-Ginebra-гийн дараагийн тоглолт өнөөдөр буюу Лхагва гарагийн орой 20.00 цагаас Kia багийн эсрэг болно-
PBA-ийн гараагаа дажгүй эхэлж, 13 минутанд 8 оноо авсан Санчирыг маань 2 дахь тоглолтонд огт тоглуулаагүйг бид хангалттай мэднэ. Учир нь Санчирын ганцаараа суух дүр зураг Монгол ч гэлтгүй Филиппинчүүдийн сэтгэлийг түгшээж, сүүлийн хоёр өдөр Филиппин улсын хэвлэл мэдээлэл, сошиал медиа Санчираар амьсгалсан гэхэд болно. Монголчууд ч гэсэн дуугай сууж чадсангүй, дургүйцлээ хангалттай илэрхийлсэн. Одоо харин тус тоглолтоос хойш хоёр өдөр өнгөрсөний дараа нөхцөл байдал тодорхой болж ирлээ. Учир нь баттай эх сурвалжуудын мэдээллэж байгаагаар дасгалжуулагч Frankie Lim маргаашийн тоглолтонд Санчирыг ашиглах ба бүр гараанд ч гаргаж магадгүй гэсэн мэдээллийг би саяхан авлаа.
Юуны өмнө Санчирыг талбайд гаргаагүй шалтгаануудыг дурдъя. Нэгдүгээрт, Санчир маань дасгалжуулагчийн итгэлийг бүрэн олж амжаагүй байгаа. Энэ бол олон зүйлтэй холбоотой – хэлний бэрхшээл, бэлтгэл дутуу, форм алдсан, шинэ орчинд дасан зохицож амжаагүй гэх мэт зүйлс. Нэг үгээр хэлвэл Азийн Наадмыг шуугиулсан Санчир Филиппин улсыг зориогүй. Формоо алдсан Санчир анх удаагаа гадны улсад тоглохоор ганцаараа эндээс мордсон. Хоёрдугаарт, Санчир бол дасгалжуулагч Лимын сонголт биш. Түүнийг ажлаа авахаас өмнө багийн удирдлагууд Санчиртай гэрээ байгуулсан байсан юм. Гуравдугаарт, Санчирын сул тал нь хамгаалалт, харин PBA-д хамгаалалтыг юу юунаас илүү эрхэмлэдэг. Монголд тоглож байхдаа манай хүн багийнхаа гол довтолгооны зэвсэг байсан учраас хамгаалалтанд хэзээ ч тэгэж их анхаарч, түүнээс шаардагддаггүй байсан зүйл гэдгийг ойлгоорой. Дөрөвдүгээрт, Санчирыг тоглолтыг хөндлөнгөөс харж, мэдэрч, ойлгохыг дасгалжуулагч хүссэн. Лим нь маш хатуу сахилга батыг тоглогчдоосоо шаарддаг дасгалжуулагч ба оюутан тамирчидтай олон жил ажилласан туршлагатай хүн юм. Багийн удирдлагууд ч гэсэн Лим дасгалжуулагчийн шийдвэрүүдийг дэмжиж байгаа юм байна.
Хоёр дахь тоглолтонд хожигдсоны дараа багийн дотоод эх сурвалж хэлэхдээ, “Санчир тоглолтын үеэр их бухимдаж байсан, надаас ‘дасгалжуулагч яагаад намайг ашиглахгүй байгаа юм бол?’ гэж хүртэл асуусан, би хариулж чадаагүй яагаад гэвэл дасгалжуулагчийн шийдвэрийг яагаад гэдгийг би мэдэхгүй шүү дээ” гэв. Гэхдээ маргааш нь бэлтгэл дээр Санчир сэтгэл санаагаар уналгүй, дасгалжуулагчийн үгийг сонссон хэвээр байсан байна. Тэр дасгалжуулагчаа хүндэлж байгаа. “Одоо тэр харин энэ болсон явдлыг ашиглаж өөрийгөө хурцлахыг хичээж байгаа, ямар нэгэн зүйлийг батлахыг хүсч байна лээ” гэж эх сурвалж нэмж хэлжээ.
Ginebra-гийн дараагийн тоглолт өнөөдөр буюу Лхагва гарагийн орой 20.00 цагаас Kia багийн эсрэг болно. Нэрт боксчин Мэнни Пакъяаогийн эзэмшиж, дасгалжуулж, бас тоглодог баг. Төдийлөн сайн амжилт гаргаж амжаагүй байгаа ч шинэ улирлыг 1-0 гэсэн амжилттай эхлүүлсэн. Сайн мэдээ гэвэл Ginebra-гийн гол хоёр самбарын тоглогчдын нэг Japeth Aguilar бэлтгэлдээ орсон байна. Kia-гийн эсрэг тоглох нь эргэлзээтэй хэдий ч сайн л мэдээ. Greg Slaughter-ын хувьд шинэ мэдээлэл алга. Харин Санчирыг маань дасгалжуулагч Лим Kia-гийн эсрэг ашиглах нь баттай мэдээлэл. Тэр ч бүү хэл бүр гараанд гаргаж магадгүй талаар би баттай эх сурвалжаас сонслоо. Мэдээж баярлах эрт байгаа ч гэсэн Санчирын хувьд одоо өөрийгөө батлан харуулах боломж ирлээ гэж бодож байна. Хамгийн гол нь trigger-happy буюу ‘довтлох дэндүү дуртай’ гэсэн өөрийнхөө сул талыг засч, багийн тоглолт болон хамгаалалтыг илүүд үзэж, дасгалжуулагчийн хэлсэнээр тоглох хэрэгтэй. Монголчууд бид Санчирынхаа тоглолтыг мэднэ шүү дээ. Эхний тоглолтонд 50, дараа нь 46 оноо авсан Орландо Жонсон гэдэг онооны мангас байхад Санчир бөмбөг авах болгондоо довтлох шаардлага байхгүй.
Миний авсан мэдээллээр Ginebra-гийн гарааны тавтаар PG – LA Tenorio, SG – Mark Caguioa, SF – Санчир, PF – Orlando Johnson, C – Pena гэсэн тоглогчид гарч магадгүй байна. Aguilar, Slaughter хоёрын нэг нь эргээд ирчихвэл Pena-г сэлгээ рүү шилжүүлэх байх. Хэрэв Санчирыг сэлгээнээс тоглуулвал түүнд 15-20 минут хамгийн багадаа олдох болов уу. Гэхдээ мэдээж бүх зүйл түүнээс хамаарна – хамгаалалт болон багийн тоглолт. Ginebra шинэ улирлын анхны хожлоо авахыг хүсч байгаа. Дасгалжуулагч Лим хөгжөөн дэмжигчдийн саналыг сонсохоор шийдсэн үү эсвэл түүний нууц төлөвлөгөө байсан уу, ямартай ч тэр Санчирт боломж олгохоор шийдсэн бололтой. Маргаашийн тоглолт Санчирын хувьд чухал, боломжоор өлссөн манай ‘чоно’-ыг хооллох цаг иржээ!
Эх сурвалж: http://scoreport.mn