"Хотел" гэх өөртөө ахдаж, гоёдсон хаяг гаднаа өлгөчихсөн дэн буудал нийслэлд дэндүү олон. Үүднээс нь харахад л өнгө зүс муутай, үнэр танар ч хэцүү ийм буудлуудаар хэн үйчлүүлдэг нь ойлгомжтой. Энэхүү хямд үйлчилгээ, хар бизнесийг дагасан нийгмийн асуудлууд анхаарлын тэмдэг үлдээсээр байна. Орон сууцны барилгын хонгил, гэр хорооллын гудамжны үзүүр зочид буудал нэрийн дор зөвхөн зоосонд шунасан дэн буудлуудад элдэв янзын хэрэг төвөг гарах нь элбэг.
Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн нэгэн дэн буудалд 31 настай эрэгтэй толгой руугаа ангийн буугаар буудаж амиа хорлосон хэрэг гарсан. Үүний өмнө хоёрдугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн “Secret” зочид буудлын өрөөнд 14 хоногтой нярайг төрүүлсэн эх нь хаяж явсан гэх мэдээлэл ч цацагдсан.
Одоогоос хоёр жилийн өмнө “Очир” төвд 13 настай охин харамсалтайгаар амиа алдсан. Тухайн үед зочид буудлынхан хяналттай хариуцлагатай хандсан бол ийм хэрэг гарах байх боломжгүй байлаа. Гэмт хэрэг гарсан “Очир” төв өнөөдрийг хүртэл хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ зочид буудлын өрөөнүүдээ нийтийн байр хэлбэрээр ашиглах болжээ.
Садар, самуун, архидан согтууралт, гэмт хэрэг, хар тамхи гээд муу муухай бүхэн шүглэсэн дэн буудал гэх "хар нүхүүд"-эд хаанаас яаж хяналт тавьдаг, хариуцлага нэхдэг талаар сурвалжилсан юм.
ДЭН БУУДАЛД АРХИДАН СОГТУУРАХ ХОРИОТОЙ
Дэн буудалд архидан согтуурах хориотой. Гэвч энэ бол худлаа. Захын дэн буудлаар шагайгаад үзэхэд л нийлж архидсан, согтуурсан хүмүүстэй таарах болно.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн долдугаар хороонд байрлах “Филимон” дэн буудал. Тус буудалд ойр хавийн шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн согтуу хөлчүү залуус хоноглодог аж.
Үдшийн 23.00 цаг. Согтуу хөлчүү , гуйвж дайсан тэдгээр хүмүүст 40 орчим насны ганц эмэгтэй үйлчилнэ. Тэрбээр үйлчлэгч, ресейпшин, худалдагч гээд бүх зүйлийг хийж харагдана. Тус буудал нь нийт есөн өрөөтэй бөгөөд дөрвөн өрөө нь хэдийнэ "зарагджээ". Үнийн хувьд хоногийн 20-40 мянган төгрөгийн хооронд байна.
Буудлын ажилтны хэлснээр “Зөвхөн хоёр ортой учир хосуудад үйлчилдэг архи тамхи хэрэглүүлдэггүй” гэж байсан юм. Гэхдээ бодит байдал дээр дөрвөн өрөөний хоёр өрөөнөөс архи хамар цоргих шахам үнэртэж байлаа. Уг нь хуульд зааснаар дэн буудалд архидан согтуурах хориотой бөгөөд, хориглосон газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх үндэслэлээр зөрчлийн тухай хуулиар 25.000 мянган төгрөгөөр торгох журамтай юм.
Иргэд дээрх дүрмийг мэддэггүй юу аль эсхүл мэдсээр байж архи пиво зэргийг нууж ордог уу гэдэг нь сонирхолтой. Мэдээж буудлын ажилтнуудад үйлчлүүлж байгаа хүмүүсийнхээ цүнх зэргийг нэгжих эрх байхгүй гэдгийг ч хэлж байсан юм. “Филимон” дэн буудлын хувьд үйл ажиллагаа явуулах гэрчилгээ нь хүчингүй болоод нэг сар болжээ. Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах тусгай гэрээ нь сунгагдаагүй тохиолдолд үйл ажиллагаа явуулах хориотой юм.
НҮДЭН БАЛАЙ ЧИХЭН ДҮЛИЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДГЭЭС ҮҮДЭЖ ТЭНД ГЭМТ ХЭРЭГ ГАРАХ НӨХЦӨЛ БҮРДЭЭД БАЙНА
Дараагийн дэн буудал нь “NW”. “Филимон”-ыг бодвол арай цэвэрхэн юм. Тус буудал нь 13 өрөөтэй бөгөөд тав нь хүнтэй байсан юм. Өрөөндөө ОО-той душ зэрэг байхаас шалтгаалаад үнэ нь янз бүр байх аж. Тухайлбал, нэг өргөн ортой өрөө нь 31000 төгрөг, душтэй өрөө нь 35000, гурван нарийн ортой нь 43000, хоёр өргөн ортой нь 43000 төгрөгийн үнэтэй байх аж. Цагийн төлбөр нь 10.000 төгрөг.
Тэднээс насанд хүрээгүй баймаар өсвөр үеийн хүүхдүүд хосоороо гарч явах нь харагдав. Тус буудал нь насанд хүрээгүй хүнд үйлчилсэн мөн үйл ажиллагаа явуулах гэрээний хугацаа дууссан зөрчилтэй. Үйл ажиллагаа явуулах гэрээний сунгалтыг Баянзүрх дүүрэг сунгах ёстой. Гэтэл тус дүүрэг удирдлагын төвшинд дотроо маргаантай байгаа учраас буудлын гэрээг сунгаж өгөхгүй байгаа гэдгийг буудлын ажилтнууд учирлаж байсан юм.
Гэхдээ зочид буудал нэртэй эдгээр газрууд ариун цэврийн наад захын шаардлага хангахгүйн зэрэгцээ үйлчлүүлэгчдийнхээ бичиг баримтыг ч шалгахгүй, бушуухан хэдэн төгрөгийн орлогоо бодож нүдэн балай чихэн дүлий үйлчилгээ үзүүлдгээс үүдэж тэнд гэмт хэрэг гарах нөхцөл бүрдээд байна.
Бид дэн буудлуудад хийсэн хяналт шалгалтын талаар Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахмад А.Энхтуулаас тодрууллаа.
АЖ АХУЙН НЭРЭЭР БИШ ИРГЭНЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ
–Цагдаагийн байгууллагаас хамгийн сүүлд хэзээ дэн буудлуудад шалгалт хийсэн бэ?
-Цагдаагийн байгууллагаас өдөр бүр тогтмол хяналт шалгалт хийдэг. Дэн буудалд архидан согтуурах хориотой. Гэвч шалгалтын үеэр ихэвчлэн архидан согтуурах зөрчил илэрдэг. Ер нь дэн буудал амрах зориулалттай газар болохоос архидаг согтуурдаг газар биш. Буудал ажиллуулж байгаа хүмүүс архи согтууруулах төрлийн зүйл худалдан борлуулах зөвшөөрөлгүй мөртлөө худалддаг, үйлчлүүлж байгаа хүмүүс нь нууж хааж авч ордог. Буудал ажиллуулж байгаа хүмүүсийн зүгээс “Бид хүний цүнхийг шалгаад оруулах эрхгүй. Буудлын өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа эсэхийг бид яаж мэдэх юм” гэдэг. Мөн үүнээс гадна мөрийтэй тоглуулах зөрчлүүд их илэрдэг.
2018 оны байдлаар нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг дэн буудал болон зочид буудалд 464 гэмт хэрэг үйлдэгдсэн байдаг. Үүний 30 хувийг хулгай, 50 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлдэг. Өөрөөр хэлбэл, буудлын өрөөнд архидан согтуурсны улмаас хэрүүл маргаан гарч бие биеэ зодож гэмтээдэг бие махбодод нь хүнд болон хөнгөн гэмтэл учруулдаг гэмт хэргүүд ихэвчлэн үйлдэгддэг гэсэн үг.
-Зочид буудлууд гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлж байна гэсэн шүүмжлэл гардаг?
-Зэрэглэл өндөр буудлуудад гэмт хэрэг зөрчил бүртгэгдэхгүй. Ихэвчлэн хотын захаар байдаг дэн буудалд гэмт хэрэг зөрчил үйлдэгддэг. Тухайлбал, хоёр хүн дэн буудал руу орлоо гэхэд маргааш нь хамт орсон хүн нь утас эд зүйлийг нь хулгайлаад гардаг. Нөгөө хүн нь эд зүйлийг нь хулгайлсан хүнийхээ утасны дугаар тэр байтугай царайг нь таньдаггүй асуудал их гардаг. Буудалд үйлчлүүлэхдээ бичиг баримтыг нь шалгасан байна уу гэхээр байхгүй, буудлын камержуулалт ч байхгүй. Тэгэхээр тухайн хүнийг олоход бэрхшээлтэй. Буудлууд үйлчлүүлж байгаа хүмүүсийнхээ бичиг баримтыг нь заавал шалгах ёстой. Хоёр хүн орлоо гэхэд нэгийнх нь бичиг баримтыг шалгачхаад нөгөөхийг нь шалгадаггүй. Энэ асуудлаас болоод биеэ үнэлэлт ч буурахгүй байна.
-Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан дэн буудлуудад ямар хариуцлага тооцдог вэ?
-Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа дэн болон зочид буудалд зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлээр торгуулийн арга хэмжээ авна. Ихэвчлэн дэн буудлууд аж ахуйн нэрээр биш иргэнээр үйл ажиллагаа явуулдаг.
Ийм тохиолдолд 50 мянган төгрөгөөр торгодог. Аж ахуй нэгж бол 500 мянган төгрөг. Гэхдээ буудлууд торгуулсан ч гэсэн үргэлжлүүлээд ажилласаар л байдаг. Цагдаагийн байгууллага зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна гээд торгуулийн арга хэмжээ авдаг. Маргааш нь ажиллаад л эхэлдэг. Энэ зөрчил ерөөсөө арилдаггүй.
Дэн болон зочид буудлын үйл ажиллагаа явуулахаар тусгай зөвшөөрлийг авахдаа цагдаагийн байгууллагаас тухайн байгууллага өмнө нь гэмт хэрэг зөрчил үйлдэгдэж байсан уу, зөрчил гаргаж байсан уу гэдэг судалгааг нь авч үүн дээр үндэслэж Нийслэлийн аялал жуулчлалын газар /НАЖГ/ зөвшөөрөл олгодог болмоор байна. Эхлээд заавал гэмт хэрэг зөрчлийн судалгааг авах юм бол гэмт хэрэг буурна.
ТЭГВЭЛ ДЭН БУУДЛЫГ ХЯНАЖ ШАЛГАДАГ БАЙГУУЛЛАГУУД ЮУ ХИЙЖ БАЙНА ВЭ?
НАЖГ-аас авсан тоон мэдээллээр Улаанбаатар хотод 221 зочид буудал, 215 дэн буудал бүртгэгджээ. Жилд 600 гаруй аж ахуйн нэгж зочид буудал, дэн буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүсдэгээс 400 нь л шаардлага ханган эрхээ авдаг талаар албаны хүн онцолсон юм. Мөн хяналт шалгалт хийх ёстой Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын /МХЕГ/ хувьд 2012 оныг хүртэлх хугацаанд зочид буудлуудад хяналт шалгалт хийдэг байжээ. Харин 2012 онд МХЕГ-ын хийж гүйцэтгэх ажлын журамд нь өөрчлөлт орж “Нийслэлийн аялал жуулчлалын газар” зочид буудлуудад хяналт шалгалт хийдэг болсон байна. Өнгөрсөн 2018 онд МХЕГ-аас дэн буудалд хяналт шалгалт хийх хяналтын хуудас батлагджээ. Ингэснээр энэ жилээс эхлэн төлөвлөгөөт хяналт шалгалтад зочид буудал болон дэн буудлуудыг хамруулах аж. НАЖГ-аас дэн буудалд хяналт шалгалт хийх ёстой байгууллага нь МХЕГ гэсэн бол Цагдаагийн байгууллагаас НАЖГ хийх ёстой гэсэн зөрүүтэй мэдээллийг өгч байсан юм.
Яагаад байшин болгон зочид буудал болоод байна вэ. Үүнд нэг л хариулт байгаа. Дундаж зэрэглэлээс эхлээд дэн буудал бүрт биеэ үнэлэлт цэцэглэж байгаа нь худлаа биш. Дээрээс нь архиндаа халамцсан, үргэлжлүүлж уух хүсэлтэй залуучуудын хоног төөрүүлдэг, согтуурдаг газар нь бас эдгээр дэн буудлууд. Хар тамхи татдаг, цавуу, газ үнэрлэж мансуурдаг залуучуудын орогнодог газар нь ч бас л дэн буудал. Ердөө л ийм хүмүүсээс хэдэн төгрөг авах зорилготой л зочид буудал байгуулж байгааг хэн ч үгүйсгэж чадахгүй. Нийслэлд өнөөдрийн байдлаар зөвшөөрөлгүй, эс бөгөөс стандарт хангаагүй хэчнээн буудал үйл ажиллагаа явуулдаг вэ гэдгийг нарийвчлан гаргасан тоон баримт алга.
Журамд өөрчлөлт орсон, хууль эрх зүйн санкц байхгүй хэмээн эрх бүхий байгууллагууд нь хариуцлагаас зугтаж, харин дэн буудлууд нь гэмт хэргийн "хар нүх" болжээ. Тэнд хэн нэгэн хүүхдээ хаяж, хэн нэгэн амиа алдаж, хэн нэгэн садар самуунд уруу татагдаж, хэн нэгэн хар тамхины золиос болсоор. Хэрэвзээ гэмт хэрэгтэй тэмцэхийг хүсвэл шалтгаантай нь, гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн хямдхан үйлчилгээ, хар бизнестэй тэмцэх ёстой юм.
Холбоотой мэдээ