Монголбанк Г.Цэрэнпүрэвийг ”онилов” уу

Хуучирсан мэдээ: 2010.07.19-нд нийтлэгдсэн

Монголбанк Г.Цэрэнпүрэвийг ”онилов” уу

Монголбанкны Хяналтын зөвлөлийг УИХ-аас батлаад удаагүй байгаа. Төв банкнаас хэрэгжүүлэх мөнгөний бодлогыг хянаж, алдаа дутагдлыг нь алдалгүй сайн олж харах үүрэгтэй тус Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнд Монголбанкны ерөнхийлөгч асан Д.Моломжамц болон Ж.Үнэнбат нар бий. Нэгэн цагт Төв банкийг удирдаж, Монголын банк санхүүгийн салбарыг хэрхэн хөгжүүлэх талаар толгой гашилгаж суусан тэдний хувьд Хяналтын зөвлөлийн гишүүний үүргээ гүйцэтгэсэн шиг гүйцэтгэхийг хүсвэл асуудал үгүй. Мэдээж нэг албан тушаал хашсан гэдэг утгаараа зовлонг нь мэдэхийн хувьд хэмээн үүрэг хариуцлагаа хойш нь тавихгүй тохиолдолд хянасан шиг хянаж чадах кадрууд юм.

Мон­голбанкны ерөнхийлөгч асан Ж.Үнэнбатын хувьд Сэргээн бос­голт банктай холбоотой сүр дуу­лиант маргаанаас үүдээд ал­баа орхиж байсан. Тухайн үед Мон­голын арилжааны банкны дам­пуу­рал хэрээс хэтэрч, зах зээлээ хэрхэн аврах тухай төлөвлөгөөг тэр­бээр өөрийн биеэр удирдсан. Гэвч тэр үеэс хойш албан тушаалын томилгоонд нэг ч удаа ороогүй бөгөөд “Би нэгэн цагт Монголбанкийг удирдаж явсны хувьд одоогийн удирдлагын талаар ийм, тийм гэж ярих нь ёс зүйгүй хэрэг болно” хэмээн банктай холбоотой сэдвээр байр сууриа ил тод илэрхийлэхээс татгалзсан. Харин Д.Моломжамцийн хувьд Монголбанкны удирдлагыг солих ээлжит томилгоо бүрт өөрийн нэрийн хавчуулахын зэрэгцээ төв банкийг дахин тэргүүлэх сонирхлоо гээж байгаагүй нэгэн. Тэр тусмаа Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ивээл дор Монголын улс төр хийгээд эдийн засагт нөлөөтэй хэвээр байгаа бол Д.Моломжамцад Монголбанкинд үүрэг хариуцлагаа нэмэх боломж бололцоо байна гэсэн үг.

Тэгвэл энэ удаад дээрх хоёр экс ерөнхийлөгчийг гол түлхүүр, түлхэх хүчээ болгосон Монгол­банкны Хяналтын зөвлөл төв банкны удирдлагуудад зөвлөмж хүргүүлэх нь тэр. Наадамтай урал­даж хуралдсан Монголбанкны Хянал­тын зөвлөлөөс гаргасан зөв­лөмжөөс харахад Төв банкны одоогийн удирдлагуудад анхаарах ёстой анхааруулга, болгоомжлох ёстой сэрэмжлүүлэг буй гэдэг нь тодорхой. Тухайлбал, юун түрүүнд “Монголбанкны системийн төсөв зохиох аргачлалыг боловсронгуй болгох, орлого, зарлагыг нэр төрлөөр нь сарын хуваарьтайгаар газар, хэлтэс, Монголбанкны орон нутаг дахь салбар тус бүрээр төлөвлөх, гүйцэтгэлийг зохион байгуулах журамд шилжих” гэсэн байв. Энэ нь өнөөдрийг хүртэл Монголын мөнгө, санхүүгийн салбарыг удирддаг Төв банк нь ямар аргачлалаар ажлаа явуулж, ямар дэг журамд захирагддаг байв гэдэг асуултыг тавихад хүргэж буй. Нэг ёсны Монголбанкны орлого, зарлагын хуваарилалт нь системгүй, тодорхой дэггүй явж ирсэн гэдгийг та бидэнд баталж өгсөн гэхэд болно. Улмаар Монголбанкны систе­мийн захиргааны төсвийн орлогоос давсан зардал буюу алдагдлыг нө­хөхөд зориулж, Төв банкны үндсэн үйл ажиллагааны орлогоос зарцуулах хөрөнгийн хэмжээг УИХ-аар жил бүр тогтоолгож, энэ үндсэн дээр Монголбанкны системийн төсөв буюу орлого, зарлагын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй хэмээн зөвлөжээ. Уг зөв­лөмжөөс харахад УИХ ч жил бүр Монголбанкнаас хэрэгжүүлэх мөн­гөний бодлогыг хэлэлцэж, өөр хоо­рондын улс төрийн эрх ашиг хий­гээд амлалтын буухиаг хэрхэн хэрэгжүүлэхээ бодохоос бус төв банкны төсвийн зарцуулалтыг хаал­ганы цаана үлдээдэг нь то­дорхой болж буй. Үүнтэй хол­боо­той бас нэгэн анхааруулга нь “Төсөв зохиох, батлах, зар­цуу­­лах, тайлагнах, төсвийн та­­лаарх төрийн байгууллага, ал­­бан тушаалтны эрх, үүргийг зохи­цуулсан Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай 2002 оноос мөрдөж байгаа хуулийг Монголбанк үйл ажиллагаандаа мөрдөх эсэх асуудлыг УИХ-д тавьж шийдвэрлүүлэх гэсэн нь төв банкны төсвийн зарцуулалтад анхаарах цаг болсныг зөвлөмж бүрээрээ ан­хааруулж, сануулж өгсөн гэхэд болох аж.

Улс орны мөнгөний бодлогыг зо­хицуулж, зах зээл дэх мөнгөний урсгалыг бүхэлд нь удирдах үүрэгтэй төв банкны төсвийн зарцуулалтад Хяналтын зөвлөл ийн анхаарлаа хандуулж буй нь анхны тохиолдол гэхэд болно. Үндсэндээ төв банк арилжааны банкийг шалгадагтай адил Монголбанкны төсвийн зарцуу­лалтыг ч шалгах, хянах цаг болсныг экс ерөнхийлөгч нар нь УИХ-д ч сануулсан энэ зөвлөмжийн цаана өөр нэг сэдэв нуугдах нь Тамгын газрын дарга Г.Цэрэнпүрэв рүү чиглэж буй бололтой. Тэрбээр нэгэн цагт Хадгаламж банкийг удирдаж байсан. Энэ үе­дээ нутгийн дүү болох Ц.Чи­мэдцэрэнг Хадгаламж банкинд шургуулснаар улсын 14.5 тэрбум төг­рөгийг гарынх нь салаагаар урс­гасан гэмтэй. Гэхдээ ганц хүн энэ их мөнгийг хувьдаа хулгайлсан гэхэд олон нийт эргэлзсээр бай­гаа бөгөөд үүний цаана хэн байсан бэ, хэн байх вэ гэдэгт ха­риулт хайсаар байна. Иймээс ч тухайн үед Г.Цэрэнпүрэвийн нэр Монголбанкны дэд ерөнхийлөгчийн албанд яригдаж байгаад намжсан. Үүнийг “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрий эвэр доргино” гэдгээр тайлбарлаж болох ч салбарынх нь тэргүүлэгчид Г.Цэрэнпүрэвийг Монголбанкинд удирдах алба хаших ёс суртахууны эрхгүй хэмээн үзэх нь бий. Гэтэл тэрбээр өдгөө зөвхөн Мон­гол­банкны захиргаа, удирд­лага хийгээд дотоод бүтцийг ха­риу­цахаас илүү эрх мэдлийг өөр­төө төвлөрүүлэх болсон нь нууц биш юм. УИХ-ын гишүүн асан Л.Пүрэвдорж Монголбанкийг удирдах болсноор түү­нийг Тамгын газрын даргаар тавьсан ч өдгөө дотоод бүтэц, зо­хион байгуулалтаас илүү олон чу­­хал асуудлыг даалгах болсон яриа төв банкнаас гарах болсон.

Монголбанкны ерөн­хийлөгч гадагшаа ажлаар хэзээ явна, тэр цагт Г.Цэрэнпүрэв цаг ямагт дагалдаж, гол цөм асуудлыг хариуцдаг дарга нараас чухал “Баруун гар” нь болсон гэх яриа тараад буй. Үүнийг дээрх хоёр экс ерөнхийлөгч мэдээгүй өнгөрнө гэж үгүй. Тэгээд ч хэн, хэн нь Г.Цэ­рэнпүрэвийн банкны салбартай хол­богдсон түүх, холбогдож ир­сэн туршлагыг нь хангалттай сайн мэдэх нь тодорхой. Иймд Хянал­тын зөвлөмж үндсэндээ хоёр өнц­гийг барьж авсан гэхэд болно. Мөн гадаад, дотоод аж ахуйн нэгж, байгууллагаас авах авлагыг барагдуулах үүргийг удаа дараа Хяналтын зөвлөлөөс тавьж ирсэн ч Монголбанк тэр талаар олигтой арга хэмжээ аваагүй нь тэдний эг­дүүцлийг төрүүлсэн сурагтай. Ийнхүү Хяналтын зөвлөл үүнээс хойш ажлаа хийсэн шиг хийж, Монголын мөнгөний бод­ло­гыг удирдаж, чиглүүлж буй Мон­голбанкны ажлыг хянах үүргээ гүй­цэтгэсэн шиг гүйцэтгэхээр шийдсэн байж болох юм. Гэхдээ эрх ашиг нь нэг цэгт төвлөрдөг банкны салба­рынх­ны энэхүү уялдаа холбоо шударга зарчимд хаа хүртэл тулгуу­лахыг та бидэнд цаг хугацаа ха­руулах биз ээ.

Г.Отгонжаргал. Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж