Нээлттэй нийгэм форумаас “Сонгуулийн төлбөртэй сурталчилгааг хориглох нь зөв үү” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2019.04.25/ өрнүүллээ. Уг хэлэлцүүлэгт “Глоб Интернэшнл” төвийн тэргүүн Х.Наранжаргал, МУБИС-ийн багш, улс төр судлаач, доктор Э.Гэрэлт-Од нар эсрэг тэсрэг байр суурийг илэрхийлсэн юм. Тэд парламентын сонгуульд улстөрчдөөс сонгогчдын эрхийг хамгаалахад хэвлэл мэдээллийн хэрэгсэл хараат бус, тэнцвэртэй мэдээллийг хүргэх үүргээ биелүүлж чадаж байна уу гэх асуудлаар мэтгэлцсэн юм.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛҮҮД УЛС ТӨРӨӨС ХАРААТ БОЛСОН
МУБИС-ийн багш, улс төр судлаач, доктор Э.ГЭРЭЛТ-ОД:
-2020 оны парламентын сонгууль дөхөж байгаа энэ үед улс төр бужигнаж, хэвлэл мэдээллийн зах зээл халуурах төлөв ажиглагдаж байна. Монголд маш их хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байгаа нь цаашид сонгуулийн үеэр нэмэгдэх ч хандлага байгаа юм.
Товчхондоо, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь улс төрөөс бүрэн хамааралтай байдалд орсон гэж үзэж байгаа. Мөн тэнцвэртэй мэдээллээр хангаж чаддаггүй. Захиалагчийн байр суурийг илүү нийтлэн нэвтрүүлдэг. Зар сурталчилгааны цагууд мэдээллийн дундуур хүчтэй орж ирдэг. Ихэнх нь хаалтын гэрээ байгуулдаг нь редакцын бодлого байх боломжгүй юм.
Одоо байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дийлэнх хувьд нь улс төрийн хамаарал, эздийн нөлөөтэй. Тиймээс хүссэн хүсээгүй эзнийхээ үгийг дагахаас өөр аргагүй байдалд хүрдэг нь сонгуулийн үеэр сонгогчдыг залхаахад хүргэж байна. Түүнчлэн тэгш бус өрсөлдөөнийг үүсгэдэг. Олон нийтэд танигдсан нөлөө бүхий улстөрчид сонгуулийн сурталчилгаагаа хийж чадна уу гэхээс залуус болон эмэгтэйчүүд гэх мэт бага мөнгөтэй хүмүүс сонгуульд шударга өрсөлдөх боломжгүй. Үүнээс гадна далд сурталчилгааг хянаж чадахгүй байна. Иймд төлбөртэй сурталчилгааг хориглох нь зүйтэй.
СОНГУУЛИЙН ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭЛЛИЙГ ХОРИГЛОХГҮЙ, ХЯЗГААРЛАХ НЬ ЗӨВ
“Глоб Интернэшнл” төвийн тэргүүн Х.НАРАНЖАРГАЛ:
-Судлаач Э.Гэрэлт-Одын ярьж буйгаар төлбөртэй сурталчилгааг хязгаарласнаар л энэ бүх асуудлыг шийдэж чадахгүй. Чиний хэлсэн бүх зүйлд няцаалт өгөхөд бэлэн байна. Радио, өргөн нэвтрүүлгийн телевизид сонгуулийн сурталчилгааг хориглодог улс орнуудад өргөн нэвтрүүлэг эрхлэгчдийн соёл нь өөр юм. Тэд өргөн нэвтрүүлгийн хуультай. Манай улсад өргөн нэвтрүүлгийн хууль байхгүй. Хэрэв хуультай болбол, улс төрөөс хараат бус байдал, тэнцвэртэй мэдээлэл зэрэг бүх асуудлыг зохицуулна. Ийм хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан ч гацаанд орчихсон. Далд сурталчилгаа бол бүр гаарсан. Та бүхэн санаж байгаа бол Буянгийн Жаргалсайхан цэцэрлэг дээр хүүхэд өвөр дээрээ суулган зурагтаар гарч байсан удаа бий.
Улс төрийн соёл, нийгмийн соёл төлөвших болон сонгогчдын эрхийг хамгаалах зэрэг нь зөвхөн хэвлэл мэдээллийн үүрэг биш. Жишээ нь, сонгогчдыг залхааж буй асуудал дээр өөрөө хүсвэл дуртай нэвтрүүлгээ үзэж болно. Заавал сонгууль үзэх шаардлага байхгүй. Энэ эрх нь хувь хүний сонголт юм. Мөн сонгуулийн талаар огт мэдээлэхгүй байх нь хараат бус зарчмыг баримталж байна гэсэн үг биш. Харин ч сонгогчдод улс төрийн нөхцөл байдлын талаар мэдээлэх үүрэгтэй.
Монгол Улсад арилжааны хэвлэл мэдээлэл давамгайлж байгаа. Ийм нөхцөлд олон улсын жишгээр төлбөртэй сурталчилгааг хориглохгүйгээр хязгаарлалттай бодлого баримтлах нь зүйтэй. Сонгуулийн төлбөртэй нэвтрүүлгийг зөвшөөрдөг улс байхад хориглодог нь ч бий. Гэхдээ зөвшөөрөхөд хязгаарлалттай. Төлбөртэй сурталчилгаа байх гурван үндсэн шалтгаан байна гэж би боддог. Нэгдүгээрт, нэр дэвшигч улс төрийн намуудын хэрэгцээ шаардлага. Үүнийг олон улсын жишигт хориглодоггүй. Хоёрдугаарт, улс төрийн үйл явцыг сонгогчдод мэдээлэх юм. Сонгуулийн талаарх огт мэдээлэхгүй байх нь хараат бус сэтгүүлзүйн зарчмыг баримталж байна гэсэн үг биш юм. Миний зүгээс сонгуулийн төлбөртэй сурталчилгааг хориглохгүйгээр хязгаарлагдмал түвшинд байх нь зүйтэй гэж бодож байна.
Харин хэвлэл мэдээллийн байгууллагууд төлбөртэй нийтлэл нэвтрүүлгийг цацдаг ч өөрсдийн гэсэн редакцын бодлогыг баримталж ажилладаг гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөл өөрийн байр суурийг илэрхийллээ.
Холбоотой мэдээ