З.Нарантуяа малын хулгайтай тэмцэх хууль санаачилна

Хуучирсан мэдээ: 2019.04.26-нд нийтлэгдсэн

З.Нарантуяа малын хулгайтай тэмцэх хууль санаачилна

З.Нарантуяа малын хулгайтай тэмцэх хууль санаачилна

УИХ-ын гишүүн З.Нарантуяа малын хулгайтай тэмцэх хуулийн төсөл боловсруулж, Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай  хуулийн зарим заалтыг өөрчилж, ялын бодлогыг чангатгах шаардлагатай байгаа талаараа  “Зундуйн Дорж” сангийн тэргүүн болон малчдын хамтаар мэдээлэл хийлээ.

2019 оны эхний гурван сарын байдлаар малын хулгайн гэмт хэрэг 80 гаруй хувиар нэмэгдсэн байна. 2017 онд энэ төрлийн гэмт хэрэг улсын хэмжээнд 901 бүртгэгдсэн бол 2018 онд 1096 болж өсчээ.

Малын хулгай ийн нэмэгдэж байгаа нь  нөгөө талд малчид хохирлоо нөхөн төлүүлж чадахгүй байгаагаас гадна баригдсан малын хулгайчид ял сонсох юм уу нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх зохицуулалтын дагуу шийтгэл хүлээгээд л өнгөрдөгтэй холбоотой гэдгийг тэд хэлж байна.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн 17.12-ын тайлбар хэсэгт наймаас дээш бод, 24 тооноос дээш бог мал хулгайлсан тохиолдолд хүндрүүлэх нөхцөл гэж үзэж байна. Тэгэхээр 20 хонь хулгайлсан байхад хөнгөн гэмт хэрэг гэж үзэн, нийгэмд тустай хөдөлмөр эрхлүүлнэ гэдэг байж болохгүй зохицуулалт. Тиймээс малын тоо толгойг заахдаа илүү бодитой хандах шаардлагатай байгааг хэллээ.

Энэ талаар УИХ-ЫН ГИШҮҮН З.НАРАНТУЯА хэлэхдээ  “Хөдөө орон нутагт иргэд, сонгогчидтой уулзах үеэр малчид маань гурван асуудалд санаа зовж, УИХ-ын гишүүдийг анхааралдаа авахыг захидаг. Малын бэлчээрийн хомсдол, малын гаралтай түүхий эдийг боловсруулдаг үйлдвэрүүдийг бий болгож өрхийн орлогын нэмэгдүүлж өгөөч гэдгийг хэлдэг. Мөн малчдын хамгийн их санааг нь зовоосон асуудал бол малын хулгай. Сүүлийн үед малын хулгай улам газар авч зохион байгуулалттайгаар малыг нь хулгайлдаг, цаашлаад зэвсэг хэрэглэдэг, хоттой хониноос нь ачаад явдаг тохиолдол олон байгааг малчид хэлж байна. Одоогийн мөрдөж байгаа Эрүүгийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулиудыг илүү сайжруулах шаардлагатай байна. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд миний бие малын хулгайтай тэмцэх хуулийн төсөл боловсруулах дээр нэлээд судалгаа хийлээ. Эрүүгийн хуулийн 17.1, 17.3, 17.12 дахь заалтуудыг шинэчлэн, сайжруулах шаардлагатай байна. Мөн Зөрчлийн тухай хуульд малын хулгайг тусгай бүлэг болгон оруулах хэрэгтэй.

"ЗУНДУЙН ДОРЖ” САНГИЙН ТЭРГҮҮН, ИХ ЗОХИОЛЧИЙН ОХИН О.БАТХАНД:

Малын хулгайн гэмт хэрэгт оноох ял дэндүү хөнгөн байдгаас болж энэ төрлийн гэмт хэрэг өсөх үндсэн шалтгаан болж байна. Өнөөдөр олон улсад бусдыг заавал шорон гянданд хорих биш, тухайн хохирлыг барагдуулах нь илүү чухал гэсэн ялын уян хатан бодлого үйлчилж байна. Малын хулгайтай хийх тэмцэл нь үндэсний хэмжээний үйл хэрэг болчхоод байна.

Малчдын хөлсөө урсган байж үржүүлсэн мал сүргийг нэг л өдөр нядлаад дэлгүүрийн лангуун дээр бараа шиг зарж байгаа. Энэ бусармаг гэмт хэргийг зогсоохын тулд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах, малчдын нөхөрлөл сүлжээг бий болгох, үндэсний мэдээллийн баазыг өргөтгөж, богино хугацаанд мэдээлэл дамжуулах, солилцох зэрэг шат дараатай арга хэмжээг авах шаардлагатай байна.

Мөн хууль эрх зүйн орчноос гадна мэдээллийн бааз муу байдаг нь хэрэг илрүүлэлтэд сөргөөр нөлөөлж байна. Жишээ нь, Говь-Алтай аймгийн Тонхил суманд малын хулгай гарлаа гэхэд тухайн малын зүс гэх мэт шаардлагатай мэдээ мэдээлэл 21 аймгийн хэсгийн төлөөлөгч рүү цаасаар очих гэсээр байтал долоо хоног өнгөрч байна. Энэ хугацаанд нөгөө малыг хэдийн нядлаад, зараад, хэн нэгний хоол болчихдог. Энэ нь хууль хяналтын байгууллагын буруу гэж дүгнэхээсээ илүү бид үндэсний сүлжээ, мэдээлэл түгээх дата бааз, системийг боловсронгуй болгох арга техник байхгүйтэй холбоотой. Зөвхөн утсаар мэдээлэл солилцоно гэдэг маш хоцрогдсон хэлбэр. Гэмт хэргийн мэдээлэл бол зураг, огноо, газар нутгийн байршил гэх мэт олон дата байдаг. Эдгээр мэдээллийг бүх аймаг, сумдад хэдхэн минутад зэрэг хүргэдэг бол тэр хэрээр хэргийн илрүүлэлтийг хурдасгах боломж нэмэгдэнэ. Жишээ нь, малчин Болд малаа алдлаа гэхэд тухайн өдрөө хэсгийн төлөөлөгч дээр очиж, тус хэргийг компьютерт шивээд дуусахад бусад аймагт мэдээлэл нь очдог системийг яриад байгаа юм. Өнөөдөр төр малын хулгайчидтай зөвхөн  явган аргаар тэмцэж байна.

Малын хулгайн гэмт хэрэг өөрөө цаг хугацаатай уралддаг онцлогтой. Тиймээс малын хулгайчдын үйлдэл нарийсахын хэрээр төрийн хамгаалалтын механизмыг боловсронгуй болгох ёстой.

 УВС АЙМГИЙН МАЛЧИН Ж.ЦОГТ:

Малын хулгай малчдын сэтгэлийг зовоосон том асуудал болж хувирсан. Гар утасны хэрэглээ малын хулгайчдыг зохион байгуулалтад оруулж байна. Малын хулгайчдын хуулийн хариуцлагыг хүндрүүлэхгүй бол хулгай буурахгүй. Би 10 гаруй адуугаа алдаж байсан. Хулгайчдыг олоогүй. Цагдаа нар хэргийг бүртгэж аваад л өнгөрдөг.

ТӨВ АЙМГИЙН ЛҮН СУМЫН МАЛЧИН Ш.ОЮУНТУЯА:

Манай сум малын хулгайд хамгийн их өртдөг. Малчдын хөдөлмөр, ажлын онцлог нь өдөр, шөнө гэлтгүй бүтэн 24 цагийн турш ажиллаж байж хэдэн малаа өсгөдөг. Малын хулгай малчдын маань сэтгэл санаа, эдийн засагт ямар их хор хохирол учруулдаг вэ гэдгийг хэлэхэд хүнд. Манайх сүүлийн таван жил дараалан 20 гаруй адуу, долоон үхрээ алдаж байсан. Бог мал хариуцлагатай байдаг учир хулгайд өртөх нь харьцангуй бага. Малаа хулгайд алдсан даруйд цагдаа, хэсгийн төлөөлөгчид мэдэгддэг. Гэвч хулгайчдыг илрүүлэхэд дорвитой ажилладаггүй. Хэсэг хугацааны дараа хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж хэлдэг.  Сүүлдээ малчид маань цагдаад бүртгүүлэхээ ч больсон, итгэл нь бүр алдарсан гэсэн үг. Гадаах чөдөртэй морийг хүртэл хулгайлдаг болсон. Олон жилийн уйгагүй хөдөлмөрөөр өсгөсөн малаа нэг л өдөр алдана гэдэг үнэхээр харамсалтай.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа малын хулгайтай тэмцэх уг хуулийн төслийг хаврын чуулганы хугацаанд өргөн барих аж. Малчдаас санал авах ажлыг өнөөдрөөс эхлүүлж байгаагаа мэдэгдлээ. Түүнчлэн уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж УИХ, Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төслийг хамт өргөн барина гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж