Хашаа, хайс барих, буулгах явцыг зохицуулах журам батлав

Хуучирсан мэдээ: 2019.04.26-нд нийтлэгдсэн

Хашаа, хайс барих, буулгах явцыг зохицуулах журам батлав

Хашаа, хайс барих, буулгах явцыг зохицуулах журам батлав

Үргэлжлүүлэн нийслэлийн ИТХ-аар “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ыг хэлэлцэж байна. Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай журмын төслийг танилцуулав.

Улаанбаатар хотын өмнө тулгамдаад буй томоохон хүндрэлүүдийн нэг болох замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангахаар нийслэлийн Засаг дарга 2016-2020 оны “Түгжрэлгүй гудамж-Бухимдалгүй хот” арга хэмжээ тусгасан байдаг. Энэ хүрээнд 2009 онд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барьж, ашиглах журам”-ыг шинэчлэн зургаан бүлэг бүхий “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ын төслийг боловсруулсан байна. Нийслэлийн гудамж талбай дахь хашаа, хайсыг судлахад Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт буулгах шаардлагатай 10.9 км хашаа, хайс байжээ. Тэгвэл эл журмыг баталснаар долоон км хашааг буулгах боломж бүрдэж, автомашины орц, гарцыг нэмэгдүүлэн, хөдөлгөөний эрчмийг сайжруулах нөхцөл бий болно гэдгийг холбогдох албанаас мэдээлэв. Нийслэлийн ИТХ-ын Аз жаргалтай хот болон Хууль эрхзүйн хороо дээрх журмын төслийг хэлэлцэж, зарим заалтыг өөрчлөх таван санал гаргасан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан  төлөөлөгчид холбогдох хүмүүсээс асуулт асуусан юм.

Төлөөлөгч Ш.Үнэнбат: -Олон нийтийн дунд санал асуулга явуулсан уу. Үр дүн нь ямар байв. Зарим дүүргээс яагаад санал аваагүй вэ. Мөн журмыг сайтар уншихаар олонх байгууллага хашаагүй байх болчихсон байна. Аюулгүй байдал нь алдаглахгүй юу?

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ц.Тулга: -Долоон цахим хуудсаар санал авсан. 1400 гаруй иргэнээс санал авсны 1300 орчим нь журмын төслийг дэмжсэн байдаг. Бүх дүүрэг рүү албан бичиг хүргүүлж, санал авсан. Саналгүй дүүргүүд ирүүлээгүй байгаа.

Төлөөлөгч Б.Бямбадорж: -Хашаа, хайс барих зургийг Хот байгуулалт, хөгжлийн газар олгоно гэсэн байна. Ямар хэлбэрээр яаж өгөх вэ. Хашаа, хайс буулгах өмнөх журам яагаад хэрэгжихгүй байна вэ. Яагаад энэ журам батлагдсанаар хэрэгжинэ гээд байна вэ. Тээврийн цагдаагийн албаны зорчих хэсэг дээр тавьж байгаа хашлагыг энэ журмаар зохицуулах уу. Журмын хэрэгжилтийг хянах газар нь Хот төлөвлөлт, хөгжлийн газар болчихоод байна. Захирагчийн ажлын албатай хэрхэн хамтрах вэ?

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ц.Тулга: -Иргэд, аж ахуйн нэгж эзэмшил газраа хамгаалахын тулд хашаа, хайс барихыг журамд тусгасан байдаг. Ингэхдээ тухайн байгууллага нийслэлийн барилга, хот байгуулалт эрхэлсэн байгууллагаар хянуулах ёстой юм. Журам баталж, 2009 оноос нийслэлд “Хашаа” арга хэмжээг хэрэгжүүлсэн. Гэвч ямар байгууллага, ямар хашаатай байх вэ гэдгийг үүнд тодорхой тусгаагүй байсан. Мөн хариуцлагын тогтолцоог тусгаагүй учраас буулгасан хашааг буцааж барьж байсан. Тэгвэл хуучин журмын гурван бүлгийг сайжруулж, зургаа болгон нэмэгдүүлснээрээ уг журам давуу талтай. Авто замын зорчих хэсэгт тавьж байгаа хайсыг цаашид нэг хэв маягтай болгоно. Нийтдээ 22 төрлийн байгууллага хашаа, хайстай байхаар тусгасан. Тухайлбал, 16 барилга байгууламж хашаатай байхаар тусгаж, дөрвөн газарт хайс, хоёр газарт түр хашлага тавьж болох юм.

Төлөөлөгч Ц.Одонтунгалаг: -Олонх байгууллага эзэмшил газраа хашаалаад төлбөр авч автомашин оруулдаг. Үүнийг хэрхэх талаар журамд тусгасан уу. Орон сууцны хотхоны хашааг хэрхэн зохицуулах вэ?

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ц.Тулга: -Хашаатай байх 16 байгууллага, эдэлбэр газрыг журамд тусгасан. Тиймээс түүнээс өөр байгууллага хашаа барих боломжгүй. Орон сууцны хотхоны газар СӨХ-нд хамаардаг. Журамд орон сууц амьд хашлагатай байхаар тусгасан. Тиймээс тодорхой хугацаа өгч, одоогийн хашааг буулгуулна.

Энэ мэтээр төлөөлөгчид холбогдох албанаас нэмэлт тодруулга авсны дараа саналаа хэлсэн юм. Журмыг баталсаны дараа тусгасан зарим ажлыг түргэвчлүүлж, иргэдийг соён гэгээрүүлэх ажил хийх ёстой гэв. Мөн амины орон сууцны эдэлбэр газрыг хашаалах явцад зохицуулалт хийх шаардлагатай гэсэн юм. Тодруулж хэлбэл, эл журам хэрэгцээ байгаа, тиймээс батлах нь зөв  гээд хариуцлагын тогтолцоо, хэрэгжилтийн хяналтыг сайжруулах саналуудыг төлөөлөгчид хэллээ. Ингээд “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ыг баталлаа.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж