Дуулиант хэргүүд ба шүүх эмнэлгийн дүгнэлтүүд

Хуучирсан мэдээ: 2019.04.26-нд нийтлэгдсэн

Дуулиант хэргүүд ба шүүх эмнэлгийн дүгнэлтүүд

Шүүх эмнэлгийнхэн мөнгөтэй хүмүүсийн талд үйлчилж хуурамч дүгнэлт гаргадаг боллоо гэдэг асуудал  олон нийтийн дунд түгээмэл яригддаг. Ийн хэлэх болсны учир нь найз залуу болон хамтран амьдрагчийнхаа гарт амиа алдсан гэх бүсгүйчүүдийн тоо улам бүр нэмэгдэж, олны жигшил зэвүүцлийг төрүүлээд байна. Хэдийгээр хохирогчдыг үхлийн шалтгааныг хуулийнхан тогтоодог ч үүний цаана шүүх эмнэлгийн дүгнэлтүүд хэн нэгний ашиг сонирхлын төлөө өөрчлөгддөг үү гэх хардлага өөрийн эрхгүй төрөх. Тиймээс  нийгэмд багагүй дуулиан дэгдээсэн хэргүүд дээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс ямар дүгнэлт гаргаж байсныг тоймлон хүргэе.

Ч.ЧАМИН-ЭРДЭНИЙН ХЭРЭГ ХААГДААГҮЙ 

Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ээж Г.Чимгээ

Хамгийн эргэлзээтэй жишээ хэлэхэд “Монгол Модель” агентлагийн загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ амиа хорлосон уу эсвэл мөнгөтэй эрхмүүдийн “золиос” болсон уу гэдэг одоог хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа.

Шүүх эмнэлгийнхэн Ч.Чамин-Эрдэнийн үхлийн шалтгааныг тогтоохдоо “Олон тооны хавсарсан гэмтлийн улмаас нас барсан нь тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь өндрөөс унах үед үүсэх боломжтой” хэмээн тайлбарласан билээ. Өөрөөр хэлбэл талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт “Гаднын нөлөөгүй” болохыг тодотгосон юм.

Цагдаагийн байгууллагаас дээрх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дэх хэсэгт зааснаар хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлж, шийдвэрлэхээр болсон. Түүнээс гадна талийгаач нь амиа хорлосон нөхцөл байдал бүрэн тогтоогдсон  тухай мэдээлж байв.

Энэ хэрэгт талийгаачийн ар гэрийнхэн төдийгүй олон нийт гомдолтой байгаа. Эх сурвалжаас авсан мэдээллээр хохирогч талын өмгөөлөгчид дээрх хэргийг хаагдах ёсгүй хэмээн үзэж, дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг хүсч улмаар Улсын ерөнхий прокурорын газарт хандсан юм байна. Мөн шүүх эмнэлгийн дүгнэлтэд итгэл алдарч дахин шинжээч томилон шинжилгээ хийлгэсэн ажээ. Энэхүү шинжилгээний хариу ирэх долоо хоногоос гарах гэнэ.

Манай улсад эрүүгийн хэрэгт шүүх эмнэлгийн дүгнэлтийг чухалчилж үздэг. Тиймээс тэдний гаргасан дүгнэлтэд үндэслэн хэргийг шийдвэрлэдэг гэсэн үг.

Өөрөөр хэлбэл эндээс гарах дүгнэлт зүгээр ч нэг цаас биш, хохирогчид, тэдний ар гэр, гэмт хэрэгт холбогдогсдын хувь заяанд нөлөөлөх хамгийн чухал дүгнэлт учир хариуцлагатай, мэргэжлийн өндөр чадвартай, өргөсөн тангарагтаа үнэнч хүмүүс ажилладаг байх ёстой газар. Гэтэл удаа дараалан гаднын нөлөөгүй дүгнэлт гаргах болсонд олон нийт эгдүүцсээр байгаа юм.

 ЗҮҮНБАЯНД АМИА АЛДСАН ЦЭРГИЙГ ЗҮРХ НЬ ХЭТ АЧААЛСНААС БОЛООД АМИА АЛДСАН ГЭЖЭЭ 

Талийгаач Б.Алтантулгын төрсөн ах Б.Эрдэнэбат

Дахин нэг баримт хэлэхэд Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан Б.Алтантулга нь  энэ оны нэгдүгээр сарын 22-нд золгүй байдлаар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Дээрх мэдээлэл цацагдсан даруйд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр талийгаачийг цэргийн ангидаа дэглүүлснээс болоод нас барсан гэх таамаг хөвөрч эхэлсэн юм. Цагдаагийн байгууллагаас талийгаачийн үхлийн шалтгааны талаар мэдээлэхдээ гаднын нөлөөгүй амиа алдсан, бие дээрх хөх толбыг хүүрийн толбо хэмээн тайлбарласан юм.

Тэгвэл уг мэдээллийг талийгаачийн ар гэрийнхэн үгүйсгэж талийгаачийг зодуулснаас болоод амиа алдсан гэдэгтэй санал нэгдэж байв. Хэрэг гарсны дараа хохирогчийн өмгөөлөгчид хэлэхдээ “Биднийг очиход талийгаачийн нуруу хэсэгт үүссэн толбо бол хүүрийн толбо биш. Гаднын нөлөөтэйгөөр толбо үүсэх боломжтой гэж үзэж байгаа. Хөлийн шилбэний хэсэг хөхрөлт няцралттай, баруун мөрний дээд хэсэгт гаднын нөлөөтэй шарх, сорвитой байсан” гэх мэдээллийг өгсөн.

Харин албаны эх сурвалжаас авсан мэдээллээр талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт албан ёсоор гарсан бөгөөд уг дүгнэлтэд талийгаачийг гаднын нөлөөгүй амиа алдсан болохыг тодотгодог. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд “Талийгаачийн зүрх хэт ачаалснаас зүрх нь зогссон гэсэн дүгнэлт гарчээ. Харин нуруу, шилбэнд үүссэн шархыг гаднын нөлөөтэй үүссэн” хэмээн дүгнэсэн юм.

Талийгаачийн төрсөн ах Б.Эрдэнэбат дүүгээ хууч өвчингүй, эрүүл саруул цэрэгт мордсон болохыг хэлдэг. Харин өнөөдрийн байдлаар дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй ажээ. Өмгөөлөгчид болон талийгаачийн ар гэрийнхний зүгээс “гомдолтой” байгаа бөгөөд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэгдэх хүртэл тэмцэнэ хэмээн мэдэгдээд байна.

13 ДАВХРААС УНАСАН ОХИНЫ ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ДҮГНЭЛТ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ГАРНА ГЭВ

Хэргийн газар “Мандала” хотхон

Хэдхэн хоногийн өмнө дахин нэг харамсалтай хэрэг гарсан. Цэцэг цэврүү шиг айлын охиныг орон сууцны 13 давхраас найз залуудаа шидүүлсэн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд нэлээд  шуугьсан. Энэ хэрэг одоогоос хоёр долоо хоногийн өмнө буюу энэ сарын 9-ны өдөр гарсан юм. Охиныг 13 давхраас амиа хорлосон уу эсвэл найз залуудаа шидүүлсэн үү гэдэг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тодорхой болно.

Бид охины аав Д.Сүхжаргалаас өчигдөр тодруулахад “Талийгаач охины минь шүүх эмнэлгийн дүгнэлт ирэх долоо хоногт гарах байх. Найз залуу гэх О.Боргил гэгчийг энэ хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Шүүхийн шинжилгээний хариу гарахаар түүнд ямар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэх нь тодорхой болох байх” хэмээн хоолой зангируулан ярив. Хэдийгээр хэрэг шалгагдаж байгаа ч дахиад гаднын нөлөөгүй гэсэн дүгнэлт гарах вий гэдгийг бодохоос ч сэтгэл эмтэрмээр.

Э.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ХарамсалтайХарамсалтай
18
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж