АТГ 2019 оны 4 дүгээр сард хийсэн ажлаа мэдээлэв

Хуучирсан мэдээ: 2019.04.25-нд нийтлэгдсэн

АТГ 2019 оны 4 дүгээр сард хийсэн ажлаа мэдээлэв

АТГ 2019 оны 4 дүгээр сард хийсэн ажлаа мэдээлэв

АТГ 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэвлэлийн хурлаараа 2019 оны 4 дүгээр сард хийсэн ажлын талаарх мэдээллийг хүргэлээ.

Хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар, Хэвлэл олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцов.

ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХАМАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЭВ

Авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Автотээврийн үндэсний төв, Гадаадын иргэн харьяатын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хан-Уул дүүрэг гэх мэт байгууллагуудад ажиллав.

  • Автотээврийн үндэсний төвийн эрх бүхий албан тушаалтнууд улс хоорондын ачаа тээвэр эрхлэх “С” зөвшөөрөл олгох, тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгохдоо албаны бүрэн эрхээ урвуулан ашигласан, бусдаас хахууль авсан гэмт хэрэг шалгагдаж, хуулийн хүрээнд шийдвэрлэгдсэн. АТГ-ын ажлын хэсэг Автотээврийн үндэсний төвд ажиллаж “С” зөвшөөрөл олгох үйл явц хүнд суртал, чирэгдэл үүсгэдэг, зөвшөөрлийг ямар компанид хэдэн ширхэг олгосон, ямар шалтгаанаар зөвшөөрөл олгоогүй гэх мэт мэдээлэл хаалттай, уг харилцааг зохицуулсан журам нь албан тушаалтанд үзэмжээрээ хандах эрхийг олгосон, тээврийн хэрэгслийн дугаар олгох, бүртгэл хөтлөх үйл ажиллагааны эрх зүйн үндэслэл нь ойлгомжгүй, мэдээлэл хаалттай, програм хангамж нь шаардлага хангахгүй гэх мэт шалтгаан нөхцөлийг тогтоов. Эдгээр асуудлын талаар аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудыг хамруулсан 2 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, Зам тээврийн хөгжлийн сайдад зөвлөмж хүргүүллээ.
  • АТГ-аас жил бүр зохион байгуулдаг “Шударга байдлын үнэлгээ” судалгаанд хамрагдсан иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл, төрийн албан хаагч болон шинжээчид “Монгол Улсад авлига хамгийн их тархсан институцийг нэрлэнэ үү” гэсэн асуултад 2016 онд 46.4 хувь нь, 2018 онд 47.0 хувь нь “газрын алба” гэж хариулсан байна. Өөрөөр хэлбэл, газрын алба авлига хамгийн их тархсан институцийн жагсаалтад 2016 онд 1 дүгээр байр, 2018 онд 2 дугаар байранд тус тус эрэмбэлэгдсэн байна. Мөн Азийн сангаас зохион байгуулдаг “Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа”-ны дүнгээр авлигад их автсан салбар, байгууллагын жагсаалтад Газрын алба 2016 онд хоёрдугаарт орсон бол 2006-2018 онд нэгдүгээрт эрэмбэлэгдсэн байна.
  • АТГ хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад газрын алба, түүний албан тушаалтнуудтай холбоотой авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл үүсгэсэн, төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангаагүй, хүнд суртал, чирэгдэл үүсгэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Иймд Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т “Төрийн байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд авлигын шалтгаан, нөхцөлийг илрүүлэн тогтоох, тэдгээрийг арилгах, авлигын үйлдлийг таслан зогсоох, үр дагаврыг нь арилгах арга хэмжээ авах” гэж заасныг үндэслэн авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах, авлигаас урьдчилан сэргийлэх төрийн үйлчилгээг иргэдэд ижил тэгш, ил тод нээлттэй хүргэх, гарч байгаа зөрчил, дутагдлыг таслан зогсоох арга хэмжээ авч хэрэгжүүлэх зөвлөмжийг Нийслэлийн Засаг даргад хүргүүлэв. Тухайлбал, Хан-Уул дүүргийн Газрын албанд 2018 оны байдлаар газар эзэмших гэрчилгээний хугацаа сунгуулахаар иргэн, аж ахуйн нэгжээс 101 өргөдөл ирүүлсэн байна. Үүнээс  43 газар эзэмших гэрчилгээний хугацааг сунган шийдвэрлэж, 58 өргөдлийг тодорхойгүй шалтгаанаар шийдвэрлээгүй. Тус дүүргийн Газрын албанд 2018 онд газар эзэмшүүлэх эрх шилжүүлэхээр  хүсэлт гаргасан нийт 387 иргэн, аж ахуйн нэгж байна. Үүнээс 229 хүсэлтийг шийдвэрлэж, 158 хүсэлтийг Засаг даргын захирамжийн төсөлд ороод хүлээгдэж байгаа гэсэн шалтгаанаар шийдвэрлээгүй байна. Мөн 2019 онд ийм төрлийн нийт 60 хүсэлт ирснийг шийдвэрлэгдээгүй байна. Түүнчлэн Хан-Уул дүүргийн ИТХ-ын 2017 оны 04 дүгээр тогтоолоор дүүргийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан ба уг тогтоолд 12 байршилд 546 га газрыг 500 гаруй иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрх шинээр олгохоор тусгасан байна. Дүүргийн газрын алба нь 2018 онд 1517 иргэний газар хүссэн хүсэлт хүлээн авсан боловч Засаг дарга иргэдэд шинээр эрх олгох захирамж гаргаагүй. Мөн тус дүүргийн ИТХ-ын 2018 оны 10 дугаар тогтоолоор дүүргийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлан, уг тогтоолд 17 байршилд 120.5 га газрыг 1800 гаруй иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрх шинээр олгохоор болсон байна. Дүүргийн Газрын алба 2019 оны 4 дүгээр сарын байдлаар 361 иргэний газар хүссэн  хүсэлтийг хүлээн авч, одоог хүртэл шийдвэрлээгүй байна. Эдгээр нөхцөл байдал нь албан тушаалтнууд асуудалд өөрийн үзэмжээр хандан авлига, ашиг сонирхлын зөрчилтэй, ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж, иргэдэд хүнд суртал, чирэгдэл, дарамт учруулж байна.
  • ХХААХҮЯ-ны ЖДҮХС-гаас ирүүлсэн “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын төслийг хянаж, тодорхой санал хүргүүлэв. Журмын төсөлтэй танилцах явцад авлига, ашиг сонирхлын зөрчил гарах, хүнд суртал, чирэгдэл учруулсан нөхцөл байдал үүсч болзошгүй гэж үзсэн. Тухайлбал, сонгон шалгаруулах арга зүй, хэрхэн шийдвэр гаргах нь тодорхойгүй, шаардлагагүй бичиг баримтыг заавал бүрдүүлэхээр тусгасан нь хүнд суртал, чирэгдэл үүсгэхээр байгааг журмын төслөөс илрүүлж, эдгээр зохицуулалтуудыг залруулах шаардлагатай. Түүнчлэн ЖДҮХС-гийн албан хаагчдын ёс зүйн дүрмийн төслийг судлан үзээд Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг зөрчсөн зохицуулалт тусгагдсан байх тул хууль тогтоомжид нийцүүлэн дахин боловсруулахаар буцаав.
  • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт “эрсдэлд суурилсан төрийн хяналт шалгалт болон аж ахуйн нэгжийн дотоод хяналтыг бэхжүүлэх”-ээр заасныг хэрэгжүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газраас “Нийтийн хоолны үйлчилгээн дэх эрсдэлд суурилсан мэргэжлийн хяналт шалгалт ба аж ахуйн нэгжийн дотоод хяналтыг бэхжүүлэх” сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “Олон нийтийн төв”-д зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хан-Уул дүүргийн Үйлдвэр, үйлчилгээний хэлтэс, мөн дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцов. Нийслэлийн хэмжээнд аж ахуйн нэгж байгууллагаас үндэслэлгүй төлбөр хураамж авдаг, хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус эрх зүйн актаар зарим харилцааг зохицуулж иргэдэд хүнд суртал, чирэгдэл үүсгэж байгаа асуудлаар Нийслэлийн ИТХ-д зөвлөмж хүргүүлэв.
  • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт төрийн үйлчилгээг иргэнд цахим хэлбэрээр хүргэх тогтолцоог бүрдүүлэхээр заасны дагуу АТГ-ын ажлын хэсэг Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээллийн ил тод байдал, хүнд суртал, чирэгдэлтэй үйл ажиллагааг хянан үзэх, шалтгаан, нөхцөлийг тодорхойлох зорилгоор ажиллалаа. Төрийн байгууллагууд гадаадын иргэний мэдээллийн нэгдсэн бүртгэлийн систем байхгүй, гадаадын иргэн визийн зөвшөөрөл авах бүртээ шинээр материал бүрдүүлж өгдөг нь шат дамжлага ихтэй, хүнд суртал үүсгэх шалтгаан, нөхцөл болдог, үндэслэлгүй төлбөр, хураамж авдаг байна. Шалган туслах ажлын хүрээнд АТГ-аас өгсөн чиглэлийн дагуу 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Хилийн боомт дээрх визийн зөвшөөрөл”, “Олон удаагийн бизнес ангиллын орох, гарах визийн зөвшөөрөл” гэсэн хоёр үйлчилгээг цахимаар шууд бүртгэж, хүлээн авч олгохоор шийдвэрлэлээ. Цаашид бусад төрлийн виз олгох үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулах, холбогдох мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлж байхаар болов.
  • Тусгай зөвшөөрлийг цуцлах, сунгах болон хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэнтэй холбоотой шүүхийн 254 нэхэмжлэлийг шийдвэрлэсэн байдалд шинжилгээ хийж байна. Тухайлбал, Ашигт малтал, газрын тосны газар (АМГТГ) болон түүний бүтцийн нэгжүүдтэй холбоотой тусгай зөвшөөрлийн талаарх шүүхийн маргааны 52.7 хувийг тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбоотой маргаан эзэлж байгаа бол 36.6 хувийг шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн маргаан, 10.6 хувийг тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгох, сунгахтай холбоотой маргаан эзлэж байна. Нэхэмжлэлд дурдсан тусгай зөвшөөрлийн газрын байршлыг аймаг, нийслэлээр авч үзвэл Улаанбаатар хотоос 45 буюу хамгийн их  байгаа бол Төв аймаг 42, Сэлэнгэ аймаг 28, Дорноговь аймаг 24 удаа нэхэмжлэлийн мэдээлэлд дурдагдсан байна. Шүүхийн маргааны шийдвэрлэлтийн байдлыг авч үзвэл 55.9 хувь нь АМГТГ-ын талд гарсан бол 21.2 хувь нь нэхэмжлэгчийн талд шийдвэрлэсэн байна.
  • Авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлж буй нэг шалтгаан, нөхцөл нь төрийн албан дахь хууль бус томилгоо, мэргэжлийн бус шаардлага хангахгүй хүмүүсийг танил тал, ашиг сонирхлын үүднээс томилдог, мэргэжлийн албан хаагчдыг хууль бусаар халж, чөлөөлдөг асуудал юм. Төрийн албаны тухай хууль шинээр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хуулийн хэрэгжилтийг хангах, ажлын байрны  тодорхойлолтыг нэгдсэн журмаар баталж мөрдүүлэх, хууль бус томилгоо, өөрчлөлт хийдэг албан тушаалтнуудын үйл ажиллагааг таслан зогсоох, мэдээлэл солилцооны хурдыг нэмэгдүүлэх, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, хяналт шалгалтын ажлын үр дүнг сайжруулах талаар 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, холбогдох яамдын төлөөлөл болон АТГ-ын удирдлагууд ажил хэргийн уулзалт хийж, хамтын ажиллагааны чиглэл, хүрээг өргөжүүлэх талаар зарчмын тохиролцоонд хүрэв.

Авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүнд суртал, чирэгдлийг багасгах, төрийн байгууллагын үйлчилгээний ил тод байдлыг хангах, иргэний хяналтын тогтолцоо бий болгох, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны шат дамжлагыг багасгах, цахимжуулах чиглэлээр Нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтран үр дүнтэй ажиллах талаар 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр ажлын уулзалтыг зохион байгуулав.

“Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, 6 буудал дахь “Оргил” зэрэг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн үйлчилгээний чанар хүртээмж, үйлчилгээ авч байгаа иргэдийн сэтгэл ханамжийн түвшинг тодруулахаар 2 төрлийн судалгааны асуулга боловсруулан судалгааг явуулав. Судалгааны дүнгээр сүүлийн 2 жилийн хугацаанд төрийн үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдсэн гэж судалгаанд хамрагсдын 52 хувь нь үзсэн бол 30.8 хувь нь хэвэндээ байна гэжээ. Харин судалгаанд хамрагдагсдын 7.6 хувь нь сүүлийн 2 жилийн хугацаанд төрийн үйлчилгээний хүртээмж багассан гэжээ. Төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс судалгаанд хамрагдагсадын 70.5 хувь нь “Оргил” төвийн үйл ажиллагааг бүхэлдээ сайн гэж үзсэн бол судалгаанд оролцогчдын 4.0 хувь нь сайн, 60.0 хувь нь дунд зэрэг байна хэмээн “Мишээл” төвийн үйл ажиллагааг бүхэлд нь үнэлсэн байна. Үйл ажиллагааны хүнд суртал (39.5), нээлттэй, ил тод байдал (60.4), өргөдөл, гомдол шийдвэрлэх байдал (45.5), мэдээлэл авах суваг (61.9), үйлчилгээ үзүүлж буй төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадвар (68.2) зэрэг үзүүлэлтээр “Оргил” төвийн үйл ажиллагааг тус төвөөс үйлчилгээ авсан иргэд эерэгээр үнэлжээ. “Драгон” төвийн үйл ажиллагааны хувьд хүнд суртал (63.3), өргөдөл, гомдол шийдвэрлэх байдал (25.6), үйлчилгээ үзүүлж буй төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадвар (28.0) гэсэн үзүүлэлт гарсан нь анхаарах асуудал юм. Харин иргэдийг бухимдуулж буй асуудал нь эдгээр төвд үйл ажиллагаа эрхэлж буй арилжааны банктай холбоотой байна. Тодорхой төлбөр, хураамжийг эдгээр төвүүдэд үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэхэд дараалалд цаг их зарцуулдаг.

НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНУУДАД ЗОРИУЛСАН АВЛИГЫН ЭСРЭГ СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Олон нийтийн төвд зохион байгуулж буй авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн албан тушаалтныг авлигын эсрэг соён гэгээрүүлэх сургалтын I улирлын сургалтад хуваарийн дагуу 2256 нийтийн албан тушаалтан оролцохоос 1820 буюу 80.6 хувь нь сургалтад хамрагдсан байна. II улирлын сургалтад 4584 албан тушаалтныг хамруулахаар төлөвлөж сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна. 2019 оны 4 дүгээр сард 402 хүн бүтэн өдрийн сургалтад хамрагдаад байна.

Үүнээс гадна Хууль зүйн туслалцааны төв, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Архивын ерөнхий газар, Эрчим хүчний хөгжлийн төв, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу нийт 760 албан хаагчид авлигаас урьдчилан сэргийлэх арга зам сэдвээр сургалт хийв.

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН МЭДЭЭЛЛИЙГ УИХ-Д ХҮРГҮҮЛЭВ

Авлигын эсрэг хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар УИХ авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдлын талаар АТГ-ын мэдээллийг жил бүр мэдээлдэг. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газраас “Авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдал-2018, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт (2016-2018)”-ийн мэдээллийг УИХ-д хүргүүллээ.

2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Улсын Их Хурлаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсанаас хойш өнөөг хүртэлх хугацаанд авлигын эсрэг хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд хийсэн үйл ажиллагааны танилцуулга, мэдээлэл болон авлигын ерөнхий нөхцөл байдлын талаарх судалгаа, дүн шинжилгээг багтаажээ. Түүнчлэн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 11 зорилт тус бүрээр төрийн байгууллагууд болон зорилтот бүлгүүд хэрхэн хэрэгжүүлсэн талаарх тайлан мэдээллийг нэгтгэжээ. УИХ-д хүргүүлэх мэдээллийг товхимол болгож, төрийн бүх шатны байгууллагуудад хүргэж танилцууллаа.

СУРАГЧДАД ЗОРИУЛСАН ШУДАРГА ЁСНЫ ЗУРАГТ НОМ ХЭВЛЭГДЛЭЭ

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт “шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх”-ээр тусгасан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд АТГ-аас ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдад зориулсан “Найзын яриа” комикс номыг хэвлүүлэн гаргалаа. “Найзын яриа” комикс номоор дамжуулан дунд сургуулийн сурагчдад шударга ёсны ойлголт, үзэл санааг төлөвшүүлэх, хүүхдүүдэд зөв шударга амьдралын зан үйл хэвшүүлэх, үлгэр дуурайл бий болгох зорилго агуулжээ.

АТГ жил бүр “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-г хийдэг бөгөөд энэхүү судалгаагаар жил ирэх тусам монгол хүүхдүүдийн шударга байдлын түвшин буурч байгаа юм. Хүүхдийн шударга байдлын түвшин 2018 оны судалгаагаар 3.91 гэсэн дүнтэй гарсан нь өмнөх судалгааны дүнтэй харьцуулахад 0.06-аар буурсан байна. Уг судалгааны дүнд үндэслэн эцэг, эхчүүд, багш, сурган хүмүүжүүлэгчдийн зүгээс хүүхдүүдтэйгээ шударга байх талаар ярилцах, шударга хандсаны төлөө сайшаан урамшуулах, шударга ёсны талаар зааж сургах, хүүхэддээ анхаарал, халамжтай байх нь тэдний шударга байдалд эерэгээр нөлөөлдөг талаар социологичид дүгнэлт хийжээ. Шударга ёсны өгүүллэгүүд бүхий зурагт номыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад түгээж, тэдэнд авлигын эсрэг болон шударга ёсны боловсрол олгох тусгай хичээлийг зохион байгуулахаар төлөвлөж байна.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮД 132.8 САЯ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ЦУГЛУУЛСАН АСУУДЛЫГ ШАЛГАН ТОГТООЖ АЛБАН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭВ

АТГ-ын ажлын хэсэг ИХЗ-ийн гишүүдийн хамт иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр Дархан-Уул аймгийн боловсролын салбарын худалдан авах ажиллагааны явц байдал, гүйцэтгэл, үр дүн, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлыг хянан шалгав. Энэ хүрээнд тус аймгийн төвийн нийт 18 цэцэрлэг, 9 сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр, хандив тусламж болон худалдан авах үйл ажиллагааны нөхцөл байдлыг газар дээр нь хянан үзлээ.

Дархан-Уул аймгийн цэцэрлэгүүд нь хүүхдийн хоол, хүнсний материал бэлтгэх, худалдан авах үйл ажиллагааг явуулахдаа босго үнийн дүнгээс хамаарч харьцуулалтын арга болон нээлттэй тендер сонгон шалгаруулалт зарлахгүйгээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай жилд дунджаар 30-120 сая төгрөгийн худалдан авалтыг шууд гэрээ байгуулж явуулсан байна. Нэр бүхий цэцэрлэгүүд 2017-2018 онд эцэг, эхчүүдээс нийт 132,821.115 төгрөгийн хандив авчээ. Зарим сургуулийн захирал, нягтлан бодогч нар 2018 онд ажлаас чөлөөлөгдсөн, ажил хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийн нэр дээр нийгмийн даатгалын шимтгэлийг улсаас төлүүлж төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулах, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон гэх зөрчлийг гаргасан.

Дээрх зөрчил, дутагдлыг арилгах, хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах, цаашид холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг үйл ажиллагаандаа баримтлан ажиллах талаар АТГ-аас Дархан-Уул аймгийн Засаг даргад албан шаардлага хүргүүлэхээр тогтов.

САНХҮҮГИЙН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ ДУНД ШАТНЫ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Авлигатай тэмцэх газрын хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба болон Дэлхийн банкны хамтарсан түншлэл болох СтАР буюу “Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилга”-ын төлөөлөгчид Монгол Улсад санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны дунд шатны сургалтыг 2019 оны 4 дүгээр сарын 8-11-ний өдрүүдэд “Олон нийтийн төв”-д амжилттай зохион байгууллаа. Сургалтад Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газар, Улсын Ерөнхий Прокурорын газар, Нийслэлийн Прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн алба, Гаалийн ерөнхий газрын албан хаагчид хамрагдаж, мэдлэг боловсролоо дээшлүүлэв.

Сургалтад оролцогчид албан бус эрх зүйн харилцан туслалцааны хүрээнд гадаадад хэрэг нээх хүсэлтийг илгээх, албан эрх зүйн харилцан туслалцааны шугамаар хөрөнгө хураах ажиллагааг хэрэгжүүлэх, санхүүгийн профайл ашиглах, цахим шилжүүлгүүдийг хянах, компанийн мэдээллүүдийг задлан шинжлэх, бэлэн мөнгийг мөрдөх зэрэгт суралцаж, өмнө буюу 2018 оны 10 дугаар сард зохион байгуулсан санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны анхан шатны сургалтаар олж авсан мэдлэгээ улам батжуулж, гүнзгийрүүлэв.

ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХОМ-ИЙГ НИЙТЭД МЭДЭЭЛЖ БАЙНА

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан 2019 онд хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг цахим сүлжээнд байршуулж, олон нийтэд нээлттэй мэдээлэн, иргэдийн мэдээлэл авах боломжийг хангаж байна.

2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Үндэсний хөгжлийн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гэх мэт нийт 41 байгууллагын 17600 гаруй мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-ын http://xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулаад байна.

Цаашид батлагдсан хуваарийн дагуу нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, зарим яам, агентлагийн мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэй байршуулах болно.

ХӨРӨНГӨ, ОРЛОГОО ХУДАЛ МЭДҮҮЛСЭН 7 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ШААРДЛАГАТАЙ

Нийт 28 албан тушаалтны ХАСХОМ-т төлөвлөгөөт болон өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулсан байна. Хяналт шалгалтаар 7 албан тушаалтан Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдож, Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2, 13.8.3-т заасны дагуу тус тус хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлсэн байна.

ХАСХОМ-ээ зөрчилтэй мэдүүлсэн албан тушаалтнуудыг нэр дурдвал:

  • Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ ХНН-ийн ерөнхий нягтлан бодогч Б.Эрдэнэчимэг
  • Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн газрын Мэдээллийн сан, програм хангамжийн хэлтсийн дарга П.Нэргүй
  • “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярцогт
  • “Эрдэнэт үйлдвэр” ААТҮГ-ын орлогч захирал Д.Дэлгэрбаяр
  • Эрүүл мэндийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Туяа
  • Гаалийн ерөнхий газрын Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч Н.Батбаяр
  • Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга Р.Батжаргал нар болно.

НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХООР НЭР ДЭВШСЭН 597 ИРГЭНИЙ МЭДҮҮЛГИЙГ ХЯНАН ҮЗЭВ

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 611 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ийг хүлээн авсан бөгөөд өмнөх сарын үлдэгдэл орсон 597 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар 116 урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн мэдүүлгийг цахим системээр хүлээн авч хянах ажил туршилтын журмаар явагдаж байна. Энэ хүрээнд 7 яам, 13 агентлаг, 18 аймгийн Засаг даргын Тамгын газар ХАСУМ-ийн хяналт шалгалтын цахим системд холбогдоод байна. Өнөөдрийн байдлаар нийт ирүүлж байгаа ХАСУМ-ийн 13,5 хувь нь цахимаар, 86,5 хувь нь цаасаар ирж байна.

АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ХОЛБООТОЙ 49 ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН

Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2019 оны 4 дүгээр сард иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 68 гомдол, мэдээллийг хүлээн авсан, 49 өргөдөл, гомдлыг мөн хугацаанд хянан шийдвэрлэсэн байна. Одоо ажиллагаанд 66 гомдол, мэдээлэл хянан шалгагдаж байна.

Хариуцлага тооцуулсан байдал: Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг үндэслэн хяналт шалгалтын ажиллагаа явуулж, хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд дараахь албан тушаалтнуудад хариуцлага тооцуулсан байна. Үүнд:

  • Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Солонгод Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасны дагуу албан тушаалаас халах
  • Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ИТХ-ын дарга Р.Батжаргалд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.1-т заасны дагуу сануулах
  • Сэлэнгэ АЗЗА ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Ганболд
  • Завхан аймгийн Асгат сумын цэцэрлэгийн эрхлэгч Д.Уранчимэг нарт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасны дагуу албан тушаалын цалингийн хэмжээг гурав хүртэл сар 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

ЭНЭ САРД 13 ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХ САНАЛТАЙ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЭВ

Авлигатай тэмцэх газар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дэх зүйлийн 2 дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу харъяаллын гэмт хэргүүдийг шалгах, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд иргэд, байгууллагаас авлигын холбогдолтой гомдол, мэдээллийг хүлээн авч, гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон тохиолдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж ажиллав.

Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 4 дүгээр сард гэмт хэргийн шинжтэй 72 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 25 гомдол, мэдээлэл буюу 34.7 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргасан, 14 гомдол, мэдээлэл буюу 19.4 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж, одоо 31 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 56.9 хувьтай байна.

Мөрдөн шалгах хэлтэст хүлээн авч шалгасан 72 гомдлын 43 буюу 59.7 хувийг Улаанбаатар, 29 буюу 40.3 хувийг орон нутгийн харьяаллын гомдол эзэлж байна.

Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2019 оны 4 дүгээр сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 444 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 13 буюу шалгасан хэргийн 2.9 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 47 буюу шалгасан хэргийн 10.6 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 8 буюу шалгасан хэргийн 1.8 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, одоо 376 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 321 хэрэг, мөрдөн байцаалтын 55 хэрэг байна.

АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлсэн зарим хэргүүд:


  • "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус газраас хэрэгжсэн худалдан авах ажиллагааг хууль бусаар явуулж  нэр бүхий аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж хахууль авсан
  • “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Хангамж, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Г нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал бий болгон их хэмжээний  хээл хахууль авсан
  • Өмнөговь, Дундговь, Төв аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх /хуучин нэрээр/-ийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Д нь иргэний хэрэг шийдвэрлэх явцдаа өөрийн хамаарал бүхий этгээдээр дамжуулан бусдаас хахууль авсан
  • Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын  тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны эрх бүхий албан тушаалтнууд нь албан үүрэг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж техникийн шаардлага, тендерийн тодорхойлолтын шаардлагыг хангаагүй бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх тухай гэрээг байгуулж бусдад давуу байдал бий болгосон хэргүүдийг харьяалах прокурорын байгууллагад шилжүүлээд байна.

Эх сурвалж: АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж