Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд хамтарна

Хуучирсан мэдээ: 2015.05.13-нд нийтлэгдсэн

Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд хамтарна

Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Болгар Улсын Хөдөө аж ахуй, хүнсний дэд сайд  Вассил Грудевийг өнөөдөр хүлээн авч уулзжээ. Уулзалтын эхэнд ХХАА-н сайд Р.Бурмаа “Хоёр орон  хөдөө аж ахуйн салбарын техник туслалцааны хөтөлбөрийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан нь уламжлалт найрсаг харилцаа сэргэх улмаар харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжих суурь боллоо” гэж онцолсон байна. Тэрээр Монгол Улсын Засгийн газраас Чингис бондын зээлээр өвлийн хүлэмж барих ажлыг эхлүүлснийг дуулгаад, хүлэмжийн технологи, менежментийн арга туршлагаар дэлхийд тэргүүлдэг  Голланд зэрэг орнуудтай үнэ, чанарын хувьд өрсөлддөг Болгар Улстай хүлэмжийн аж ахуйн чиглэлээр хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа онцлон тэмдэглэв.

Мөн Болгараас мэргэжилтэн урьж ажиллуулан, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд зөвлөмж, зөвлөгөө өгөх, технологи, менежментийн сургалт зохион байгуулах, өндөр ургацтай, чанартай үр сортыг нутагшуулах,  үржүүлэх чиглэлээр хоёр орны Газар тариалангийн хүрээлэн хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх болон Монголын хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, фермерүүдийг Болгарт богино хугацааны сургалт, танилцах аялалд хамруулах зэрэг хүсэлтийг  тавьсан байна.

Дэд сайд Вассил Грудев дээрх саналыг нааштай хүлээн авч, хөдөө аж ахуйн салбарт техник туслалцааны хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг энэ ондоо багтаан хангах, хүлэмжийн загвар аж ахуйг барьж байгуулах болно гэдгээ хэлжээ.  Мөн шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах боломжтойг онцлоод эл ажлын хүрээнд Газар тариалангийн хүрээлэн хооронд хамтын ажиллагааг хөгжүүлж Монголын цаг уурын нөхцөлд тохирсон үр сортыг гаргаж, нутагшуулах чиглэлээр бодитой ажлыг эхлүүлэхээр тохиролцсон байна.

Дэд сайд Вассил Грудев мал эмнэлэгийн салбарт малын бүртгэлжүүлэлт, мөрдөн мөшгих системийг Монголд нэвтрүүлэх боломж байгааг хэлээд, энэ чиглэлээр боловсон хүчний чадавхийг дээшлүүлэхэд хамтран ажиллах саналыг тавьсан байна. Тэрээр сайд Р.Бурмааг ирэх есдүгээр сард Болгар улсад айлчлахыг урьж, тэр үеэр Монгол-Болгарын бизнес уулзалтыг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн талаар ХХАА яамнаас мэдээллээ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж