ЖДҮчдийг дэмжсэн нам ялагдал хүлээнэ

Хуучирсан мэдээ: 2019.04.26-нд нийтлэгдсэн

ЖДҮчдийг дэмжсэн нам ялагдал хүлээнэ

ЖДҮчдийг дэмжсэн нам ялагдал хүлээнэ

ЖДҮХС-гаас тэрбум, тэрбумаар нь зээл авч, бусдын боломжийг хулгайлсан ЖДҮ-чид дуу орж эхэллээ. “Би ч зээл аваагүй, би ч хулгай хийгээгүй” гэж ярих хууль тогтоогчдын яриагаар бол тойргийнхоо сонгогчийн ЖДҮ-ийн зээл хүссэн төслийг дэмжээд л хэлмэгдсэн юм байх.

Авлигатай тэмцэх газар/АТГ/ өнгөрсөн оны сүүлээс УИХ-ын 49 гишүүнтэй нэр холбогдсон ЖДҮХС-гийн хэргийг шалгаж байгаад 15 гишүүнтэй холбогдох төслийг хэрэгсэхгүй болгохоор, гурван гишүүнтэй холбогдох төслийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн, хэргийг тусгаарлах саналыг Прокурорын байгууллагад хүргүүлжээ. Үлдэж буй 30 гаруй гишүүний ЖДҮХС-тай холбоотой төслүүдийг шалгаж байна. Удахгүй хэд нь УИХ-ын гишүүний хамаарал бүхий компанийн төсөл байв, хэд нь хамааралгүй төсөл бэ гэдгийг ялгаж салган, зарлах биз.

Хамгийн гол нь АТГ “но”-той гэж үзсэн гишүүдийг шалгах хүсэлтийг прокурорт хүргүүллээ ч УИХ-аас  бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй цагт жирийн иргэний нэгэн адил шалган, хариуцлага хүлээлгэх эрх зүйн боломж дутмаг байна.  Хуулийн чанд хамгаалалт дор байдагтаа ч эрддэг үү, эсвэл бүр ингэтлээ ёс зүй нь дордчихсон уу, зарим нэр бүхий гишүүн ЖДҮХС-гаас зээл авснаа хүлээн зөвшөөрсөн атлаа бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт ч гаргасангүй.  Ийм байхад Г.Занданшатарыг УИХ-ыг даргалсан үеэс парламентын нэр хүнд өссөн гэх судалгаа гарсан нь эргэлзээ төрүүлж буй. Шулуухан хэлэхэд ЖДҮ-гийн хулгайч нартаа хариуцлага тооцоогүй цагт УИХ-ыг хэн ч даргалсан шавар шавхайтайгаа л байна.

Уг нь хууль тогтоогчдод хууль дээдлэх ёс зүй байсан бол өдийд  Ц.Нямдоржийнхоо бариулсан шоронд л сууж байх ёстой юм. Харамсалтай нь, Монголын хууль жирийн иргэнд үйлчлэхээс цагаан захтнуудад үйлчлэхээ болиод удаж буйн жишээ ЖДҮХС-тай холбоотой дуулиан гэж хэлж болно.

Жирийн иргэн нь гудамжнаас гар утас олсноо зарсныхаа төлөө мөнгө угаасан хэргээр шоронд сууж байхад жилийн гурван хувийн хүүтэй тэрбумын зээл авсан УИХ-ын гишүүн нь хариуцлага хүлээхгүй суугаа нь хэнд хууль үйлчилдэг вэ гэдгийн нэг л жишээ.

Хэдийгээр шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хэнийг ч буруутгаж болохгүй гэдэг ч ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд өөрсдөө иргэдийнхээ боломжийг хулгайлснаа хүлээн зөвшөөрч, зарим нь олон нийтээс уучлал гуйсан. Тэдний заримыг жилийн гурван хувийн хүүтэй авсан зээлээ банк бус санхүүгийн байгууллага руу оруулж, 30 гаруй хувийн хүүтэй зээл болгон, их хэмжээний ашиг унагасан байхыг үгүйсгэхгүй гэдэг хардлага ч дагаж буй. Хуулийнхан авсан зээлээ юунд зарцуулж бэ гэдгийг шалган, нягтлах биз.

Гэхдээ тэд авсан зээлээ буцаан ЖДҮХС-нд хийсэн ч хэргийг нь цайруулах үндэслэл болохгүй. Хэрэв иймдээ тулсан бол гар утас олсноо зарсан иргэнийг шоронд суулгахаа л больчих хэрэгтэй.  Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой болохоос энэ жирийн иргэн, энэ нь хууль тогтоогч гэж хоёр өөрөөр үйлчлэх учиргүй.

Сонгогчдын хувьд ирэх 2020 оны сонгуулиар хариуцлагатай сонголт хийх шаардлага тулгарч байна. Наад зах нь ЖДҮХС-тай нэр холбогдсон УИХ-ын гишүүдэд дахин нүүр өгөх хэрэггүй. Тэд нэг хулгай хийсэн, дахиад хийхгүй гэх баталгаа үгүй. Сонгуулиар нэг их гоё амлалт өгдөг, сонгогдсон хойноо ард иргэдээ яаж нулимж буйг өнгөрч буй гурван жилийн хугацаанд хангалттай л харлаа шүү дээ. Ер нь ч тэгээд ЖДҮ-тэй холбогдсон гишүүдээ МАН дахиад нэр дэвшүүлбэл УИХ-ын сонгуульд ялагдахын л цондон.

Ардчилсан нам Засгийн эрх барьсан өмнөх дөрвөн жилд Оюутолгой төслийн далд уурхайг хөдөлгөж, 80 мянга гаруй иргэнийг орон сууцтай болгож, цементийн үйлдвэрүүд шинээр барьснаас эхлүүлээд  үйлдвэрлэлийг хөгжүүлж чадсан ч 2016 оны сонгуулиар дөнгөж бүлэг байгуулах хэмжээний суудал авсан. Ялагдлын гол шалтгааныг нь зөв хүмүүсээ , зөв тойрогт хуваарилж чадаагүй гэж үзэх нь бий.

Харин МАН ард түмнийхээ боломжийг хулгайлсан ЖДҮ-чдээ нэр дэвшүүлбэл 2020 оны сонгуулиар бүлэг ч байгуулж чадахгүй хэмжээний суудал авна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж