Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт өнөөдөр /2019.04.26/ өглөөний 06.15 цагт өөрийгөө буудаж амиа хорлосон байж болзошгүй хэрэг гарсан. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тоймлон хүргэж байна.
Нэмэлт: Урьдчилсан байдлаар талийгаач амиа хорлосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон талаар бид мэдээлсэн. Албаны эх сурвалжийн мэдээлснээр хэргийн газрын үзлэгээр талийгаачийн биеэс гэрээс маягийн бичиг олджээ.
Тодруулбал, “тэсвэрлэшгүй өвдөлт вэ” хэмээн бичээд хажууд нь хүүгийнхээ утасны дугаарыг үлдээсэн цаас олдсон байна. Талийгаач нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт оршин суудаг бөгөөд хүнд өвчтэй, удаан хугацаанд эмчилгээ хийлгэж байсан гэнэ.
Улмаар сэтгэл, санаа тогтворгүйн улмаас амиа хорлосон байж болзошгүй байдал тогтоогдоод байгааг цагдаагийнхан хэллээ. Мөрдөн шалгалтын явцад цагдаа нар талийгаачийн амиа хөнөөсөн зэвсэгтэй ижил төстэй байж болзошгүй бууг тус дүүргийн есдүгээр хороонд байрлах найман нэрийн дэлгүүрээс олж тогтоожээ. Хэрэг үйлдсэн гэх бууг 50 орчим насны орон гэргүй тэнэмэл эмэгтэй үүрийн 04.40 цагт тус дэлгүүрт авчирч нэг шил архиар сольсон байна. Уг дэлгүүрээс хураагдсан бууг талийгаачийн ар гэрийнхэнд үзүүлж, таниулах ажиллагааг явуулсан байна. Талийгаач нь тухайн бууг эцгээсээ өвлөн авсан бөгөөд авдартаа хадгалдаг байсныг эх сурвалж хэллээ. Одоогоор талийгаачийн бууг хулгайлан дэлгүүрт аваачиж, архиар сольсон эмэгтэйг эрж хайж байгаа гэнэ. Мөн галт зэвсгийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулж, шаардлагагүй тохиолдолд гэртээ хадгалж байгаа бууг холбогдох байгууллагад өгөхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Нэмэлт: Талийгаачийг үхэлд хүргэсэн бууг цагдаагийнхан мөрдөн шалгах явцдаа олсон байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн урьдчилсан дүгнэлтээр хошууг нь тайрсан ТОЗ-8 маркийн буу болохыг тогтоожээ. Талийгаач нь энэ буугаар дух руугаа буудаж, амь насаа алдсан байж болзошгүй гэж цагдаагийнхан үзэж байгаа юм. Шүүх эмнэлгийн шинжилгээний дүн дэлгэрэнгүй дүгнэлт 21 хоногийн дараа гарах юм.
Нэмэлт: Эх сурвалжийн хэлснээр талийгаач нь хүнд өвчтэй нэгэн байсан гэнэ. Өвчний улмаас сэтгэл санаа нь тогтворгүй, өөрийнхөө амийг хөнөөсөн байж болзошгүй гэж цагдаа нар дүгнэж байгаа аж. Талийгаач нь Сүхбаатар дүүрэгт амьдардаг байжээ.
Нэмэлт: Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү гэмт этгээдийн талаарх бүх мэдээллийг гэрчүүдээс авна, хамтран ажиллана гэсэн мэдээллийг цаг гаруйн өмнө хэвлэлийнхэнд өгсөн. Гэвч өөр эх сурвалжийн мэдээлснээр талийгаач өөрийгөө буудсан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлтийг хэргийн газарт ажилласан цагдаа нар гаргажээ. Тодруулбал, духандаа бууны шархтайгаар амиа алдсан эрэгтэй гэрээслэл бичиж үлдээсэн байжээ. Мөн түүний гараас дарь олсон гэх мэдээлэл байна. Харин хэргийн газраас буу нь алдагдсан бөгөөд бууг нь цагдаагийнхан эрж хайж байна.
Тус хэргийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгчид болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа юм байна. Хэрэг болсон газрын ойр орчмын барилгууд камертай байсныг ч эх сурвалж хэллээ. Талийгаач нь 1958 онд онд төрсөн, 61 настай Ж гэгч болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.
Нэмэлт: Цагдаагийн ерөнхий газраас дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тус газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү хэлэхдээ “Хэргийн газарт үзлэг хийгээд ажиллаж байна. Хэргийн газарт цагдаагийн бүрэлдэхүүн ажиллаж байгаа учраас хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Үзлэг дууссаны дараа илүү тодорхой болно. Гэмт хэргийг үйлдсэн этгээдийг харсан гэрч байгаа тохиолдолд цагдаагийн байгууллагад нэн яаралтай мэдээлэл 102-т ирүүлэх хэрэгтэй байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай эрэн сурвалжлахад дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсч байна. Цогцсыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн рүү хүрүүлсэн. Задлан шинжилгээний хариу 21 хоногийн дараа гарна. Задлан шинжилгээ цогцост хийх үзлэгээр үхэлд хүргэсэн шалтгаан нь тодорхой болно” гэв.
Posted by News.mn on Thursday, April 25, 2019
Нэмэлт: Хэрэг гарсан газрын ойр хавийн барилгууд камертай байжээ. Талийгаач духан тус газраа бууны шарх авсан бөгөөд, газар дээрээ амиа алдсан бололтой. Талийгаач үндэсний хувцастай явж байсан гэх мэдээлэл байна.
Нийслэл хотод өнөөдөр /2019.04.26/ буун дуу гарлаа. Албан эх сурвалжийн мэдээгээр, өглөөний 07:00 цагийн орчим Зуун айлын автобусны ойролцоох "Нарлаг зоог"-гийн газрын өмнө 40 орчим насны эрэгтэй толгойдоо шархтай, буудуулж нас барсан гэх дуудлага шуурхай удирдлагын төвд ирсэн байна. Цагдаагийн тус газарт үздэг шалгалт хийсэн бөгөөд ямар буугаар буудсан болохыг задлан шинжилгээгээр тогтоох юм байна. Сэжигтнийг цагдаа нар эрэн сурвалжилж эхэлжээ. Тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа юм байна. Түүний цогцосыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн байна.
Э.АРИУН