Д.Сүрэнхорыг үргэлжлүүлэн хорихоор боллоо

Хуучирсан мэдээ: 2010.07.19-нд нийтлэгдсэн

Д.Сүрэнхорыг үргэлжлүүлэн хорихоор боллоо

Үйлдвэр, худалдааны яамны Төрийн
нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорд холбогдох хэргийн анхан шатны шүүх
хурлыг өнгөрсөн баасан гарагт хийхээр товлосон. Шүүх хурал эхлэх өдөр
Сүхбаатар дүүргийн шүүхэд сэтгүүлчид цуг­ласан байлаа. Мөн Д.Сүрэнхорын
өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Ц.Алтан­цол нар товлосон цагаас арваад минутын
өмнө хурлын танхимд ирсэн байв. Харин шүүгдэгчийн ар гэрийнхэн болоод
улстөрчид харагдсангүй. Шүүх хурал 11.00 цагт эхлэхээр товлосон байсан ч
ялтан “Д.Сүрэнхор ирээгүй” гэх шалтгаанаар хагас цаг шахам хойшлов.
Харин Д.Сүрэнхорыг ирсний дараа шүүх бүрэлдэхүүн танхимд орж, сэтгүүлчид
араас нь ажлын үнэмлэхээ хураалган байж дагасан юм. Шүүгдэгч Д.Сүрэнхор
бор шар өнгийн цамц өмсч, харааны шил зүүсэн байлаа.

Түүнийг “Монголд байхдаа шил зүүдэггүй байсан, баригдсанаасаа хойш
нэлээд турсан байна” гэх яриа сэтгүүлчдийн дунд өрнөсөн юм.

Сүхбаатар дүүргийн шүүгч Ч.Хос­баяр хурлыг эхлүүлсний да­раа сэтгүүлчид
шүүгдэгчийн зургийг авч, дүрс бичлэг хийж эхэлсэн юм. Тэр үед танхимыг
дүүргэсэн сэтгүүлчдээс гадна Ч.Хосбаяр нарын гурван шүүгч, шүүгдэгчийн
өм­гөөлөгчид, нарийн бичгээс гад­на Д.Сүрэнхорын ар гэрийнхэн бололтой
хоёр эмэгтэй, нэг эрэгтэй байв. Шүүгдэгчийн ар гэрийнхэн сэтгүүлчдэд
нэлээд таагүй хандаж байгаа нь ажиглагдсан юм. Тэд сэтгүүлчдийг
танхимаас гарахыг шаардаж, зураг авлаа гэж дургүйцэж байв. Үүнээс болсон
уу, шүүх хурал дар­галагч Ч.Хосбаяр нээлттэй эхэл­сэн шүүх хурлыг
хаалттай үргэлж­лүүлэхээр боллоо. Гэхдээ шүүх хурал зөвхөн сэтгүүлчдэд
хаалт­тай үргэлжилснийг онцлох хэ­рэгтэй болов уу. Сэтгүүлчдийг
танхимаас гаргаснаас хойш таван минутын дараа ар гэрийнхэн бо­лон
өмгөөлөгчид нь гарч ирсэн. Өмгөөлөгч Ц.Алтанцолоос шүүх хурлын талаар
тодруулахад “Улсын яллагч шүүх хуралд ирсэнгүй. Тий­мээс хурлыг
хойшлуулах хүсэл­тээ тавилаа. Мөн үйлчлүүлэгч маань баригдаж ирснээсээ
хойш хо­ригдсон. Бие нь таагүй байгаа учраас батлан даалтад гаргах
хүсэлтээ шүүх бүрэлдэхүүнд тави­лаа” гэсэн юм.

Шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгч­дийн тавьсан хүсэлтийг хэлэлцээд шүүх хурлыг
ирэх сарын 3-ны өд­рийг хүртэл хойшлуулахаар шийд­вэрлэлээ. Мөн шүүгдэгч
Д.Сү­рэнхорыг батлан даалтад гар­гах боломжгүй гэж үзээд анхан шат­ны
шүүх хурал болтол “Ганц худаг” дахь урьдчилан хорих төвд хо­рихоор
тогтоол уншив.
Д.Сүрэнхорд холбогдох хэргийг сэргээн шалгаж эхэлснээс хойш хяналтын
прокуророор ажиллаж байсан Сүхбаатар дүүргийн прокурор Ж.Чимгээ ээлжийн
амралттай байж таарсан нь шүүх хурлыг ийн хойшлуулахад хүргэлээ. Хурал
хойшлох нь тодорхой байснаас ч тэр үү, Д.Сүрэнхорын гэргий нь ч, ээж нь ч
шүүх танхимд ирсэнгүй. Харин өөртэй нь төстэй залуу ирсэн байсныг
сэтгүүлчид дүү нь гэж таамаглаж байв. Ар гэрийнхнийг нь төлөөлж ирсэн
гурван иргэн сэтгүүлчдэд мэдээлэл өгөх нь бүү хэл өөрсдийгөө шүүгдэгчтэй
ямар холбоотой боллоо нууцгааж байлаа.

Д.Сүрэнхорыг өнгөрсөн гурав­дугаар сарын 13-нд “Чингис хаан” олон улсын
нисэх буудлаас саатуулснаас хойш “Ганц худаг” дахь урьдчилан хорих төвд
хорьсон. Өнгөрсөн хугацаанд тэрбээр хоёр удаа хорихын эмнэлэгт хэвтэн
эмчлүүлсэн талаар эх сурвалж хэлсэн. Гэсэн ч батлан даалтад гарахаар
хөөцөлдөөгүй гэдэг. Харин өдгөө шүүгдэгчийн ширээнээс батлан даалтад
гаргаж өгөөч гэж гуйж байгаа нь учиртай. Д.Сүрэнхорд Эрүүгийн хуулийн
148, 150 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Энэ хоёр зүйл
ангиар шүүгдсэн бол Д.Сүрэнхор 5-10 жилийн хугацаатай хорих ял сонсох нь
тодорхой байсан. Тиймээс эдлэх ялаасаа бага ч болов хугаслахын тулд
“Ганц худаг”-аас гарахаар шамдаагүй гэх. Харин улсын яллагч Ж.Чимгээ
“Гурван иргэнээс зээлсэн 15 сая төгрөгийг ар гэрийнхэн нь буцааж 
төлсөн. Үүнд залилан мэхлэх санаа байгаагүй” гэдэг үндэслэлээр Эрүүгийн
хуулийн 148 дугаар зүйлийг нь хэрэгсэхгүй болгосон юм. Ингэж залилангийн
гэх хэрэг нь хасагдсанаар Д.Сүрэнхор Өршөөл үзүүлэх тухай хуульд
хамрагдах бүрэн боломжтой болсон. Анхан шатны шүүх хурлаар Д.Сүрэнхорын
эдлэх ялаас хасах, эсвэл суллах нь тодорхой болсон талаар эх сурвалж
дуулгасан. Тодруулбал, Өршөөл үзүүлэх тухай хуулийн долдугаар зүйлд
эрүүгийн хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн этгээд шүүхээр хянан хэлэлцэх
шатанд байгаа эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай заажээ. Мөн
тэрбээр улсад учруулсан хохирлыг  төлж барагдуулсан талаар эх сурвалж
хэлсэн. Анхан шатны шүүх хуралд хохирогч ирээгүй нь үүнтэй холбоотой
бололтой.

Д.Сүрэнхорд холбогдох хэр­гийг сэргээхэд улсад учруулсан хохирлын хэмжээ
200 сая төгрөгөөр тоологдож байсан. Гэсэн ч мөрдөн байцаалтын явцад
бодит хохирлын хэмжээг 98 сая гэж тоолсон байдаг. Энэ дүнд түүний
хэрэглэж байсан гар утас, нөүтбүүк, автомашины үнэл­гээ ч багтсан.
Хэрвээ Д.Сүрэнхорын ар гэрийнхэн тэр мөнгийг нь төлж барагдуулсан бол
ирэх сарын 3-нд болох хурлаар Д.Сүрэнхор 10 шахам жил дагалдаж явсан
залилагч, сэжигтэн, яллагдагч нэрнээсээ салж, жирийн иргэн болох нь
ойрхон аж.

Б.Цэцэгдэлгэр. Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж