбоотой байж мэдэх юм гэсэн таамаг бий. Мөн УИХ-ын намрын чуулган завсарлахын өмнө буюу өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанид хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх үеэр “Говь повер” компанид ямар үндэслэлээр 5.4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон бэ гэдэг асуудал хөндөгдөж байсан юм.

Н.Энхбаярыг дүү, туслахтай нь хамт шалгаж байна

Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай тэмцэх хэлтсээс МАХН-ын дарга Н.Энхбаярт өнгөрсөн оны наймдугаар сард эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Хэргийг мөрдөн шалгах явцад энэхүү хэрэг нь албан тушаал, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой байх магадлалтай байсан тул хэргийг АТГ-т шилжүүлсэн байна. Тодруулбал, МАХН-ын байр болох Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Империал Гоулд” ХХК-ийн өмчлөлийн 900 метр квадрат талбай бүхий байрыг МАХН-ын дарга Н.Энхбаяр залилан мэхлэх аргаар авсан гэх хэрэгт сэжигтнээр татаад байгаа гэнэ. “Н.Энхбаяр манайд ирж тайлбар мэдүүлэг өгөх ёстой байсан. Гэтэл зарлан дуудах бичгийн дагуу ирээгүй. Мөн Н.Энхбаяртай холбоотой хэрэгт түүний дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нараас тайлбар мэдүүлэг аваагүй байна” гэж АТГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан Т.Мөнхтунгалаг мэдээлж байсан юм.  

Т.Цогт, Г.Маралмаа нарыг энэ сарын 21-нд шүүнэ

Дөрвөн настай охиноо зодож улмаар амь насанд нь хүрсэн гэх хэрэгт сэжиглэгдэж буй Т.Цогт, Г.Маралмаа нарыг энэ сарын 21-нд шүүх хурлын тов гарчээ. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд болох энэхүү хурал хохирогч насанд хүрээгүй гэх шалтгаанаар хаалттай болох гэнэ. Дүүргийн эрүүгийн хэргийн II прокурорын газраас талийгаач охины төрсөн эцэг Т.Цогтод Эрүүгийн хуулийн 107.3, 246.1-т зааснаар хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдэж шүүхээс шүүгдэгчээр татсан байна. Өөрөөр хэлбэл түүнийг бусдын амь нас аюултай нөхцөл байдалд байхад тусламж үзүүлээгүй, гэмт хэргийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэх хэрэгт буруутгасан  байна. Харин талийгаач охины хойд ээж 27 настай Г.Маралмааг охиныг зодож тархинд нь гэмтэл үүсгэн, уушгийг няцалснаас амь насанд нь хүрсэн хэрэгт шүүгдэгчээр татжээ. Тодруулбал, түүнийг биеэ хамгаалах чадваргүй, бага насны хүүхдийг байнгын дарамтад байлгаж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хэрцгийгээр зодож амь насыг нь хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татжээ. Мөн түүнийг шүүхээс буруутай гэж үзвэл 15-25 жилийн хорих ял эсвэл цаазаар авах ялаар шийтгэх гэнэ.

Л.Гансүхийн хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ

Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс 3.6 тэрбумыг завшсан байж болзошгүй гэх хэрэгт АТГ-аас  Л.Гансүх нарыг анх шалгаж эхэлсэн. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягын туслахаар ажиллаж байсан Л.Гансүхийг гурван сар гаруй Төв аймгийн хориход  цагдан хорьж улмаар эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргаад байгаа юм. Мөн түүнтэй холбогдох хэргийг АТГ-аас мөрдөн шалгаж нийслэлийн Прокурорын газарт шилжүүлээд байсан юм. Эх сурвалжийн мэдээлснээр Л.Гансүх нарын хэргийг дахин шалгах нь зүйтэй гэж прокуророос үзэн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.

Н.Түмэндэмбэрэлд гурван жилийн ял оноолоо

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл нарын найман хүний хэргийг Авлигатай тэмцэх газраас хоёр жил шахамын хугацаанд шалгаж улмаар энэхүү хэргийг өнгөрсөн сард шүүхээр шийдвэрлэлээ. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийг албан тушаалаа ашиглан тендерийн мөнгийг хувьдаа завшсан хэрэгт буруутгаж гурван жилийн хорих ял оноосон юм. Н.Түмэндэмбэрэлтэй хуйвалдаж тоног төхөөрөмж нийлүүлсэн гэх “Лабтех” компанийн гүйцэтгэх захирал Б.Болорт хоёр жилийн хорих ял оноожээ. Мөн энэ хэрэгт хамсаатан гэгдэх н.Туулд хоёр жилийн ял оноож, бусад таван шүүгдэгчийн гуравт нь тэнсэн харгалзах ял оноож, хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэднийг тендерийн мөнгийг 2012 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Сангийн яамнаас Н.Түмэндэмбэрэлийн эзэмшлийн “Лабтех” компанийн данс руу 1.735 тэрбум төгрөгийг MRI соронзон оношлогооны аппарат Шастиний нэрэмжит III эмнэлэгт нийлүүлэхэд зориулан шилжүүлсэн. Шилжүүлж авсныхаа дараа “Саммитмедикал сервис” компанийн данс руу нэг тэрбум 720 саяыг нь шилжүүлж, тендерийн ажлыг гүйцэтгүүлсэн нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл Н.Түмэндэмбэрэл нь бусадтай үгсэн хуйвалдаж өөрийнхөө компанийг тендерт шалгаруулаад өөр компаниар хуучин тоног төхөөрөмж нийлүүлсэн хэрэгт буруутгагджээ.  

Шарил хулгайлсан Д.Энхтөрд ял оноожээ

200 жилийн настай занданшуулсан шарил хулгайлсан гэх Д.Энхтөрийн хэргийг энэ сарын 11-нд дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шүүж түүнд ял оноосон билээ. Шүүхээс Д.Энхтөрийг булш сүйтгэсэн буюу түүнд байсан эд зүйлийг авсан хэрэгт буруутган зургаан сарын хорих ялаар шийтгэсэн юм. Д.Энхтөр нь Архангай аймгийн Цахир сумын нутаг, Содномдаржаа уулын өврөөс занданшуулсан шарилыг хулгайлан хил дамнуулан худалдаалах гэж байхдаа цагдаагийн байгууллагад баригдаж шалгагдаж эхэлсэн. Дашрамд, одоогоор занданшуулсан шарилыг Гандантэгчинлэн хийдэд хадгалж байгаа гэнэ.

Д.СҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж