ХУД-т Танхимын команд штабын дадлага сургуулиар үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2019.04.26-нд нийтлэгдсэн

ХУД-т Танхимын команд штабын дадлага сургуулиар үргэлжилж байна

ХУД-т Танхимын команд штабын дадлага сургуулиар үргэлжилж байна

Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр өглөө 07.30-09.30 цагийн хооронд нийслэлийн авто замын хөдөлгөөнийг бүхэлд нь хааж,  60 цэгт байршуулсан зарлан мэдээллийн дуут дохио 08.00 цагт дуугарснаар иргэд  өөрт ойрхон цуглах талбайд гарч болзошгүй гамшгийн үед яах ёстой  талаарх ойлголтыг авлаа.

Мөн үеэр газар хөдлөлтийн гамшгийн эрсдэл учирсан үед иргэдийг нүүн шилжүүлэх, эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулиуд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулагдаж, Хан-Уул дүүрэгт сургуулилт амжилттай үргэлжилж байна.

Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагч, хотын удирдлагын баг буюу Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан тэргүүтэй албаны хүмүүс Хан-Уул дүүргийн 08 дугаар хорооны “Морин тойруулга”-ын талбайд зохион байгуулагдсан дүүргийн иргэдийг нүүн шилжүүлэлтэд биечлэн оролцож, үүрэг өгч байлаа.

Тус талбайд Хан-Уул дүүргийн 500 гаруй иргэнийг нүүн шилжүүлж, бэртэж гэмтсэн тохиолдолд үзүүлэх эмнэлгийн анхны тусламжаас эхлээд хоол хүнсээр хангах зэрэг гамшиг, ослын үед иргэдэд шаардлагатай бүхий л үйлчилгээ үзүүлсэн юм.

Мөн иргэдийг хээрийн нөхцөлд амьдруулах бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлснээс гадна ариун цэврийн байгууламж, банкны үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт төрийн бүх үйлчилгээг энд төвлөрүүлж иргэдэд үйлчиллээ. Үүнд төрийн бус байгууллагууд болон сайн дурынхан ирж иргэдэд шаардлагатай тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлж, хүнсээр хангах үйлчилгээг ч цогцоор нь шийдсэн, онцгой хүчний байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажилласан нь онцлог байлаа.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Манай дүүргийн хэмжээнд 500 хүнийг нүүлгэн шилжүүлэх байрыг бэлтгэсэн. Мөн төрийн болон төрийн бус байгууллагууд, сайн дурын байгууллагынхны оролцоог бүрэн хангасан. Яаралтай тохиолдолд энэ хэмжээний нүүн шилжүүлэх байрыг 24 цагийн дотор босгох боломжтой. Хамгийн гол нь эдгээр гамшигт бэлэн байх шаардлагатай зүйлүүдийг цогцоор нь шийдэж, бэлтгэл ажлыг бүрэн хангасан явдал нь гамшигт явдалд тохиолдлоо гэхэд бэлтгэлтэйгээс гадна нөөцөө бий болгож авсан нь бидний давуу тал байгаа юм. Гэнэтийн гамшигт бэлэн байдал, бэлтгэл ажил хамгийн чухал” хэмээлээ.

Эрүүл мэндийн цогц үйлчилгээ буюу сэтгэлзүйн төв ажиллалаа:

Уг дадлага сургуулийн зорилго нь болзошгүй аюул, осол, гамшгийн үед иргэд олон нийт өөрийгөө болон гэр бүлээ авран хамгаалах мэдлэг, дадлыг олгоход чиглэгдсэн төдийгүй иргэд газар хөдлөлийн үед ямар арга хэмжээ авах, бэртэл гэмтэл авбал тусламж үзүүлэх талаар сургалт шат, шатандаа явагдаж байлаа. Мөн иргэдийг сэтгэл санааг дэмжих, тэднийг соён гэгээрүүлэх чиглэлийн ажлыг хангаж ажилласан бөгөөд Хан-Уул дүүргийн Соёлын төвийн уран бүтээлчид уран бүтээлээ өргөн барьсан юм.

Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийг түр орогнуулах байрыг ОУ-ын стандартын дагуу бэлтгэсэн бөгөөд хүүхдүүдэд дадлага, сургуулилт үзүүлэх сургалтыг мэргэжлийн байгууллагын багш нар шат дараатай орж байлаа.  Сургалтад дүүргийн 189 дүгээр цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн 25 хүүхэд оролцлоо.

Хүүхдүүдэд ямарваа нэгэн гамшиг учирсан тохиолдолд “Суу, нуугд, хүлээ” гэдэг дохиогоор аюулгүй байдлаа хангаж чадна гэдэг ойлголтыг авч байлаа.

Банк болон хүнсний хангамж:

Нүүлгэн шилжүүлэлтийн талбай дээр Хаан банк болон Улаанбаатар банкууд санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлж, явуулын АТМ ажиллаж банкны цогц үйлчилгээг газар дээр нь иргэдэд үзүүлж байлаа. Мөн Скайтел үүрэн телефон холбооны харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлийн үйлчилгээг үзүүлж иргэдийг гэр бүлийн бусад гишүүдтэйгээ холбогдох нөхцлийг бүрдүүлсэн нь онцлог байлаа. Түүнчлэн хоол хүнсний хангамжийн асуудлыг мөн шийдэж ажилласан байна.

ОУ-ын байгууллага ба сайн дурынхан:

Хан-Уул дүүрэгтэй хамтын ажиллагааны хүрээнд дэмжин ажилладаг ОУ-ын болон Төрийн бус байгууллагууд идэвх санаачлагатай хамтран ажилласан байна. Гамшгаас хамгаалах сургуулийн талбай дээр өнөөдөр “Дэлхийн зөн Монгол” ОУ-ын байгууллага, “Гүүд нэйборс” ОУ-ын байгааллага, Хүүхдийг ивээх сан, дүүргийн Улаан загалмайн хороо зэрэг байгууллагууд хамтран иргэдэд яаралтай тусламж, сэтгэл зүйн дэмждэг туслалцаа үзүүлэх, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байлаа.

Харин Хан-Уул дүүргийн тухайд Гамшгаас хамгаалах штаб газар хөдлөлтийн гамшиг үүссэн цагийн нөхцөлд хариу арга хэмжээг төлөвлөх, шийдвэр гаргах, удирдлага зохицуулалт, харилцан ажиллагааг зохион байгуулах, иргэдийг нүүн шилжүүлэх, эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулийн бэлэн байдлын бүрэн ханган ажиллаж байгаа нь Хан-Уул дүүргийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн зохион байгуулалтаас тод харагдаж байлаа.

Тус үйл ажиллагааны нөхцөл байдалтай танилцсан удирдлагын багийнхан бүрэн танилцаж, хариуцлагатай ажилласаныг онцолсноор гамшгаас хамгаалах үйл ажиллагаа үдээс хойш Танхимын команд штабын дадлага сургуулиар үргэлжилж байна…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж