Хятадын банкууд ам.долларын нөөцөө баржээ

Хуучирсан мэдээ: 2019.04.26-нд нийтлэгдсэн

Хятадын банкууд ам.долларын нөөцөө баржээ

Хятадын банкууд ам.долларын нөөцөө баржээ

Хятадын арилжааны том банкууд ам.долларын нөөцөө барж байгаа тухай “Wall Street Journal” нийтэлжээ. Сүүлийн жил хагасын хугацаанд Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, ам.долларын ханш чангарсан нь банкуудад ам.долларын нөөц багасахад нөлөөлжээ. Өнгөрсөн 2018 онд Хятадын олон корпораци дампуурлаа зарласан ба энэ онд нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байна. Учир нь Хятадын фирмүүд ихэвчлэн ам.долларын зээлтэй байдаг ба ам.долларын эсрэг юанийн ханш суларснаар өр нь илүү үнэтэй тусах болжээ. Зээлийн өртөг өссөнөөс Хятадын олон компани бондын эргэн төлөлтөө хийж чадахгүй дампуурлаа зарласан аж.

Хятадын бизнес эрхлэгчид ойрын хоёр жилийн хугацаанд барагдуулах  нийт 2,25 их наяд ам.долларын зээлтэй. Гэтэл Хятад төдийгүй Ази даяар эдийн засгийн өсөлт удааширч, корпорацийн бэлэн мөнгөний урсгалд дарамт учруулж эхэлжээ. Улмаар ам.долларын өрөө барагдуулахын тулд Хятадын корпорациуд орон нутгийн банкуудаас дахин ам.доллар зээлдэг аж. Энэ нь банкуудад ам.долларын нөөц багасахад хүргэсэн байна. Хятадын дөрвөн том банкны ам.долларын цэвэр нөөц 2014 он байдлаар 125 тэрбум ам.доллар байжээ. Гэтэл 2018 оны байдлаар тэд 72 тэрбум ам.долларын өртэй болсон ба энэ нь авлагаасаа давжээ. Хятадын “Bank of China” хэдхэн жилийн өмнө бусад банк болон санхүүгийн байгууллагаас хавь илүү ам.долларын нөөцтэй байсан бол 2018 оны төгсгөлд авлагаасаа давсан ам.долларын өртэй болсон аж. Тус банкны хөрөнгийн нөөц-өрийн тэнцвэргүй байдлыг шийдвэрлэхийн тулд янз бүрийн арга хэмжээ авч байгаа аж. Тухайлбал, төв банк нь бусад арилжааны банкнаас ам.долларын нөөцийг нь зээлэх аргыг хэрэглэж эхэлжээ.

Банкуудын ам.долларын нөөц барагдахад Хятадын даргын санаачилсан “нэг бүс-нэг зам” дэд бүтцийн төслүүд гол буруутан болж байгааг шинжээчид мэдэгджээ. Учир нь төслийн хүрээнд хийгдэж буй санхүүжилтийн ихэнх хувь нь ам.доллараар хийгдэж байгаа аж. Хятадын зүгээс “нэг зам- нэг бүс” санаачлагад нэмэлт 14,5 тэрбум ам.долларын санхүүжилт хийнэ гэж Ши Жиньпин 2017 мэдэгдсэн. Мөн Хятадын Экспорт-Импорт банк, Хятадын Хөгжлийн банк санаачилгад нийтдээ 55 тэрбум ам.долларын зээл, хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байв.

Гэхдээ Хятад улс нь 3,1 их наяд гадаад валют солилцооны нөөцтэй учир санхүүжилтийн хямралаас хамгаалалт болох аж. Түүнчлэн юанийн эрэлтийг нэмэгдүүлэх замаар Бээжин нь ирээдүйд олон улсад санхүүгийн гол тоглогч болохыг зорьж буй. Тухайлбал, Хятад болон ОХУ-ын тал худалдаа наймаагаа ам.долларын оролцоогүй өөрсдийн орны мөнгөн тэмдэгтээр хийхээр ярилцаж, арга замыг эрэлхийлэх болсон билээ. Гэсэн ч юанийг хөрвүүлэхэд хүндрэлтэй, Хятадын хуулийн систем танил биш зэргээс шалтгаалан ойрын хугацаанд олон улсын гол худалдаа эрхлэгчид ам.доллараар наймаа хийсээр байх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж