“Тунгалаг хөх асар”, “Норгой” зэрэг хоёр номоо өлгийдөн аваад байгаа зохиолч, орчуулагч Д.Оюунчимэгтэй шинэ уран бүтээлийнх нь талаар, монголчуудын үнэт зүйлийн талаар ярилцлаа.
-Саяхан нээлтээ хийсэн хоёр роман таны хэдэн жилийн хөдөлмөр вэ? Хэрхэн бүтсэн талаар хоёулаа яриагаа эхэлье?
-“Тунгалаг хөх асар” роман нь “Оройн ганц мод” романы хоёр дахь дэвтэр болж байгаа. Цуврал хоёр роман нь миний сүүлийн 10-аад жилийн судалгааны бүтээл. “Оройн ганц” мод романыг бичсэний дараа цуглуулсан материалын цөм хэсэг үлдсэн. Тиймээс хоёр дахь дэвтрийг нь бичсэн юм. Энэ романд бусад цуврал бүтээл шиг дүр нь дараагийн бүтээлд ч амьдраад, үргэлжлээд явахгүй. Хязгаар нутгийнхны өнгөрсөн зууны эхэн үеийн үйл явдал гарч байгаа. Нийгмийн орой бусгаа үед хязгаар нутгийн ард түмний аж амьдрал хэрхэн өрнөж, ямар үйл явдал болсныг түүхийн баримт дээр тулгуурлан бичсэн. Нэг талаас баримтат зохиол гэж хэлж болно. Нэгэн хошууны үйл явдлаар дамжуулж 100 жилийн өмнө монголчуудын өвөг хэрхэн амьдарч байсныг, ертөнцийг үзэх үзлийг харуулахыг зорьсон. “Норгой” романы хувьд өнөөгийн нийгмийн эмх замбараагүй байдлыг харуулж байгаа.
-Таны цуврал роман олон жилийн судалгаа, хөдөлмөрөөр бүтсэн байна. Харин Монголын өнөөгийн зохиолчид тан шиг ийм олон жил судалгаа явуулж, энэ хэмжээний хөдөлмөр зарцуулж бүтээл туурвиж байгаа болов уу. Өнөөгийн Монголын зохиолчдын бүтээлийг та хэрхэн дүгнэж байна вэ. Уг нь зохиолчид нийгмийг соён гэгээрүүлэх үүрэгтэй, бусдын оюуны талхыг бэлддэг хүмүүс шүү дээ. Энэ үүргээ хэр биелүүлж байна гэж та харж байна вэ?
-Залуу байхдаа өөрийгөө боловсруулахын тулд ном уншдаг байлаа. Одоо үсэг хоорондын цагаан зайг уншихад шилжээд байна. Уран бүтээлчийн нүдээр хүнийг унших үйл явц гэх үү дээ. Хүнийг анхаарч, юмны наад цаадхыг, учир холбоосыг эргэцүүлэхэд илүү анхаарах болсон. Монголчууд оюуны өндөр чадавхтай ард түмэн. Монголын зохиолчдын эвлэл байгуулагдаад 90 жил болж байгаа ч монгол хүн сайн зохиол бичиж чадна гэдэгт итгэлтэй байна.
–Өнөөг хүртэл сайн зохиол төрөөгүй гэсэн үг үү?
-Яалаа гэж дээ. Өмнөх үеийнхэн маань асар богино хугацаанд үнэлэхүй амжилтад хүрсэн байдаг. Жишээ нь Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир”-г үндэсний роман гэхгүй бол өөр юуг үндэсний роман гэх вэ. Л.Түдэв гэж Алтайн оргил шиг лут эрхэм байна. Монголчууд бид тийм зохиолчтой байдаг заяа өндөр ард түмэн шүү.
–Тухайн улс өөрийн үнэт зүйлээ тодотгосноор илүү урт хугацаанд тусгаар тогтнолоо хадгалж, оршин тогтноно. Монголчуудын үнэт зүйлийг та юу гэж тодотгох вэ?Зохиолч хүний хувьд энэ ойлголтыг зохиол бүтээлдээ тусгахад хэр анхаардаг вэ?
–Үнэт зүйлийн талаарх ойлголт гарцаагүй тавигдах ёстой асуудал. Харамсалтай нь сүүлийн үед монголчууд өөрсдийн үнэт зүйлээ олж харж чадахаа больсон. Монгол хүний өөртөө итгэх итгэл алга болсон. Энэ бүхэн сүүлийн 30-аад жилд харийнхны үзэл суртал хүчтэй түгж, би төвтэй үзэл давамгайлах болсонтой холбоотой. XX зуун хүн төрөлхтөний түүхэнд хүнд хэцүү зуун байлаа. Хоёрын хоёр дэлхийн хэмжээний дайн, эдийн засгийн хямрал, өлсгөлөн, атом, цөмийн зэвсэг, мөнгөний ноёрхол гээд хүний итгэл найдварыг барж, мухардалд оруулсан цаг үе. Мөн техник технологийн үсрэнгүй хөгжил нь барууны ертөнцийн хуучин итгэл үнэмшлийг үгүй хийж орхисон. Тэр мухардлын үеийн үзэл санаа манайд хүчтэй дэлгэрч, залуусын дунд эх орон, тусгаар улсын талаар яривал хоцрогдсон гэж ойлгодог үзэл хандлага бий боллоо. Хүн гэгч угаас хар амиа хичээсэн өөдгүй бэртэгчин амьтан юм, жалгаар нэг тарж суусан малчид бол авралгүй тэнэг бүдүүлэгчүүд, амиа бодох үзэлтний дээд мөн гэсэн зориудын тархи угаалт өнөөдөр биднийг өөрөө өөрсдийгөө танихгүй болох хэмжээнд хүргэсэн. “Монголчууд бид хэн юм бэ?” гэдгээ мэдэхээ байсан. Хятад, америк, монгол хэн ч бай адилхан хүн, даяаршиж байгаа дэлхий ертөнц гэж хоолой нийлүүлцгээнэ. Гэсэн ч бид Монгол гээд нэг туурга тусгаар улс оршин тогтноод байгаа биз дээ? Өөрийн гэсэн онцлогтой, сэтгэхүй, үнэт зүйл, ертөнцийг үзэх үзэл гээд цөм өөр ийм ард түмэн. Хятад юм уу, солонгос хүнээс “Чи хоолоо идсэн үү?” гэж асуувал ихэд найршааж, сэтгэл гаргаж байгаагийн илрэл байх. Харин монгол хүнээс ингэж асуувал доромжилсон болно. Монголчууд хэзээ ч өлслөө цангалаа гэдэггүй. Хэрэв идье, ууя гээд эхэлбэл ганц өдрийн өл даах тэсвэр хажуужилгүй, хоолноос өөр юм мэддэггүй өчүүхэн амьтанд тооцогдоно. Нохойг хүртэл өлслөө гэдэггүй гуринхлаа гэдэг. Тариачид ган болоход өлсгөлөнд нэрвэгддэг бол манайхан зуд болсон ч ангийн хишгээр гэдэс цатгалан амьдарч ирсэн ард түмэн. Энэ зөвхөн хоол ундны тухай яриа биш шүү. Үүний цаана ертөнцийг үздэг, таньж мэддэг суурь ойлголт байгаа юм. Өөрсдийнхөө хэн болохыг олж хараад гаргаж тавибал зөвхөн бидэнд тустай төдийгүй дэлхийн оюуны сан хөмрөгт оруулж буй нэмэр хандив юм. Ийм бодолтой, ингэж итгэдэг, ийм соёл уламжлалтай ард түмэн байдгийг бусад нь мэдэж аваг. The Hu хамтлаг гэхэд л энэ ондоошлыг, тэдний мэдэхгүй хөг аялгуу өнгө төрхийг гаргаж үзүүлсэн учраас олон хэлийн улс баярлаад байгаа биз дээ. Дашрамд дуучин Б.Дашдондог эрхэмд баяр хүргэе. Олон монгол хүн түүн шиг байгаасай гэж хүсэж байна.
-Зохиол бүтээлээр энэ бүхэнд нөлөөлж болох уу. Та хүүхдийн сонгодог зохиолуудыг орчуулж байсан шүү дээ. Энэ нь ч учиртай байх?
–Бид дэлхий дахиныг уншиж, түүнтэй танилцалгүй яах вэ. “Зөвхөн монголоороо” гээд хөмөрсөн тогооны доторх шиг байх боломжгүй. Хүн төрөлхтөн сайн, сайхан гээд уншиж байгаа зүйлийг бид ч бас мэдэх ёстой. Чухам ийм сэтгэлээр хүүхдийн сонгодог зохиолуудыг орчуулсан юм. Гэхдээ жинлүүрийн нөгөө талд “Чи монгол хүн юм бол юу мэдэх ёстой вэ?” гэсэн томоос том асуултын тэмдэг данхайгаад байж байгаа. Энэ асуултын тэмдгийн доор хоосон талбай байна. Үүнийг даруй түргэн дүүргэж авахгүй бол монгол цустай ч харь сэтгэхүйтэй залуу хойч үеийнхэн чинь өндийн босож ирэх нь байна шүү.
–Тэгвэл монгол хүүхдийг багаас нь хэрхэн “монгол хүн” болгон хүмүүжүүлэх вэ?
–Монгол Улс өөрийн үнэт зүйлтэй байж, удаан оршин тогтнох эсэх нь залуу үеэ хэн болгон хүмүүжүүлэхээс шалтгаална. Үүний тулд хүүхдийг өөрийн үнэ цэнийг мэддэг, боловсролтой хүн болгох нь зүйн хэрэг. Боловсролтой хүн бэлтгэх ганц арга нь уран зохиолын хичээлээр дамжуулан гоо зүй, ёс суртахуун, сайн муугийн үнэлэмж, нийгмийн харилцаа, хүний тухай танин мэдүүлэх. Би зохиолч болохоороо ингэж байгаа юм биш шүү. Хүүхдийн зохиолууд орчуулах явцдаа маш олон орны сургалтын хөтөлбөр, сурах бичиг сөхөж харсны хувьд хэлж байна. Монголоос бусад оронд уран зохиолын хичээлд маш өндөр ач холбогдол өгч байгаа. Бэлтгэл ангиас нь эхлээд уран зохиолын хичээлийг олон цагаар орно, ихэнхдээ багшийн уншлагын цаг байдаг. Багш нь зохиол уншиж өгдөг гэсэн үг. Бага ангид хамгийн багадаа таван цаг уран зохиолын хичээл орж байгаа. Францад гэхэд уран зохиол таван цаг, францын түүх таван цаг орж байна. Ингэж бага балчир байхаас нь түүхийн хуудсанд нэрээ үлдээсэн хүнийг мэдүүлдэг байх нь. Ингэж түүхээрээ нь бахархуулж, өөрийн үнэт зүйлийг нь мэдрүүлж өсгөж байна. Энэ бүхэн тусгаар улсын бодлого. Гэтэл манайд уран зохиолын хичээлийн оронд комик ном (зурагт ном) яриад сууж байх. Үүний дүнд манайд мэргэжлийн уншигч гэж байхаа болилоо. Бичиг үсгийн чадвартай хүн ховор болж. Түвдэнгийн Бор гэхээр хурдан морь гэж ойлгодог болсныг хэн хүнгүй хэлж байна.
–Дунд болон ахлах ангид уран зохиолын хичээл орж байгааг та хангалтгүй гэж үзэж байна уу?
–Тийм ээ, уран зохиолын хичээлийг зургадугаар анги хүртэл нь хассан байгаа. Үүнийг хэзээ хассаныг бид хоорондоо хэрэлдэж байгаад анзаараагүй. Үүний оронд иргэний боловсрол зэрэг ач холбогдол бага маш олон хичээл орж, хүүхэд төдийгүй эцэг эхчүүд даалгавар хийх дарамтанд орсон. Хичнээн их далгавар хийсэн ч сурах ёстойгоо сурахгүй болохоор яаж боловсрох вэ. Зориуд биднийг харанхуй мунхаг байлгах бодлого явагдаад байна шүү дээ. Цаад эзэд нь мэдээж долларын их багш нар.
–Боловсролын бодлогыг хэн тодорхойлдог гэж хэлэх гээд байна вэ?
– Тендэр зарлаж төрийн бодлого явуулдаг улс орон манайхаас өөр байхгүй. Байвал өнөө муу Африкийн хэд л байгаа байх. Боловсрол сайжруулж байна гээд мөнгийг маш их зардаг, зүгээр л салхинд хийсгэдэг. Тендэрээр сурах бичиг зохиож, тендэрээр хэвлэнэ. Энэ жил хийснээ дараа жил устгана. Үүнийг балайрал, дампуурал гэхээс өөр юу гэх вэ. Сайдын сэнтийд заларсан этгээдүүд хүүхдийн ном гэхээр л комик ном ярьцгаана даа. Эхлээд би их гайхдаг байлаа. Арай өнөө сандал суудал нь тэгж хэлүүлээд байдаг юм биш биз гэж. Уг нь тэд ном байтугай “н” үсэг ч мэдэхгүй улс шүү дээ. Ямар сайндаа сайд байсан Лу.Гантөмөр намайг бичиг үсгийн чадваргүй гэж дүгнэх вэ. Боловсролын сайд байтугай жирийн дунд сургуулийн багш номын хуудас татаж хараад бичиг үсэгтэй үсэггүйг тодорхойлж чадна даа. Ийм байчихсан амьтад сайд болж бидний толгой дээр залардаг нь ардчилалын “буян” юм даа. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа, Ё.Отгонбаяр Боловсролын сайд байхдаа өч төчнөөн сая төгрөг комик номд зарсан, Ц.Оюунгэрэл соёлын сайд байхдаа хүүхдийн номын тухай яриа болоход 30 хувь нь комик ном байх ёстой шүү гэж үүрэгдсэн, мүүнчин гэгддэгБ.Насанбаяр надад комик номын санал тавьж байсан гээд яривал их юм бий. Тэгэхээр манай сайд дарга нарт тушаагаад байдаг нэг их багш байгаа биз? Их соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн “Ичиг ичиг” шүлгийг сурах бичигт оруулах гэсэн чинь ЮНЕСКО-ийн гишүүн орны иргэд ийм шүлэг уншиж болохгүй, жендер мэндэртэй юм оруул гэж шаардсан тухай багийн нэг гишүүн ярьж байсан. Эрхэм сэтгүүлчид ээ, намайг тэр либериализмын их багштай минь цензуртэй, цензургүй уулзуулж нэг тус болооч. Би тэр багшид өөрийнх нь орны хүүхдүүд ямар сурах бичигтай байдгийг ганц удаа харуулъя даа. Ц.Нямдорж гуай Д.Эрдэнэбилэг гэгч эзнийхээ барааг хармаар байсан шиг би үүнийг маш их хүсэж байна. Мунхаг дарга нар минь ээ, та нар бодлого тодорхойлж чадахгүй ээ. Хэрэв улс орноо гэх сэтгэл байгаа бол мэргэжлийн хүмүүсээс нь асуу. Таван өгүүлбэртэй комик ном хүүхдийн уран зохиол биш ээ, та минь.
–Үүсээд байгаа эмх замбараагүй байдлын гарц, гаргалгааны талаар яриад ярилцлагаа өндөрлөе. Учир нь, таны дээр дурдсан шиг манайд мэргэжлийн уншигч байхаа больсон. Хүмүүс урт ярилцлагаас залхдаг болсон, товч зүйл, видео үздэг болоод байгаа?
–Товчхондоо, боловсролын тогтолцоог өөд нь татахын тулд уран зохиолын хичээлийг сайжруулах хэрэгтэй. Уран зохиолын хичээлийг сайжруулахын тулд бид арвин сан хөмрөгөө өөд нь татах хэрэгтэй. Монголын шинэ үеийнхэнд юу уншуулж, үзүүлэхийг нэг сургуулийн багш, яамны албан тушаалтан биш бүхэл бүтэн үндэсний хүрээлэн шийддэг баймаар байна. Үүнд сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч, бодлого боловсруулагчид бүгд оролцох ёстой. Монголчууд бүгд харанхуй мунхаг хүмүүс биш. Бидний дунд юмны учрыг мэддэг, сэрж гэгээрсэн хүн буюу соён гэгээрүүлэгчид бий. Тэдний санаа бодлыг сонсох, тусгах хэрэгтэй. Хэрэв Монгол Улс тусгаар тогтносон улс юм бол гаднын орны туршлага гээд хэн нэгэн хүний хэлсэн үгээр явж болохгүй. Үндэснийхээ сэхээтний дуу хоолойг сонсох хэрэгтэй. Сэхээтнүүд энэ цаг үед юу хийх ёстойг хэлж өгнө. Сургалтын хөтөлбөрт орох зүйлийг мэргэжлийн хүнээр дахин боловсруулалтад оруулах хэрэгтэй. Энэ шат дамжлага алга болсон болохоор Монгол ардын үлгэрийг хүртэл муухай гэж үзэх боллоо. Үлгэр домог ард түмний тусгал юм бол түүнд сайн, муу, сайхан муухай бүх зүйл байгаа. Дахин боловсруулалтаар болохгүй зүйлийг нь өөрчилнө, хасна. Шагшин магтаад байгаа Энэтхэгийн “Шидэт дохиурын үлгэр”-т аймшгийн үг хэллэгч ч байсан. Тэглээ гээд түүнийг дэвслээгүй. Гэрэл гэгээтэйг нь түүж аваад ард түмэнд түгээсэн. Бүх улс орон үлгэрээ мэргэжлийн хүнээр дахин боловсруулалтад оруулж байж сургалтын хөтөлбөртөө оруулдаг. Ийм зүйл манайд байхгүй болохоор ардын үлгэр шиг утгагүй зүйл байхгүй болоод байна. Маш олон зохиол орчуулсан хүний хувьд хэлье, монгол ардын үлгэр шиг сайхан үлгэр ховор шүү. Зөвхөн үлгэр биш үндэснийхээ зохиолыг бодлоготойгоор дэмжих хэрэгтэй. Санхүүжилтийг нь гаргаад өгчихвөл тийм сайхан зүйлийг, зөв зүйлийг хийх хүн олон бий.
Холбоотой мэдээ