Чуулган: МАН-ын бүлэг завсарлага авснаар хуралдааныг өндөрлүүлэв
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан 15.00 цагт эхлэхээр товлогдож, Харилцааны холбооны тухай, Шуудангийн тухай зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болсон. Гэвч дөнгөж сая үдээс хойших чуулганы хуралдааныг эхлүүлсэн ч МАН-ын бүлэг уг хуулийн төслүүдээр завсарлага авах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дарга МАН-ын бүлэгт дөрөв хоногийн завсарлага өгөв.
Мөн өнөөдөр УИХ-ын нэр бүхий гишүүдээс ирүүлсэн хаврын эсрэг Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар сонсох байсан ч салбарын сайд нь гадаадад томилолттой байгаа учраас хэлэлцэх асуудлаас хойшлуулсан. Тиймээс өнөөдрийн чуулганы хуралдааныг өндөрлүүллээ.
Чуулган: Захиргааны ерөнхий хуулийг дэмжлээ
Чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, санал хураалаа. Ингээд санал хураалтаар чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.
Үүгээр УИХ-ын чуулганы хуралдааны үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Чуулганы хуралдаан үдээс хойш 15.00 цагт хуралдана.
Ц.Цогзолмаа: Нэг удаагийн процесст үйлчлэх хууль баталж болохгүй
УИХ-ын чуулганы хуралдаан нээлттэй горимд шилжлээ. Хаалттай хуралдаанаар Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2019 оны төсвийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Ингээд чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.
Ингээд чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа. Тухайлбал,
УИХ-ын гишүүн Н.Оюундарь:
-Захиргааны ерөнхий хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага бий юу. Энэ талаар судалгаа хийсэн үү. Хуулийн салбарыхан саяхан чуулахдаа Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжихгүй байгаа гэдгээ илэрхийлсэн. Үүнд ямар нэг тайлбар өгсөн үү.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:
-Бүх зүйлийг Н.Оюундарь гишүүн мэдэж байгаа. Энэ хуулийг оруулж байгаа нь Засгийн газрын шийдвэр болон түүнийг хэрэгжүүлж байгаа гэсэн томьёоллоор оруулж ирж байгаа. Засгийн газрын тогтоол хэлбэрээр томилогддог цөөн тооны орон тоо бий. Энэ хүрээнд ганц нэг маргаан гардаг. Энэ хууль Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр төрийн захиргааны байгууллагуудаас гарч байгаа шийдвэр гэсэн хашилттай яваа. Мөн шүүх бол Үндсэн хууль болон түүнээс гарсан шийдвэрийг үг дуугүй биелүүлэх ёстой ч тийм биш болсон. Шүүх Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа учраас хуулийн төслийг оруулж ирж байгаа.
Ажлын хэсэг:
-Хууль тогтоомжийн хуульд заасны дагуу хэд хэдэн судалгаа хийсэн. Бид аливаа хууль тогтоомжийг Үндсэн хуулийн харьяаллаас давсан гэж үзсэн. Ер нь аливаа шүүх төрийн шийдвэрийг хүчингүй болгодоггүй ийм зарчим явагддаг. Засгийн газар 500-600 орчим шийдвэр гаргадаг бөгөөд иргэн рүү шилжсэн нь тун цөөхөн байдаг юм билээ. Засгийн газрын үйл ажиллагаа шүүхийн хяналтаас гарах гэж байгаа зүйл огт байхгүй.
УИХ-ын гишүүн О.Батнасан:
-Шүүхийн засаглалын асуудал л яригдаад байгаа юм. “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар УИХ тогтоолоо гаргаж, Цэц шийдвэр гаргасан. Ер нь хуулийн байгууллагын уялдаа холбоо, чиг хандлага ямар байгааг харж байгаа байх. УИХ-аас чиглэл өгсний дагуу Засгийн газрын гаргасан шийдвэрийг шүүх хэлэлцэхгүй гэсэн заалт оруулна гэсэн ч хэтэрхий өргөн хүрээтэй болсон байх шиг.
Ажлын хэсэг:
-Засгийн газрын улс төрийн шийдвэр гаргах болон УИХ-аас тодорхой асуудлаар шийдвэр гаргасан тохиолдолд Захиргааны шүүх хэлэлцэхгүй гэж тодотгосон байгаа.
Хууль зүй, дотоод хэргийн Ц.Нямдорж:
-Байнгын хороо, бүлгийн түвшинд ч гэсэн хумих шаардлагатай гэсэн. Хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа томьёоллыг нь хумиад явж болно.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Хуулийн төсөл “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлыг л шийдэх гэж байгаа юм шиг тайлбар хиймээргүй байна. Ц.Нямдорж сайдаа энэ УИХ хуулийн үндсэн зарчим, хүний эрхийг зөрсөн мэт асуудалд хандаж, тайлбарлаж болохгүй. Ганц нэг хариуцлагатай, хариуцлагагүйн үйл ажиллагаанаас шүүхийн бүхэлд нь харлуулах байдлаар тайлбарлаж болохгүй байх. Энэ хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжих ч хэлэлцэх явцад буруу үр дагавар гаргахгүй байхыг анхааруулж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Энэ хууль батлагдсан ч хууль эргэж үйлчлэхгүй. Энэ “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотойгоор хэрэгжинэ гэж би бодохгүй байна. Магадгүй цаашид газрын тос боловсруулах үйлдвэрт л хамаарах байх. Тэгэхээр ард түмэнд таалагдах зүйл ярьж, гуя дагаж хүзүү гэдэг шиг ийм хууль оруулж ирж, мэргэжлийн үүднээс болохгүй, улс төрийн хувьд та нар 49 хувиа авчихсан.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:
-Монгол Улсын бүх хууль төр, иргэний харилцааг зохицуулах үндсэн чиг үүрэгтэй. Монголд төр байж иргэн байна. Тиймээс төр, иргэн хоёрын хоорондын харилцааг сайжруулах чиглэлээр хууль сайжирч байх ёстой. Шүүхийн хараат бус байдлыг үгүйсгэж болохгүй, төр, иргэний харилцаа үнэт зүйл зарчим дээр суурилах зохицуулалтуудыг УИХ батлах ёстой. Захиргааны ерөнхий хуульд оруулж байгаа өөрчлөлт нэг удаагийн процесст үйлчлэх хууль байж болохгүй юм шүү.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Чуулган: Эрдэнэсийн сангийн төсвийг хаалттайгаар хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн дэмжсэнээр хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв. Ингээд чуулганы хуралдаанаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураасны дараа эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Ингээд чуулганы хуралдаанаар Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2019 оны төсвийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хаалттайгаар хэлэлцэхээр чуулганыг хаалттай горимд шилжүүлэв.
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы Баасан /2019.04.26/гаригийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн юм.
Мөн Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2019 оны төсвийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттай хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн зарлагын 2019 оны төсвийг батлах асуудлыг хаалттай бус нээлттэй хэлэлцэх” санал гаргасан юм. Мөн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг салбарын сайд нь байхгүй байгаа учраас хэлэлцэх асуудлаас хойшлуулж өгөх” санал гаргасан бөгөөд горимын санал хурааж хойшлуулсан юм.
Харин үдээс хойших чуулганы хуралдаанаар нэр бүхий 10 гишүүнээс ирүүлсэн хорт хавдрын эсрэг авч хэрэгжүүлж байгаа талаар Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн. Гэвч салбарын сайд нь гадаадад томилолттой яваа учраас энэ удаагийн асуулгыг хойшлуулах саналыг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол гаргасан горимын саналаар санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийнх олонх дэмжлээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд гишүүд саналаа илэрхийлж байна.
Холбоотой мэдээ