Гадаад өр 2.2 дахин өсчээ

Хуучирсан мэдээ: 2015.05.13-нд нийтлэгдсэн

Гадаад өр 2.2 дахин өсчээ

– Тийм болохоор талцаж хуваагдах бус нэг эрх ашгийн төлөө нэгдэж ажиллах ёстой-

Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого /2015-2040 он/ сэдэвт хэлэлцүүлэг  Төрийн ордонд боллоо.

Шинжлэх ухааны академийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэн нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулах хүрээнд тодорхой судалгааг хийжээ. Энэхүү судалгаа нь шинжлэх ухаанд тулгуурласан болохыг тус хүрээлэнгийн захирал тодотгосон юм. Дээрх судалгаагаар  Монгол Улсын өнөөгийн хөгжлийн төвшинг авч үзвэл 1 хүнд ногдох ДНБ-ийн хэмжээ 4011 ам.доллартай тэнцэж байна. Энэ нь сүүлийн арван жилийн хугацаанд эдийн засаг тогтвортой өсч ирсний үр дүн аж. Гэхдээ эдийн засгийн бүтэц нь өөрийгөө нөхөн сэргээх чадваргүй байгаа нь эрсдэл дагуулж буй юм. Тухайлбал, дэд бүтэц сул хөгжсөн, эрчим хүч, шатахууны хэрэглээгээ импортоор хангадаг. Эдийн засаг нь зөвхөн уул уурхайн салбарт голлосон. Тодруулбал, уул уурхайн бүтээгдэхүүн экспортын 89 хувийг бүрдүүлж байна. Ингэхдээ зөвхөн түүхий эдэд тулгуурласан бүтэц ноёлосон.

Банкны систем нь мөнгө хүүлэлтийн шинжтэй болж хувирсан нь жижиг, дунд үйлдвэрлэл хөгжихөд саад болдог.

Хөрөнгө оруулалтыг гаднаас татахын тулд хууль эрх зүйн орчноо байнга өөрчилж ирсэн ч тусыг олсонгүй, эцэстээ өрөнд орох нөхцөл үүссэн. Тухайлбал, 2011-2013 оны хооронд гадаад өр 2.2 дахин өсчээ.

Байгаль экологийн хувьд авч үзвэл газар нутгийн 77 хувь цөлжсөн, усны хомсдол ирээдүйд бий болох харанга дэлдэж байна. Өөрөөр хэлбэл, эдгээр нь сул тал юм.

Харин боломжийн тухайд, сүүлийн жилүүдэд хоёр хөрштэй харилцаа дээд төвшинд хүрсэн, Европ, Азидаа хөгжлөөрөө тэргүүлэгч орнуудтай сайн харилцаатай байгаа нь өндөр технологи нэвтрэх боломжийг бий болгож байна.

Экспортын бүтээгдэхүүний 89 хувийг эрдэс баялаг эзэлж байгаа нь боловсруулах үйлдвэрлэлийн суурь болж өгч байгаа.

Иргэдийнх нь 178.3 мянга нь дээд боловсролтой, 42.8 мянга нь мэргэжлийн боловсрол эзэмшсэн. Гол нь бүтээмжийг өсгөж, эдийн засгийн төрөлжилтийг бий болгох. Хятадын мөнгөн тэмдэгт дэлхийн гол тоглогч болж, Оросын валют бүс нутагтаа орон зайгаа алдахгүй байх төлөв харагдаж буй нь зөвөөр ашиглаж чадвал Монголд эерэг нөлөө үзүүлнэ.

Ийм учраас хөгжлийн бодлогоо зөв тодорхойлж, түүнийгээ тууштай хэрэгжүүлж чадвал ирээдүйд учрах эрсдлээс сэргийлж, улс орноо хөгжүүлж, монгол хүний бүтээх чадварыг дэлхийн төвшинд хүргэж, амьдралын чанарыг сайжруулж чадна гэж үзэж байна. Хэрвээ хөгжлийн бодлогоо зөв тодорхойлж, тууштай хэрэгжүүлж чадахгүй бол тодорхой эрсдлүүд хүлээж байгааг тодорхойллоо. Хамгийн ноцтой нь үндэсний аюулгүй байдлын дархлаа сулрах, хоёр хөршийнхөө түүхий эдийн хавсарга болох зэрэг эрсдлүүд үүсч болзошгүй аж.

Жил гаруйн өмнө УИХ-ын даргын захирамжаар УИХ дахь нам эвслийн бүлгүүдийн дарга нарыг оролцуулсан Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан байна. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нарын байр суурийг хүргэе.

С.Бямбацогт: Бид нэг л зовлонтой

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд гаргасан амжилт, алдсан алдаанаасаа сургамж авч, ирээдүйд 2040 он хүртэл Монгол Улсаа яаж бодлоготой хөгжүүлэх вэ. Урт, дунд хугацаанд хөгжлийн бодлогоо яаж уялдуулах вэ гэдэг дээр төвлөрч ажиллалаа. Бид нэг л эх оронтой, нэг л жаргалтай, нэг л зовлонтой, нэг л эх оронтой, нэг л монголчууд. Тийм болохоор талцаж хуваагдах бус нэг эрх ашгийн төлөө нэгдэж ажиллах ёстой. Хамтдаа зорилго тавиад зүтгэе, урьд гаргасан алдааг давтахгүй гэдэг зорилгоор УИХ дахь гурван намын бүлгийн даргаар бодлогын баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг ахлуулж, улстөргүйгээр явуулах гэдгээрээ онцлогтой. Бодлогод таван чиглэлийн хүрээнд 25 зорилт дэвшүүлж байна. Нийгмийн, эдийн засгийн, хууль эрх зүй, төрийн байгууллагыг бэхжүүлэх, хүнийг яаж хөгжүүлэх вэ зэрэг зорилтууд багтсан. Нэг үгээр хэлбэл, энэхүү бодлогын баримт бичиг нь сонгуульд аль ч улстөрийн хүчин ялснаас үл хамаарч тууштай хэрэгждэг байх, Монгол Улсын хоёр дахь Үндсэн хууль болж батлагдахаараа ач холбогдолтой.

Н.Батцэрэг: 25 жилийн ирээдүйг харсан бодлого батална

Н.Батцэрэг:- Урт хугацааны хөгжлийн бодлого гаргахаар хамгийн эхний төслийг хэлэлцүүлэгт оруулж байна. Өнгөрсөн хугацаанд УИХ-аас салбар болгоны мастер төлөвлөгөө хөтөлбөрүүд  батлагддаг  байсан ч санхүү, хэрэгжих цаг хугацаа зэрэг олон зүйлийг дутуу хийснээс урт хугацаанд эдийн засгийн тогтвортой хөгжил бий болгох, тэр нь хүн амын орлого, чанартай эрүүл мэндийн үйлчилгээ, эрүүл аюулгүй орчинд амьдрах амьдралын баталгаа зэрэг шалгуураар авч үзвэл учир дутагдалтай явж ирсэн. Ийм учраас 25 жилийн ирээдүйг харсан хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль гаргаад энэ том бодлогодоо нийцсэн хууль эрх зүйг цаашдаа батлах нь илүү оновчтой болно гэж үзэж байна.  

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж