Олон улсын жазз хөгжмийн өдрүүд эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.04.26-нд нийтлэгдсэн

Олон улсын жазз хөгжмийн өдрүүд эхэллээ

Олон улсын жазз хөгжмийн өдрүүд эхэллээ

НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага буюу ЮНЕСКО-оос дөрөвдүгээр сарын 30-ныг Олон улсын жазз хөгжмийн өдөр хэмээн зарлаж, дэлхий даяар тэмдэглэдэг болсоор найман жилийг үджээ. Өнгөрсөн жилийн Олон улсын жазз хөгжмийн өдөр гэхэд дэлхийн 190 оронд 2000 гаруй жазз хөгжмийн наадам зохиогдсон. Монголчууд албан ёсоор гурав дахь жилдээ тэмдэглэх гэж байна.

Бүтээлч сэтгэлгээний хамгийн амьд илэрхийлэл, хил хязгаарыг үгүй хийж хүн төрөлхтнийг нэгтгэгч жазз хөгжим Монгол Улсад хэр хөгжиж явааг таниулж, жазз урлагт шимтэгч монголчууддаа энэхүү гайхамшигтай хөгжмөөр амьсгалах боломж олгохын тулд Fat Cat жазз клуб ЮНЕСКО-той хамтран тав хоногийн “Олон улсын жазз хөгжмийн өдрүүд” цуврал арга хэмжээг хүргэж байна. Олон нийтэд монголын жазз хөгжимчдийн сор бүтээлүүдийг танилцуулж, залуу үеэ бүтээлч, нээлттэй, эерэг сэтгэлгээнд хөтлөх нь энэхүү үйл ажиллагааны гол зорилго аж.

Жазз хөгжмийн өдрүүд:

  • Өнөөдөр /2019.04.26/ 21.00 цагаас Fat Cat жазз клубт “Day Off” цомгийн нээлтийн үдэшлэг болно. Энэ үдэшлэг нь үнэ төлбөргүй болох ажээ. 

Өнгөрсөн жил Улаанбаатар хотод шинэ өнгө аяс авчирсан нэгэн газар нээгдсэн нь Fat Cat жазз клуб билээ. Олон улсад жазз клуб ямар байдаг вэ тийм жишгээр байгуулсан, хөгжимчид нь жэм хийж, хөтөлбөргүй тоглодог газар нээгдсэн нь тэр. Өнөөдөр очвол тус клубийн анхны бие даасан цомгийн анхны сонсогчид болох юм. Жазз хөгжим сонирхогчдын эчнээ танил “Jazz Train” хамтлаг, Fat Cat клубийн хаус хамтлаг Bluescoopers, дуучин Тэнүүн, Жожо нар оролцон бичүүлсэн цомог аж.

  • Маргааш /2019.04.27/ 21.00 цагаас Fat Cat жазз клубт домогт дуучин Элла Фицжеральдын төрсөн өдөрт зориулсан үдэш болно.

Жазз хөгжмийн домог, “хатан хаан” Элла Фицжеральдын уянгалаг хоолой хаа газрын жазз уран бүтээлчдэд урам хайрлаж, амьдралд уянга нэмж, хөгжмийн увдисыг мэдрүүлдэг. Улаанбаатар дахь Гёте хөгжмийн танхимын (GMUB) дуучид түүнд зориулсан хүндэтгэлийн тоглолтод бэлдэн, олноо хамгаас танигдсан дуунуудыг нь бэлджээ. Тоглолтод дуучин Солонго, Энхжаргал, Билгүүн тэргүүтэй дуучид оролцоно.

  • Даваа гаригт /2019.04.29/ 21.00 цагаас Fat Cat жазз клубт Германы алдарт контрабасч Мартин Зенкерийн дөрвөлийн тоглолт болно.

 Мартин Зенкер GMUB төслийг санаачлан хэрэгжүүлэгч, жаззыг Монголд хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж буй эрхэм билээ. БНСУ, Монгол, Өмнөд Африк гээд олон улсад жазз хөгжмийн үрийг тарьж соёолуулж буй онолын профессор, контрабасс хөгжимчин тэрээр энэ удаад танд зориулж зөвхөн өөрийн бичсэн оригинал бүтээлүүдээ англи, солонгос, америк уран бүтээлчийн хамт тоглон сонирхуулах гэж байна. Түүний дөрвөл хамтлагийн тоглох "For Those Years to Come" цомгийг сонсох цор ганц боломж байж мэдэх юм.  

https://itunes.apple.com/us/album/for-the-years-to-come/971064373

  • Мягмар гаригт /2019.04.30/ 19.30 цагаас Шангри-Ла төвийн кино театрын IMAX танхимд Олон улсын жазз хөгжмийн өдөрт зориулсан тоглолт: “Баянмонгол” чуулга+Наагий, Энхжаргал+дэлхийн алдарт хөгжимчид

Монголд түмний сэтгэлд хоногшсон суут хөгжмийн зохиолч, Төрийн соёрхолт Сэмбийн Гончигсумлаагийн бүтээлүүдээс сорчлон жазз найруулгад хөрвүүлэн Эрхэмбаярын Энхжаргал дуулж Билли Харт нарын дэлхийд данстай хөгжимчдийг оролцон тоглуулж, Германы алдарт "Enja Records" лэйблд бичүүлсэн “Mongolian Song” цомгийг олон нийт тэр бүр сайн мэддэггүй. Энэ удаад энэ цомгийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ Гончигсумлаа гуайн бүтээлүүдийг дахин амьдруулах гэж байна. Мюнхений Хөгжим, театрын их сургуульд жазз хөгжмөөр магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа Э.Энхжаргал жазз хөгжмөөр мэргэжлийн боловсрол эзэмшиж буй анхны монгол билээ.

https://www.amazon.com/Mongolian-Song-Johannes-Enders-Billy/dp/B071HW9SLY

19.30 Баянмонгол чуулга, дуучин Н.Наранбаатар буюу Наагий

19.50 “Жазз Монголд” богино хэмжээний баримтат кино

20.00 Enji “Mongolian Song”

Дуучин – Эрхэмбаярын Энхжаргал /Монгол/

Саксофонч – Ким Жи Сук /Өмнөд Солонгос/

Төгөлдөр хуурч – Пол Кирби /Шотланд/

Контрабас –Мартин Зенкер /Герман/

Бөмбөрчин – Стив Прүитт /АНУ/

А.АНИР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж