Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар өнөөдөр БНХАУ-ын Ардын Их Хурлын ордны “Зүүн их” танхимд албан ёсны хэлэлцээ хийв.
Хэлэлцээний эхэнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай өмнө нь хоёр удаа уулзаж байсан талаараа дурдаад, БНХАУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, мөн хоёр орны Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулсны 25 жилийн ой тохиож буй энэхүү цаг үед дахин уулзаж байгаа нь хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой болохыг онцлон хэллээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү уулзалт нь 70 жилийн хамтын ажиллагааны ололт амжилт болоод цаашдын зорилго, чиглэлээ тодорхойлох чухал уулзалт болохыг тэмдэглээд, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Төрийн айлчлал хийж, “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцож байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм.
Талууд хоёр орны харилцааны асуудлаар санал солилцохдоо өнөөгийн Иж бүрэн стратегийн түншлэлд хүрсэн нь өнгөрсөн хугацааны харилцааны үр дүн болохыг дурдаад, цаашид энэхүү түншлэлээ бүхий л түвшинд тасралтгүй хөгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал нэгдэв.
Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд гэхэд БНХАУ-аас Монгол Улсад олгосон буцалтгүй зээл, тусламжийг богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэхэд хоёр талаасаа анхаарч, зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн бус нэмүү өртөг шингээсэн, түүний дотор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд голчлон анхаарч ажиллахаар болсон юм. Тухайлбал, Монгол Улсын баруун бүсээс Хятадад экспортлох махны хориг, улсын зүүн болон баруун бүсээс хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлэх зэрэг саналыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин хүлээн авч, энэ хүрээнд ажлын хэсэг гарган тодорхой ахиц гаргахаа илэрхийллээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэвшүүлсэн “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн супер сүлжээ”, энэхүү сүлжээний бүс нутгийн байгууллагыг бий болгох санаачилгыг БНХАУ дэмжиж байгаа хэмээн байр сууриа илэрхийлэв.
Дээрх төслөөс гадна ОХУ-БНХАУ-ын хооронд байгалийн хий дамжуулах шугам, Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны хэлэлцээр, зарим боомтын ажиллах цагийг уртасгах зэрэг хоёр орны худалдаа эдийн засаг, гурван талт хамтын ажиллагаа, соёл боловсрол, олон улс, бүс нутгийн зэрэг өргөн сэдвээр албан ёсны хэлэлцээ хийлээ.
Хэлэлцээний дараа БНХАУ-д Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Тяньаньмэний талбайд байрлах Хятадын ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөх ёслолд оролцлоо.
Эх сурвалж: www.president.mn
Холбоотой мэдээ