Оддын ГЭРЭЛ ЗУРАГЧИН | News.MN
ШИНЭ НЭР

Оддын ГЭРЭЛ ЗУРАГЧИН

"NEWS" агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор гэрэл зурагчин залууг онцолж байна. Түүнийг Б.Болдбаатар гэдэг. Олны танил эрхмүүд “March 9-ны Болдоо нэрээр нь андахгүй. Тэрбээр арван жилийн сурагч байхаасаа гэрэл зураг сонирхон, Монголын гэрэл зургийн салбарт тууштай хөдөлмөрлөж яваа залуу уран бүтээлч юм.

“Гэрэл зурагчин мэргэжил нь хүнийг байнга хөгжүүлж, олонтой байлгадаг сайхан мэргэжил. Өдөр бүр сонирхолтой, содон зүйлтэй учруулж, бүхнээс нэг алхам түрүүлж алхдаг. Гэрэл зургаар дамжуулан хүнд өгдөг мэдрэмж нь үнэхээр сайхан. Хүн гэрэл зургийг хараад нүд, сэтгэлээ баясгаж, урам зоригийг авдаг” хэмээн өгүүлнэ. Ингээд түүний сонирхолтой ярилцлагыг хүргэе.


Гэрэл зурагчин Б.Болдбаатар

БАТСУУРЬ БОЛДБААТАР 1988.04.14

Төгссөн сургууль:

Хан-Уул дүүргийн 32 дугаар дунд сургуудь /1996-2006/
Мэргэжил:

Мэргэжлийн гэрэл зурагчин

Одоо эрхэлж буй ажил:

March 9 гэрэл зургийн студийн үүсгэн байгуулагч, гэрэл зурагчин

Сошиал хуудас: 

Boldoo March/фэйсбүүк, инстаграм/

ХҮҮХЭД НАСНЫХАА ТУХАЙ ЯРИАЧ. ГЭРЭЛ ЗУРАГТАЙ ХЭР ОЙР ӨСӨВ?

-Миний хүүхэд нас бусдын л адил өнгөрсөн дөө. Зах зээлийн шилжилтийн үед төрсөн болохоор өдөр хоногоо болгосон жирийн нэгэн айлд төрсөн. Анх Монголд 1-3 минутын түргэн зургийн үйлчилгээ нэвтэрч байхад хүргэн ахдаа тусалдаг байлаа. Тэр үед л анхны фото зургаа авсан даа. Тухайн үед нэг ах “Ажлын анкет өгөх гэж байгаа юм. Миний нэг нүд хөхөрчихсөн. Чи компьютерээр янзалчихна биз дээ” гэхээр нь би “Чадна” гээд зургийн авлаа. Тэгсэн чинь хөхөрсөн нүдийг нь нөгөө нүдэн дээр нь наагаад, гурван минутын зургийг 30 минут янзалчихсан. Янзалж дуусаад цээж зургаа дөрвөн хувь хэвлэх гэж байгаад 40 ширхэгийг хэвлээд, хөглөж өгсөн. Анхны үйлчлүүлэгч маань их хүлээцтэй хүн байсан юм. Тэрнээс хойш гэрэл зураг авахад маш их мэдрэмж, хурд, авхаалж самбаа шаардах юм байна гэдгийг ойлгосон доо. Тэр цагаас хойш би гэрэл зургаа хөөгөөд 14 жил болж байна.

АНХНЫ АМЖИЛТ

-Дараагаар нь найзуудтайгаа хамт хүүхдийн баяраар парк дээр түргэн зураг авч, газар дээр нь угааж өгдөг болсон. Тухайн үед парк дээр 12 жилтэй тоглоом байдаг байлаа. Тэр амьтад дээр хүүхдүүдийг суулгаж байгаад, зурганд нь хүрээ хийж чимнэ. Эхний жилдээ нэг майхан хоёр компьютер, хоёр принтертэй ажиллаж, төсөөлж ч байгаагүй их орлогыг олсон. Тухайн үедээ л бидэнд хоёр сая төгрөг маш их мөнгө шүү дээ. Тэр мөнгөөрөө өөрсдийнхөө хүслийн аппаратаа худалдан авсан. Тэгсэн дараа жил нь хүмүүс биднийг дагаж, хоёр компьютертэйгээр түргэн зургийн үйлчилгээ үзүүлж байхад бид дөрвөн компьютертэй, дөрвөн принтертэй хүчин чадлаа нэг шатаар ахиулан ажиллаж байлаа.

Тухайн үед Монголын гэрэл зурагчдын “Flickr” гэж группт гэрэл зурагчид авсан бүтээлүүдээ тавиад, нэг нэгэндээ зааж зөвлөдөг байсан. Би тэр группт нэгдсэнээрээ ажлын гараагаа эхэлсэн гэж боддог. Тэндээс маш гоё урмын үгсийг авч, анхны арилжааны зураг руу хөл тавьж орох эхлэлийг маань  нээгдсэн.  Яг тэнд анх танилцаж байсан найзуудтайгаа өдийг хүртэл хамтран медиа студиа байгуулаад байна. Намайг гэрэл зурагт хөтлөн оруулсан хүн бол Монголын Фликрчидийн группийн үүсгэн байгуулагч, "Дайн ба Энх" хамтлагийн Д.Энхтайван агсан. Багш маань одоо бурхан болсон ч миний үед гарч ирсэн олон залуусыг хөгжихөд нь маш их тус дэм болсон. Залуусын тархинд замбараагүй байсан олон мэдлэгийг цэгцтэй олгож өгсөн хүн л дээ.

СТУДИО БАЙГУУЛСАН ӨДРИЙГ БИЛГЭДЭН “MARCH 9” ГЭЖ НЭРЛЭСЭН ЮМ УУ?

-Бид анх 2011 оноос “Студи 3”-аас ажлынхаа гарааг эхэлсэн. Дараагаар нь 2009 онд “IC Creative Division” гэрэл зургийн студийг гурван найзтайгаа хамтран байгуулсан. Харин “Марч 9” гэрэл зураг, медиа студиа одоогоос хоёр жилийн өмнө 2017 оны эхээр Б.Соронзонболд найзтайгаа хамтран байгуулсан. Манайх нийт найман ажилтантай. Ихэнх нь гэрэл зурагчид бөгөөд манайх сүүлийн үед видео контент руу чиглэн ажиллаж байгаа. Анх студиа 2017 оны гуравдугаар сарын 9-нд байгуулсан. Манай студийн төлөөлөн удирдах зөвлөл гурван гишүүнтэй. Өсөн дэвжихийн есийн тоог билгэдсэн юм.

Бидний хувьд олны танил хүмүүстэй хамтран ажилладаг. Жишээлбэл, Камертон хамтлагийнхан, дуучин Ука, “Гурван охин” хамтлаг, дуучин А.Хишигдалай гээд бүх уран бүтээлчидтэй хамтран ажилладаг. Хамгийн олон удаа хамтран ажилласан уран бүтээлч бол дуучин Ука. Түүний анхны цомгоос бусад бүх цомгийн ажил дээр бид хамтарч ажилласан.

САЯХНЫГ ХҮРТЭЛ ГЭРЭЛ ЗУРАГЧНЫ МЭРГЭЖЛЭЭР БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭДЭГ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ БАЙСАНГҮЙ. ҮҮНТЭЙ ХОЛБООТОЙГООР САЛБАРЫН ҮНЭЛЭМЖ Ч ГЭСЭН ДООГУУР БАЙНА УУ?

-Монголд цөөн тооны гадаадад гэрэл зурагчны мэргэжил эзэмшсэн гэрэл зурагчид бий. Тэд нар маань Монголын гэрэл зурагчдын үнэлгээ болон бусад зүйлд нухлуулчихдаг. Монголд гэрэл зургийг саяхнаас л үнэлдэг болж байна. Анх худалдааны гэрэл зураг Монголд нэвтэрч байхад нэг зургийг 300 мянган төгрөгөөр авна гэж хэлэхээр хүмүүст загнуулдаг байлаа. Зарим нь “Талбай дээр наад зургийг чинь 1500 төгрөгөөр авч байхад яагаад та нар 300 мянгаар авдаг юм бэ” гээд огт ойлгодоггүй байсан. Тиймээс бид эхлээд хүмүүст юу хийж чаддагаа үзүүлж, ойлгуулах ёстой болсон. Бид долоо хоног бүр моделиудтай хамтран ажиллаж, модель хүн ямар байх ёстой, нүүр будагч, үсчин, мэргэжлийн гэрэл зурагчин ямар байх ёстой вэ гэдгийг харуулахыг зорьсон. Хичээл зүтгэл маань ч бидний төсөөлж байгаагүй их хэмжээний хандалтыг авч эхэлсэн. Зарим хүмүүс орчин үеийн гэрэл зургийн хандлагыг ойлгож, хүлээн зөвшөөрсөн. Бидний хамгийн анхны захиалагч бол “Гоёо” брэнд байсан. Дараагаар нь баяртай мэдээ ар араасаа цуварч эхэлсэн дээ. Нэг зургийг 300 мянган төгрөгөөр авахад бидэнд эргээд маш их хариуцлага ирж байна гэсэн үг шүү дээ.

Анх компакт камер гээд савангийн жижиг хайрцаг шиг камер гарч ирсэн. Миний хувьд дараагийнх нь просуммер камер нь мэргэжлийн камерыг бодвол үйлдэл бага, дуран солигддоггүй, байсан. Энэ камерыг авах мөрөөдөлтэй байлаа.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Манай студи хувийнх болохоор ихэнх цагийг эндээ зарцуулдаг. Долоо хоногийн зургаан өдөр, заримдаа ямар ч амралтгүй ажиллана. Хааяа нэг амралтын өдөр амрахдаа компьютер тоглох, гэр бүлээрээ агаар салхинд гарах дуртай. Би бас спорт автомашины төрлийг их сонирхдог болоод байгаа.

ГЭРГИЙГ НЬ “HONEY MOON ХАМТЛАГИЙН ДУУЧИН ГЭДГЭЭР НЬ САЙН МЭДНЭ. БИДЭНД ГЭР БҮЛЭЭ ТАНИЛЦУУЛНА УУ?

-Би эцэг, эхээс гурвуулаа. Одоо эхнэр охинтойгоо хамт амьдардаг. Эхнэр маань “Honey moon” хамтлагийн дуучин Н.Чинчулуун. Манай эхнэр сэтгүүлч мэргэжилтэй ч уран бүтээлээрээ түлхүү олонд танигдсан. Охин маань одоо долоон настай. Би анх эхнэртэйгээ уран бүтээлээр хамтран ажиллаж байгаад танилцсан түүхтэй. /инээв/

ААВТАЙГАА ОЛОН ЖИЛИЙН ДАРАА УУЛЗСАН ГЭДГЭЭ ФЭЙСБҮҮК ХУУДАСНАА ТЭМДЭГЛЭСЭН БАЙСАН. ЭНЭ ТУХАЙГАА ЯРЬЖ БОЛОХ УУ?

-Зах зээлийн нийгэмд шилжихэд хаа сайгүй архидалт, гэр бүл салалт ихэссэн. Энэ бүхэн манай гэр бүлийг тойрч гараагүй ээ. Аав маань архинд орж, өөрийнхөө амьдралыг дагаад л явсан. Би хүүхэд байхдаа тэр хүнд дандаа гомдож явдаг байлаа. “Бусад айлын хүүхдүүд ээж, аавтайгаа наад зах нь өмсөх зүүхээр дутахгүй аз жаргалтай амьдарч байна. Тэр хүн өнөөдөр хийх ёстой зүйлээ хийгээд явж байсан бол би ингэж шаналахгүй байсан” гэж ганцаараа уйлах ч тохиолдол байсан. Хэрвээ би аавтайгаа таарвал бүх туулсан амьдралынхаа тухай ярьж, гомдоллоно гэж боддог байлаа. Тэгсэн одоогоос хоёр жилийн өмнө найзуудтайгаа Хөвсгөл явах гээд “Барс” хдалдааны төвөөс бэлтгэлээ базааж байсан юм. Тэгсэн чинь булан эргээд  хартал таньдаг хүн өмнө минь зогсож байсан. Би хараад аав гэж шууд таньсан. Тэгсэн мөртлөө очих гэхээр зүрх хурдан цохилоод, маш хэцүү байсан.

Тэгээд зориглон очоод “Таныг Батсуурь гэдэг үү. Намайг Болдбаатар гэдэг” гэлээ. Тэгсэн аав маань “Тийм” гэж байна. Намайг танихгүй байгаа юм байна гээд “Манай өвөөг Чойжил гэдэг. Та одоо намайг таниж байна уу” гэсэн чинь бодож байснаа “Манай хамаатны хүүхэд үү” гэсэн. Тэгэхээр нь би олон жил архи уугаад ухаан санаа нь балартсан байна гэж бодоод “За за, ахаа хүн андуурчихжээ” гээд явлаа. Тэгээд 10-аад метр холдоод байж байтал “Барс” захын урт коридороор орилоод “Болдбаатар аа, аав нь хүүгээ таньсан шүү. Миний хүү” гээд доголоод л гүйгээд ирсэн. Тухайн үед миний зүрх урагдах шиг болж, маш хэцүү байсан. Эргээд харсан чинь “Аав нь дөнгөж сая хүүгээ таньлаа. Миний хүү ямар сайхан залуу болоо вэ” гээд мухар хоёр гараа хацар дээр тавиад үнссэн. Аав маань надад “Чамд аавтайгаа эр хүн шиг ярих хүсэл байна уу” гэсэн. Яг тэр агшинд өмнө нь хэлэхийг хүсэж байсан тэр олон гомдлоо шууд л залгисан. Зүгээр л өөрийгөө сайн яваагаа харууллаа. Тэр хүний сэтгэлд ч амар. Тэгээд тамхи асаагаад, татаж дуусах хооронд л бид хоёрын яриа ч дууссан. Тэгээд “Дахиад уулзах хувь тавилан байдаг бол уулзана” гэж хэлээд салсан. Би Хөвсгөл явах замын турш аавынхаа тухай эмх цэгцгүй олон бодол бодсоор байгаад очсон. Миний хувьд тэр өдрийн тэр цагт эцэгтэйгээ уулзсан гэдэг тэмдэглэлээ хамт авахуулсан зурагтайгаа дурсгал болгон өөртөө үлдээж, өөрийн фэйсбүүктээ тавьсан. Хөдөөнөөс эргэн иртэл сошиалд маш олон хандалтыг авсан байсан юм.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Манай “Марч 9” студийн хувьд ажиллах хүчин чадлаа нэмэгдүүлэхээр зорьж байна. Өмнө нь ганц нэг гэрэл зурагчинтай байсан учраас зарим байгууллагуудын захиалгыг авч чадахгүй, орлогоо алдах тохиолдол гарч байсан. Одоо бол гэрэл зурагчныхаа тоог болон тоног төхөөрөмжөө нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Манай залуус удахгүй дэлгэцнээ гарах “Боловсрол суваг” телевизийн “Яг түүн шиг” шоуны шилдгийн шилдэг оролцогчдын төгсгөлийн шоунд хамтран ажиллаж байна. Мөн загварын ертөнцийн томоохон наадам болох “Торго” фэйшн шоуны фото, медиаг хийж гүйцэтгэнэ.

Цаашдаа урд хөрш болох Хятад, Өвөрмонгол орноос ажлын захиалга авах эхний алхмаа хийж эхэлсэн. Энэ хүрээндээ Өвөрмонголын хэд хэдэн газруудтай уулзалт хийж, тэндэхийн брэндийн сурталчилгааг нь Монгол дахь үнээр хийхээр төлөвлөж байна. Манай улсын нэг сая гаруй хүн ам нийслэл хотдоо төвлөрсөн учраас цөөн хэдэн монополь компаниудтай хамтарч ажилладаг. Бид өнөөдөр технологийн эрин зуунд амьдарч байгаа учраас онлайнаар бүх ажлыг хийж боломжтой болжээ. Тиймээс цаашдаа энэ зарчмаар ажиллахаар гадны зах зээлийг сонирхож байна.

ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ

-Цаашид найзуудтайгаа эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэн, өргөжүүлнэ. Гэхдээ ирээдүйд Б.Болдбаатар гэдэг хүн монголын орчин үеийн гэрэл зурагт юу үлдээв, бусдад яг юугаараа үлгэр жишээ болсон гэдгийг харуулахыг хүсдэг. Одоо бидний үлгэр дууриалал болсон олон гэрэл зурагчид маань бий. Тэдний нэг болох гэрэл зурагчин Ц.Батзориг агсны нэрэмжит гэрэл зургийн уралдаан гэдэг шиг “Марч 9” студийн Б.Болдбаатар гэдэг хүний нэрэмжит фэйшн гэрэл зургийн уралдаан болдог ч юм уу. Ер нь монголын гэрэл зургийн түүхэнд өөрийнхөө нэрийг үлдээхийг хүсдэг дээ.

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

-Миний хувьд хийж буй ажлаа чанартай хийж, гараас гаргахыг хичээдэг. Өнөөдөр шантрах зүйл өчнөөн гарч ирж болно. Гэхдээ ирээдүйд илүү сайхан болно гэсэн итгэлээр өөрийгөө хурцалдаг. Гэрэл зургийн салбар илүү хөгжихөд хувь хүний тууштай, хөдөлмөрч зан маш их нөлөөлдөг юм шиг санагддаг. Гэрэл зургийг авахаас эхлэн боловсруулаад гаргах хүртэл маш их цагийг зарцуулдаг. Тиймээс анх харсан зүйлээсээ урвахгүйгээр төгсгөл хүртэл нь явж байгаа нь тууштай зангийн нэг илрэл л дээ.

Тиймээс залуустаа хамгийн гол нь хөдөлмөрч, тууштай, хариуцлагатай байгаарай гэж зөвлөе. Энэ гурвыг өөртөө тодорхой хэмжээгээр суулгаж чадвал амьдралд өөрийгөө аваад л явчихна  гэж боддог. Мэдээж ямагт өөрийгөө хөгжүүлж, аливаад бүтээлч хандлагатай байх нь чухал юм шүү.

 ТҮҮНИЙ БҮТЭЭЛҮҮДЭЭС 

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

111 2019-04-26 202.179.8.210

хамгийн сүүлийн зураг тас тас,,,,,

Avatar

Зочин 2019-04-26 203.91.115.47

хаха

Avatar

suk 2019-04-26 202.179.25.177

Гоё ах байна өө <3

Avatar

өндөр настан 2019-04-26 202.9.42.113

Ухаантай сайн хүү бна амжилт хүсье

Avatar

зочин 2019-04-26 182.160.37.16

Ухаантай хүү байна. Хүнд авъяас, хөдөлмөрч зан байхын зэрэгцээ ухаалаг байна гэдэг хамгийн чухал. Хол явах хүүхэд байна.

Avatar

Зочин 2019-04-26 139.5.216.126

Энхтайван багшийгаа мартаагүйд баярлалаа..хөөрхий минь их л сэтгэлтэй залуу байж билээ

Avatar

Мэдрэмжтэй, авьяастай залуу байна 2019-04-26 64.119.22.109

Зураг авалтууд нь гоё юмаа. Улам их амжилт хүсье. Аав бол аав. Ааавыгаа хайралж яваарай.

Avatar

зочин 2019-04-26 64.119.26.232

хүүрээ чи муу ч гэсэн эцгээ харж хандаач тухайн үеийн нийгмийн буруу байсан ш дээ

Avatar

Bumba 2019-04-26 202.179.27.216

unher buteeliidiig n harj suraltsah, sergeh, temuuldeg uram awdag hun maan shuu. BOLDBAATAR ah bol shildeg n tanshig l bolno. 😀

Avatar

Баянмөнх 2019-04-26 125.139.79.157

Бага зэрэг сэтгэлгүй хөлдүү залуу юу гүй. Архинд донтох өвчин л дөө. Хаяаад явсан гээд харж хандах сэтгэлгүй шазуур зуугаад яахнав дээ. Чамайг дан ганц өөрөөр чинь сайн явааг дүгнэхгүй л дээ.

Avatar

Зочин 2019-04-26 96.83.87.165

ярилцлаганаас зөвхөн зөвхөн энийг л ойлгож үлдэв үү. ямар харамсалтай жижигхэн тархитай юм бэ. хөдөлмөрч залуу байна, өөрийнхөө хоёр гараар амьдралаа босгож байна. амжилт хүсэе.

Avatar

Зочин 2019-04-26 125.139.79.157

Бага зэрэг сэтгэлгүй хөлдүү залуу юу гүй. Архинд донтох өвчин л дөө. Хаяаад явсан гээд харж хандах сэтгэлгүй шазуур зуугаад яахнав дээ. Чамайг дан ганц өөрөөр чинь сайн явааг дүгнэхгүй л дээ.

Avatar

Зочин 2019-04-26 125.139.79.157

Бага зэрэг сэтгэлгүй хөлдүү залуу юу гүй. Архинд донтох өвчин л дөө. Хаяаад явсан гээд харж хандах сэтгэлгүй шазуур зуугаад яахнав дээ. Чамайг дан ганц өөрөөр чинь сайн явааг дүгнэхгүй л дээ.

Avatar

Зочин 2019-04-26 59.153.112.214

Mergejliin sain zuragchin mongold bhgui shuu dee bugd l sonirhogchiin tovshniih shuu dee

Avatar

Зочин 2019-04-26 124.158.109.140

bailgui l yahav image studio-iin ezen ganbaa gj neg ah bii dee nasaaraa zurag avsan hun

Avatar

Зочин 2019-04-26 150.129.143.227

Эвий дээ.Аав хүү 2ын зургийг хараад маш их сэтгэл хөдөллөө.Муу муухай , ыая үр хёврөо нь учраас дүү минь аавыгаа алдма онооьой нь хайрлаарай.Архи ууна гэдэг өвчин шүү дээ,тэрийг л ойлгочих.маш сайхан хүү бүтээсэн аавдаа таларх

Avatar

зочин 2019-04-26 2.247.254.223

Надад аавтайгаа уулзсан хэсэг нь сэтгэл их хөдөлгөсөн хэсэг байлаа. Сайн залуу бас хүү байна аа. Амжилт хүсье!

Avatar

Зочин 2019-04-26 59.153.115.145

Зургийг үнэхээр гоё авч бна. Морьтой, ягаан платьетай зураг гоё бнм

Avatar

nyama 2019-04-26 66.181.164.160

saihan yaria boljee

Avatar

MONREVE 2019-04-26 202.70.36.178

Гэрэл зургийн нэг ангийн дүүд АМЖИЛТ ХҮСЬЕ. Угаасаа төрмөл авъяас+хөдөлмөр энэ залууд бий дээ.

Avatar

Зочин 2019-04-26 202.131.233.251

Хөдөлмөрч залуу байна аа. Амжилт хүсэе!

Avatar

Амжилт хүсье 2019-04-26 209.89.142.82

Гайхалтай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж