Турк Оросын үйлдлийг хууль бус гэв

Хуучирсан мэдээ: 2015.05.13-нд нийтлэгдсэн

Турк Оросын үйлдлийг хууль бус гэв

Мевлют Чавушоглу

Фото: Andrew Harnik / AP Photo

 

Украин, Гүржийн хувьд хийгдсэн Оросын үйлдэл нь хууль бус байсан. Берлиний хана нурсан ч гэсэн хүний санаанд өмнөх “хана” нь ноёрхсоор байна. Орос ч Европ ч өөрсдийн хооронд сонголт хий гэж Украиныг шахаж болохгүй хэмээн Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу лхагва гаригт мэдэгджээ.

 

Туркийн Анталья хотод энэ сарын 13-14-нд Хойд Атлантын эвслийн (НАТО) гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын саммит болох юм. Сайд нарын уулзалтын гол сэдвийн нэг нь Украины зүүн өмнөд  хязгаарын сөргөлдөөнд Орос оролцож байгаа асуудал болно гэдгийг өмнө нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдсэн билээ.  Түүний хэлснээр, эвсэл тэргүүлэх чиглэлүүдээ тогтоох болно.

 

Украин болон Барууны орнууд Оросын арми Донбассын журамт цэргийнхнийг дэмжиж байна гэж буруутгаж байгаа. Оросын тал үүнийг үгүйсгэн ямар нэгэн баримт гаргахыг шаарддаг. Москва Украины сөргөлдөөний талд байдаггүй, Киев улс төр, эдийн засгийн хямралаа даваасай гэж хүсч байгаа хэмээн Кремль нэг биш удаа мэдэгдэж байгаа билээ.

 

Гүрж, Өмнөд Осетийн хооронд зэвсэгт мөргөлдөөн 2008 онд гарсан билээ. Тэр цагийн наймдугаар сарын 8-ны шөнө Гүржийн арми өөрийгөө зарлан тунхагласан улсын нутаг дэвсгэрт довтолгоон хийсэн юм. Осетинуудын талд Оросын арми орон тулалдаж, тав хоногийн дотор Гүржийгн армийг шахан гаргажээ. Мөн Гүржийн нутаг дэвсгэрт армийн  бааз, анги нэгтгэлийг нь бөмбөгдсөн аж. Наймдугаар сарын 26-ны өдөр Абхаз, Өмнөд Осетийн тусгаар тогтнолыг Орос хүлээн зөвшөөрчээ. Үүний дараа Гүрж дипломат харилцаагаа Оростой зогсоосон юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж