Ганц л хувирашгүй зүйл бий тэр бол… | News.MN

Ганц л хувирашгүй зүйл бий тэр бол…

Ганц л хувирашгүй зүйл бий тэр бол…

Хэзээд очиход сэтгэл бүлээцэж, илч дулаанаараа тэврэн авах ойн бяцхан төгөлтэй зүйрлэм хайр сэтгэлтэй холбоотой нандин дурсамж хэн бүхэнд бий. Хүн төрөлхтний сэтгэл зүрхэнд асах мөнхийн үл унтрах хайрын энэ их илч дулаан дэлхийн эргэх хүч болж байдаг ч байж мэднэ…

…Тэртээ 1595 онд бичигдсэн агуу хайрын магтуу Уилъм Шекспирийн “Ромео Жульетта” сод зохиол өнөө үед ч биднийг мөн л хайрын илч дулаан гэгээн гэрлээр төөнөсөөр л байгаа нь бахдам сайхан. Анх Монгол Улсад 1966 онд найруулагч С.Гэндэн Уилъм Шекспирийн “Ромео Жульетта” драмын жүжгийг үзэгчдийн хүртээл болгосон түүхтэй. Үүнээс хойш балетмейстер Х.Гансүрэн 2001 онд ДБЭТ-ийн тайзнаа бүжгэн жүжиг хэлбэрээр найруулан хүргэж байжээ. Тэгвэл энэ томоохон бүтээлийг Их эзэн хааны театрын уран бүтээлчид монголдоо 18 жилийн дараа бүрэн хэмжээний бүжгэн жүжиг хэлбэрээр ДБЭТ-ийн тайзнаа амилуулахаар шаргуу ажиллаж байна. Энэ тухайд Их Эзэн Хааны театрыг үүсгэн байгуулагч , балетмейстер найруулагч Д.Дашлхагватай ярилцлаа.


-Их эзэн хааны театрын үйл ажиллагаа 2005 оноос эхэлжээ. Энэ хооронд чамгүй олон уран бүтээл тууривсан мөн уран бүтээлчид нь олон улсын хэмжээнд өсөн дэвжиж, боловсорсон анзаарагддаг. Театрынхаа тухай та эхлээд танилцуулахгүй юу?

-Театрыг зарим талаараа хүмүүс нүсэр том байшин гэж ойлгодог. Гаднын улсад сурч боловсорч, ажиллаж явахдаа анзаарсан зүйл юу байсан бэ гэхээр театр гэдэг бидний оюун санаанд сэтгэмж дотор байдаг гэдгийг ойлгосон. Нэг хэсэг уран бүтээлчдийн нийлбэр дотор байдаг юм байна. Аа харин байшингаас хамаарахгүйгээр уран бүтээл туурвиж болох юм байна гэдгийг театр байгуулагдах үед ойлгох хүн ховор байлаа. Шавь нар маань ч балчир байсан үе. Одоо харин цаг үеэ дагаад үзэгчид урлагт дурлагч хүмүүсийн хандлага өөрчлөгдлөө. Нийгэм ч өсөн дэвжиж урлаг ч мөн үүний аясаар дэвжсээр л байна. Шавь нар маань зөвхөн монголдоо гэлтгүй олон улсын театруудад гаднын олон томоохон уран бүтээл дээр ажиллаж, урлагийн дагалдах нарийн мэргэжлээр давхар боловсорч төгсөж ирцгээж байна. Одоо харин бид эргэн нэгдэж шинэ шатанд томоохон уран бүтээл дээр ажиллая гэж шийдээд яг одоо бүжгэн жүжгийн маань бэлтгэлийн явц ид өрнөж байна даа.

-Их эзэн хааны театр уран бүтээлчидтэйгээ хэрхэн хамтран ажилладаг вэ ? Үйл ажиллагааны онцлог гэвэл та юуг дурьдах вэ?

-Олон улсын жишгээр театрууд тухайн төсөл уран бүтээлд ажиллах уран бүтээлчдийг сонгон шалгаруулах зарчмаар гэрээлэн хамтарч ажилладаг. Үүнд гадаад дотоодын бүх л уран бүтээлчид багтдаг. Үүгээрээ онцлогтой гэж хэлж болно. Мөн дараагийн уран бүтээлд гаднын театрын уран бүтээлчид хамтран ажиллахаар яригдаж байна.

-Тавдугаар сарын 17–18 -ны өдрүүдэд Их Эзэн хааны театрын уран бүтээлчид УДБЭТ-ийн тайзнаа алдарт Уильям Шекспирийн цомнол Ромео Жульетта бүжгэн жүжгийг үзэгчдэд толилуулах гэж байна. Энэ томоохон уран бүтээлийг үзэгчдэд хүргэх нь та бүхний урт удаан хугацааны туршид төлөвлөсөн уран бүтээл байв уу? Эсвэл цаг үе үзэгчдийн эрэлт шаардлагаар бий болсон шийдвэр байв уу ? Яагаад заавал Ромео Жульетта гэж ?

-Хоёр хүчин зүйл байна . Нэгдүгээрт, балет хөгжмийн урлагтай салшгүй холбоотой. Хөгжимд дуртай хайрладаг мэдэрдэг хүмүүсийн хувьд Оросын алдарт хөгжмийн зохиолч С.С.Прокофьевийн зохиолууд бол яах аргаггүй сод бүтээл гэж хүлээн зөвшөөрдөг. Харин манайд энэ хөгжим балетын тайзнаа эгшиглэдэггүй. Монгол үзэгчид маань энэ сод бүтээлийг мэдэрч сонсоосой гэж хүссэн.

Сергей Прокофьев 1891–1953 онд амьдарч байсан Орос-Зөвлөлтийн хөгжмийн зохиолч, удирдаач, төгөлдөр хуурч, сэтгэгч юм.

Тэрээр дуурь, симфони, балет, ялгуулсан дуулал (аротори), магтуу (кантат), хийл, төгөлдөр хуур, морин хийлд зориулсан концертууд зэрэг хөгжмийн бүх төрлөөр олон арван бүтээл туурвисан нь өнөөдөр ч гэсэн дэлхийн хөгжмийн ертөнцийг бишрүүлсээр байна. Тэр олон төрөл зүйлээр бүтээл тууривснаас”Гурван жүржид дурласан нь”, “Галын бурхан”, “Дайн ба энх”, “ Семён Котко” , “Жинхэнэ хүний тууж” зэрэг 8 дуурь “Тэнэмэл хүү”, “Золушка”, “Ромео Жульетта хоёр”зэрэг 7 вальет,7симфони, төгөлдөр хуурын 5 концерт , 9сонат, хийлийн болон виоланчелийн 2 концерт зэрэг гайхамшигт бүтээлүүдийг дурдаж болно. Хүүхдүүдэд С.С Прокофьев шилдэг сайхан бүтээлүүдээ зориулсны дотор “ Эмээгий үлгэр”, “Хүүхдийн чуулбар”,”Петя чоно 2” зэргийг бүтээлүүдийг дэлхий нийт шимтэн сонсоор буй !

ХОЁРДУГААРТ энэ хөгжим бүтсэн нь Уильям Шекспиртэй салшгүй холбоотой. Дэлхийн сонгодог зохиолуудыг бичиж дэлхий дахинаа алдаршсан, үе үеийн уншигчид сэтгэгчдийн сэтгэл оюун мэдэрхүйг хөгжүүлж байдаг агуу зохиолуудыг нь монгол үзэгчид бүжгэн жүжиг хэлбэрээр үзэж харах хэрэгцээ шаардлага зүй ёсоор бий. Яагаад гэхээр философийн гүн ухаанд “Хүн өөрчлөгддөггүй нөхцөл байдал , ахуй л өөрчлөгддөг гэж…” Эргэн тойрон цаг хугацаа эд зүйл бүгд өөрчлөгдөн хувьсаж байдаг ч өөрчлөгддөггүй ганцхан зүйл бий тэр бол “Хайр” гэсэн байдаг. Тэгэхээр цор ганц өөрчлөгддөггүй тэр нандин гэгээн зүйлийг үзэгчдэд тэдний оюун бодол зүрх сэтгэлд нь магтан дуулах хүсэл байна.

-Зүрх сэтгэлийн ус агаар нь хайр! Хайр үгүй газар юу ч үл цэцэглэх байх. Өнөө бидний энэ их завгүй үймсэн олон урсгал дунд ус агаараа гээгдүүлчихсэн, хайраас төөрчихсөн яваа ямар олон хүмүүс байгааг хааяа анзаардаг . Жинхэнэ хайр гэж байдаг бол тэр нь үлгэр домог ном зохиолд ховорхон тохиодог ид шидийн зүйл мэт яригддаг болох бий гэсэн айдас ч хааяа төрмөөр . Бидний эргэн тойронд ер нь юу болоод байна. Таны анзаарснаар ?

-Ажиллах хөдөлмөрлөх ахуйн зүйлд бид илүү их цаг зарцуулаад ирэхээр байгалиас өгөгдсөн бие биенээ бодитоор хайрлах энэрэх харилцаа холдсон ч байж мэднэ. Хайр гээгдэж үнэ цэнэ нь багсаад хоорондоо эрэлт хэрэгцээгээрээ харилцаж эхлээд байна. Бие биенээ хайрлаж амьдрах бишрэн шүтэх зүйл нь эд хогшил хөндий хоосон төмөр унаа ч юм уу байшин сав биш шүү дээ. Харин тэр бишрэн шүтэх зүйл бол хүн хүнээ чин зүрхнээсээ чандаасаа хайрлах , байгаль эх дэлхийгээ мөн хайрлах явдал.

-Мэдээж үнэхээр сайхан хайраар бие биенээ хайрлаж буй гэр бүлүүд бий. Харин хайрыг үнэгүйтүүлж бүдэгрүүлж буй шалтгаан таны харж буйгаар ямар хүчин зүйлүүд үүнд байна вэ ?

-Анзаараад байхад зөвхөн эр эм гэр бүлийн харилцаан дээр ч биш! Нийгэмд би гэсэн үзэл хандлага давамгайлаад байна. Би л болж байвал хэдэн минутаар ч хамаагүй би л түрүүлээд энэ хаалгаар энэ замаар орчих л юм бол бүх зүйл сайхан болчих гээд байгаа юм шиг би би гэж цамнаад байна. Бид бүгд гэсэн хайрын сэтгэл алга дутагдаж байна. Хосуудын харилцаа ч гэсэн нөхөр нь ч юм уу эхнэр ч юм уу орой хоолоо хийгээгүй байхад л хэрүүл уур уцаар, нэг нь арай бага мөнгө олоод ирэхээр асуудал шуугиан. Ингээд харахаар бүхэл бүтэн хүн хайртай гээд хамт байгаа хүн чинь нэгхэн таваг хоолны үнэтэй, хэдэн цаасан мөнгөний үнэ цэнэтэй байна гэж үү? Бага багаар нийгмийн стрессээ бие биерүүгээ чихэж уцаарлалдсаар нөгөө гал шиг хайр аяндаа сарнин одох шиг. Нөгөөтэйгүүр бас нэг хандлага амны уншлага шиг бие биенээ хайраа хайраа гэцгээх мөртлөө хэрхэн хайрлах тухайгаа үргэлжид сэхээрч чадахгүй байна. Үнэ цэнэтэй үгийг сул амны уншлага болгохоор тийм ч их чухал хүндлэм хайрлам зүйл биш ч юм шиг. Хайрладаг зүйлийнхээ нэрийг ч монголчууд нэрээр нь дуудаж чаддагүй эмээдэг шүү дээ угтаа бол! Бүжгэн жүжгийн маань үзэх үзэгчид хайрыг амаараө өгүүлэх бус бодит мэдрэмжээрээ хэрхэн өгүүлж болдгийг л хараасай угнаасаа тольдоосой. Яг үүнийг л тэртээ 15 дугаар зуунд Италийн Веронад хотод болсон үйл явдлаар төлөөлүүлэн бид үзүүлнэ . Тухайн үед хүмүүсийн амьдралын хэв маяг, харилцаагаар хайр гэгч чухам ямар зүйлд тооцогддог байсныг ямар ч тоцоололгүйгээр амьнаасаа ч илүү нэгнээ хайрлаж дурлаж байсныг бид уранаар үзүүлэхээр оюун сэтгэлээрээ ажиллаж байна даа.

-Театрын бүтээлд тайз , хувцас хэрэгсэл том үүрэгтэй. Тайзнаас тухайн орчинг мэдрэнэ харна гэдэг танин мэдэхүйн хувьд ч олон талт чухал хэсэг . Ромео Жульетта бүжгэн жүжгийн тайз хувцасны шийдэл хэрхэн бүтэж байгаа бол?

-Яг л сонгодог бүжгэн жүжиг хэлбэрээр тоглох учир тухайн үеийн Италийн орчныг санагдуулам их дөхүү байдлаар хийж байна. Ялангуяа ямар хувцас 15-р зуунд Италчууд юу өмсөж эдэлж хэрэглэж байсан түүхэн нарийн судалгааг Энх-Уянга маань хийсэн. Үүний дагуу бүх хувцас маань бүтээгдсэн. Ямар ч илүү дутуу гоёл чимэглэл гоёчлол үгүй л яг тэр үеийн донж маягаар. Аа бас тухайн үед Веронад хотод томоохон цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талд ард иргэд нь худалдаа наймаа эрхэлдэг байж энэ ч бас тэдний амьдралын нэг хэсэг шүү дээ үүнийг бас их дөхүү үзүүлэхээр бэлдэж байна. Энэ мэтчилэн олон олон ажлыг манай театрын уран бүтээлчид хамтын хүчээр туурвиж буй юм даа. Мөн Продюсер Э. Бэхтулга

Туслах найруулагч Х.Гэрэлчимэг МУГЖ

Удирдаач Т. Гэрэлцэцэг МУСТА

Тайзны зураач Л. Мягмархүү

Хувцасны оёдолчин Я. Цэцэгдорж нар ажиллаж байна.

-Бүжгэн жүжгийн зөвлөхөөр ахмад туршлагатай уран бүтээлчид ажиллаж буй нь сонирхол татлаа?

-Уран бүтээл гэлтгүй бүх зүйл ахмадуудын алтан сайхан зөвлөгөө зайлшгүй хэрэгтэй. Ямар нэгэн зүйл сууриас л бүтдэг. Ромео Жульетта бүжгэн жүжгийн зөвлөхөөр зохиолч, яруу найрагч Д.Урианхай, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяандагва, Ардын жүжигчин, УГЗ П.Хаянхярваа, МУГЖ Т.Туул зэрэг томоохон зүтгэлтнүүд ажиллаж байна.

-Ромео Жульетта бүжгэн жүжгийн гол дүрүүдэд тоглох уран бүтээлчдийг хэрхэн сонгосон бэ ?

-Зохиол маань өөрөө маш залуу дүрийг шаарддаг. Жульетта 13 бараг 14 настай гэгээн охин, аа харин сүүлийн үеийн судалгаагаар Ромеог дунджаар 25 настай хэмээн үзэж байгаа. Ромео бол хайр сэтгэлийн хувьд багаггүй туршлагатай . Жульетта бол тун балчир охин. Дүрийн хувьд өнөө үед сонгодог урлагийн тайзнаа гялалзаж яваа хоёр залуу уран бүтээлчийг сонгосон. Ромеогийн дүрд А. Эрдэнэболд, Жульеттад МУГЖ О.Анужин нар тоглоно.

-Ромео Жульетта бүжгэн жүжгийг хүрэлцэн ирж үзсэн үзэгчид өөр өөрсдийн гэсэн нандин дурсамжтай үлдэх байх. Ээж маань л гэхэд 1986 онд Украйны Львов театрт Ромео Жульетта бүжгэн жүжгийг үзэж байснаа дурсах дуртай . Залуу насны хамгийн сайхан дурьтгалуудын нэг нь байх. Яг үүн шиг үзэгчид юу мэдрээсэй гэж та хүсэж байна.

-Балет үзэгчдийг яаж ч хуурч чаддаггүй. Худал хөдөлгөөн дүр үзүүлэлт хийж чаддаггүй.Зөвхөн сэтгэлээс л урган гарч түүнийгээ мэдрэмжээр хөглөж биеэр илэрхийлдэг. Ер нь бол балет гэж зүйл байхгүй. Үүн дотор тодорхой хэмжээний жүжиг, драм , комик гээд бүгд багтаж байдаг. Үзэгчид ирээд бүжгийг олж харахгүй гэдгийг л мэдэж байна. Мөн нэмж хэлэхэд гэгээрэлд хүрэхэд 10 зам бий гэж бурханы сургаальд бий. Тэрний нэг зам нь бүжиг гэсэн байдаг. Дуу дуулаад жүжиглээд уншаад гээгүй байгаа биз бүжиглээд шүү дээ. Ингээд харахаар бүжиг бол дан хөдөлгөөн бус . Энэ гайхамшигт утга манай язгуур урлаг дотор ч байдаг. Юу вэ гэхээр “Бийгээ биелэнэ” гэж хэлдэг. Дотоод чанартаа сэтгэл оюунаараа бүжнэ гэсэн үг. Дотоод чанараа займчин хөдлөх үүнийг бүжиг хэлээд байгаа юм. Тэгэхээр үзэгчид бүжиг үзэх бус дотоод сэтгэлийн нарийн нандин бүхнээ мэдэрч нэг өдрийг хайраар бялхаж цалгиж өнгөрүүлнэ хэмээн харж байна. Зүрхний гүндэх энэ илч дулааныг мэдэрснээрээ эргэн тойрондоо бүх хүмүүсийг аз жаргал хайр ивээлд автуулна хэмээн итгэж байна.

-Нээрээ л бодох төдийд сэтгэл догдолж хаврын энэ зөөлөн салхи урин гэгээн бүхнийг дуудах шиг… агуу хайрыг мэдрүүлэх энэ хоёрхон өдөрт олон олон зүрхэнд гэрэл гэгээ хайр энэрэл асах дүрэлзэх нь дамжиггүй. Таньд болон Их эзэн хааны театрын уран бүтээлчдэд амжилт хүсье!

-Баярлалаа ! Ганц л хувиршгүй зүйл бий тэр бол хайр юм шүү.

Бямбацогтын АНУРА
Эх сурвалж: www.medium.com

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж