Г.Рагчаасүрэн: Түүхий эдийн үнэ сэргэлээ гээд ОУВС-ийн хөтөлбөрийн ач холбогдлыг мартаж болохгүй

Хуучирсан мэдээ: 2019.04.25-нд нийтлэгдсэн

Г.Рагчаасүрэн: Түүхий эдийн үнэ сэргэлээ гээд ОУВС-ийн хөтөлбөрийн ач холбогдлыг мартаж болохгүй

Г.Рагчаасүрэн: Түүхий эдийн үнэ сэргэлээ гээд ОУВС-ийн хөтөлбөрийн ач холбогдлыг мартаж болохгүй

Эдийн засагч Г.Рагчаасүрэнтэй ярилцлаа.

– Гурван жилийн өмнөхтэй харьцуулахад эдийн засгийн нөхцөл байдал ямар болсон байна вэ? гэдэг асуултаас ярилцлагаа эхэлье.

-Эдийн засгийн нөхцөл байдал 2013 оны сүүлээс эхлэн муудсаар 2016 он гэхэд хүндрэлийг зогсоох бүхий л нөөц бололцоо шавхагдаж дууссан гэж болно. Гадаадын хөрөнгө оруулалт буурч, дэлхийн зах зээл дээр нүүрс, зэсийн үнийн уналт удаан үргэлжилсэн. Тэр үед 2010-2012 онд тохиосон эдийн засгийн өндөр өсөлтийн ачаар маш бага хүүтэй азаар босгосон Чингис бондын мөнгө л эдийн засгийг уналтаас сэргийлсэн гэж боддог. Улстөрчдийн шахалтаас үүдэлтэй төсвийн шинжтэй хийгдсэн мөнгөний нийлүүлэлтийн өсөлт эцэстээ гадаад валютын нөөцийг богино хугацаанд асар их хэмжээгээр хоргодуулах шалтгаан болсон.

Валютын нөөц буурснаар санхүүгийн салбарт валютын ханш аажимдаа өснө гэсэн хүлээлтийг хүчтэй болгосон. Учир нь тэр үед нүүрсний зах зээл сэргэх хүлээлт байгаагүй. Энэ нь долларжих сонирхлыг нэмэгдүүлж, санхүүгийн зах зээлээр дамжин эдийн засгийг ямар хэмжээний хямралд хүргэх байсныг төсөөлж чадахгүй байна.

Эдийн засаг муу байсны нэг жишээ гэхэд Ч.Сайханбилэгийн Засгийн газар олон улсын зах зээл дээрээс 10.8%-ийн хүүтэй бонд босгож байсан. Өөрөөр хэлбэл, зээлжих зэрэглэл маш муу болсон байсан. Үндсэндээ гадаад валютын хямрал болох дөхөөд байсан хүнд үед ОУВС-ийн хөтөлбөр орж ирсэн. Хөтөлбөрийн хүрээнд олон сайн зүйл хийгдэж байна. Төв банк төсвийн шинжтэй зардал санхүүжүүлэхээ больсон, төсвийн сахилга бат хэсэг хугацаанд ч гэсэн сайжирсан. Хамгийн азтай нь нүүрсний зах зээл сэргэж, нүүрс, зэсийн үнэ өссөн нь улмаар нүүрсний экспорт өссөн нь 2016 оноос хойш эдийн засгийг өсөлтөд хүргэх үндсэн хүчин зүйл болоод байна.

-Тэр үеийн эдийн засгийн хүндрэлийн суурь шалтгаан нь юу байсан юм бэ?

-Түүхий эдийн үнийн уналт, гадаадын хөрөнгө оруулалтын бууралтын нөлөөг бууруулах арга хэмжээ нь гаднаас бонд босгож зээл авах байсан. Учир нь Засгийн газарт хуримтлал байгаагүй. Чингис бонд болон бусад бондуудыг босгосон нь хүндрэлийг багасгахад тус болсон. Гэхдээ богино зайн тоглолт хийдэг улстөрчдийн нөлөөгөөр бий болсон төсвийн шинжтэй мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь валютын ханшийн хямралд хүргэх үндсэн шалтгаан болсон гэж үздэг. Мэдээж аливаа бодлогын хүрээнд зарим тал хожно, зарим тал алдана. Харин төсвийн шинжтэй тэр бодлогын нөлөөнд валютын нөөц шавхагдаж, улс бүхэлдээ хямралд орох бүрэн нөхцөл үүсчихсэн байсан.

-Ер нь манай бодлого баригчид богино хугацааны үр дүнг урьтал болгодгийн сөрөг үр дагаврын тод жишээ мөн үү?

– Богино хугацааны, сонгуулиас сонгуулийн хооронд авч хэрэгжүүлдэг бодлогын жишээ мөн. Ямар ч аргаар хамаагүй төрийн өндөр албан тушаал хашиж, гишүүн, сайд болж хувийн болон аливаа бүлэгт давуу тал үүсгэх хандлага гүнзгий суусан нь сүүлийн үеийн үйл явдлуудаас тод харагдаж байна.

– Манай Улс тэр хүндрэлээс хойш өнөөдрийн үр дүнд хүрэхийн тулд хэр хүнд, амаргүй давааг туулсан гэж үзэж байна вэ?

– Эдийн засгийн хүндрэл янз бүрээр мэдрэгдсэн байх. Хувийн бизнесийн орлого муудах, ажилгүйдэл нэмэгдэх, түүнээс улбаатай нийгмийн сөрөг нөлөө, жишээ нь, архидалт, зуурдаар нас баралт, гэр бүл салалт ямар хэмжээнд хүрснийг хэлж мэдэхгүй. Дор хаяж төсвийн ажилчдын цалин нэг жил царцсан.

Багш эмч нарын төлөөлөл гудамжинд суулт зохион байгуулж байсныг мартаж болохгүй. Улсын урт хугацааны хөгжилд боловсрол эрүүл мэндийн салбарын хөгжил асар чухал үүрэгтэй. Гэтэл энэ салбарын ажилчдын цалин улсын дунджаас доогуур бөгөөд харьцангуй бага хувиар өсөж байгаа нь маш муу үзүүлэлт.

– Ялангуяа, Хятадын Ардын банктай байгуулсан төгрөг юаны своп хэлцлээс авч ашигласан 1.6 тэрбум ам.долларыг эргүүлэн өгөх хугацааг сунгасан явдлыг та юу гэж дүгнэх вэ?

– Олон бизнес хэлцэл гадаад валютаар хийгдэж байгаа. Энэ утгаараа валютын ханш харьцангуй тогтвортой байх нь ханшийн зөрүүнээс үүсэх алдагдлыг бууруулах ач холбогдолтой. Манайх түүхий эдийн үнийн, нүүрсний экспортын болоод улирлын хэлбэлзэл өндөр улс. Энэ бүхнийг дагаад валютын ханш саваад байх нь төвөгтэй. Ханшийн савалтыг багасгах нэг арга нь төв банкны оролцоо. Энэ утгаараа болзошгүй савлагаанаас сэргийлэх боломжтой байх нь чухал юм. Үүний нэг жишээ нь Хятадын Ардын банктай байгуулсан төгрөг юаны своп хэлцлийг сунгасан явдал гэж харж байна.

– Санхүүгийн тогтвортой байдлыг мөн төсвийн сахилга батыг хангах гэсэн гол чиг үүргийн дагуу Монгол Улс ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг авч хэрэгжүүлж байгаагийн хувьд, хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаа эсэхэд та ямар байр суурьтай байна вэ?

– Үндсэн чиг үүргийн хүрээнд хийгдэж байгаа арга хэмжээнүүд бол зайлшгүй хийгдэх ёстой. Төсвийн сахилга бат сайжирсан болон түүхий эдийн зах зээл сэргэснээс болж төсвийн алдагдал, дагаад улсын өр ДНБ-ий харьцаа буурч, зээлжих зэрэглэл нэмэгдлээ. Төв банкны бодлогын хороо байгуулснаараа бие даасан байдалд бага ч гэсэн ахиц гарсан болов уу гэж харж байна. Би Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг валютын хямралаас сэргийлэх утгаараа зайлшгүй хийх хөтөлбөр гэж боддог. Харин зэрэгцээд түүхий эдийн зах зээл сэргэсэн болохоор хүмүүс ач холбогдлыг нь мартаж эхэлж байж болох юм. Түүхий эдийн зах зээл дандаа хэлбэлзэж байдгийг мартаж болохгүй.

– Манай улсад эдийн засгийн тогтворгүй байдал үүсэх гол шалтгаан нөхцөлийг та юу гэж үзэж байна вэ?

– Манай улсын эдийн засгийн тогтворгүй байдлын гол шалтгааныг гадаад дотоод гэж ангилж болно. Гадаад шалтгаа нь түүхий эдийн зах зээлийн байнгын уналт сэргэлт. Энэ нь манайд шууд нөлөөгөө үзүүлнэ. Үүнтэй зэрэгцээд гадаадын хөрөнгө оруулалтын орох гарах урсгал. Дотоод шалтгаан нь улс төр. Хэдийгээр одоо ӨСХ дуусаагүй байгаач, ирэх жил сонгуулийн жил.

Намууд ямар амлалт гаргаж, улсын төсвийн алдагдлыг, өрийг хэрхэн удирдахыг таашгүй. Үүнийг дагаад мөнгөний бодлого, валютын нөөц, ханш, зээлийн хүү, инфляц хэрхэн өөрчлөгдөхийг мэдэх арга байхгүй. Одоохондоо эдийн засаг сайн байна гээд, ОУВС-ийн хөтөлбөрөөс хугацаанаас нь өмнө гарч магадгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж