ОХУ-ын Ерөнхийлөгчийг удаан хүлээлгэсний эцэст БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өчигдөр /2019.04.25/ Орост айлчилж, Владимир Путинтай анх удаа дээд хэмжээний уулзалт хийсэн. Хоёр улсын тэргүүнүүд Оросын Алс Дорнодын Владивосток хотноо уулзсан билээ. Уулзалт халуун дулаан уур амьсгалтай болж уулзалтын төгсгөлд Ким Жон, Владимир Путин нар өөрсдийн төлөөлөгчдийн хамт хүндэтгэлийн зоог барьж, Орос үндэсний урлаг соёлын үзүүлбэрийг үзэж сонирхсон.
Үүний дараа Ким Жон Ун хундаганы үг хэлж, ОХУ-ын Ерөнхийлөгчид авчирсан бэлгээ гардуулсан юм. Тэрбээр Солонгос үндэсний сэлэм бэлэглэсэн бөгөөд энэхүү сэлэм нь хүч чадлыг бэлгэдэхээс гадна үргэлж хамтдаа өөдлөн дэвшихийг хүссэн Умардын ард түмний сэтгэлийг илэрхийлж байгааг тайлбарласан юм. Харин Оросуудын хувьд хэн нэгэнд хүйтэн зэвсэг бэлэглэх нь тийм ч таатай зүйл биш гэдгийг учирлаад Ерөнхийлөгч Путин Ким Жон Уны бэлгийн хариуд зоосон мөнгө өгч муу бэлгэдлийг цайруулсан тухай дэлхийн хэвлэлүүдэд бичжээ.
Владимир Путины зүгээс Ким Жон Унд түүхэн уулзалтыг тохиолдуулан дурсгалын тэмдэг, цайны аяганы иж бүрдэл бэлэглэсэн байна. Ким Жон Ун ОХУ-д өөрийн хуягт галт тэргээрээ есөн цагийн турш явж ирсэн. Удаа хугацаанд галт тэргээр аялах учир замдаа Оросын ард түмний бэлэглэсэн аяганд цай ууж алжаалаа тайлахыг хүсээд бэлгээ өгчээ.
Эх сурвалж: nypost.com